Тахлаас айж, тангаргаасаа буцсан эмч нар чинь хүний аминд “хүрчихсэн” юм биш үү, С.Энхболд сайд аа

tarwagaХовд аймагт тахал, тангараг хоёр нийлээд хүний амь “егүүтгэчихсэн” аймшигт хэрэг гараад гурав хоног өнгөрлөө.  Дөнгөж 29-хөн настай, гурван хүүхдийн аав, аав, ээж, ах, эгчийнхээ өмөг түшиг нь байсан залуу эмнэлгийн байранд, тусгаарлалтын өрөөнд өвчиндөө шаналж, халуун буулгах эм, тариа гуйсаар хорвоогоос одчихлоо. Түүнд ганцхан ширхэг тайвшруулах, өвчин намдаах тариа хийгээд өгөх сэтгэлтэй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан байсан бол өнөөдөр тэр амьд байх байлаа. Тусгаарлалтын өрөөний хаалгыг байдаг тэнхээгээрээ балбаж, “Надад ганцхан ширхэг тариа тариад өгөөч. Би үхлээ шүү дээ. Миний амийг авраач” гэж талийгаач залуу тамираа тасартал гурван цаг хашхирч, амь гуйхад тусгаарлалтын бүс рүү орох тангараг өргөсөн эмч, сувилагч олдоогүй гэдгийг ар гэрийнхэн нь ярьж буй. Эцэс сүүлд нь “Эгч ээ, та хүнийг хайрладаггүй, хайхардаггүй, сэтгэлгүй Ховдын эмч нарыг шүүхэд өгөөрэй” гэх гомдол, цөхрөлийн үгс хэлж, саарал уяа сарвайгаад, айлгаж аваад, эмнэлгийн төмөр орны толгойгоос хоолойгоо боомилж, нартаас буцсан харамсалтай хэрэг гарлаа.

ТЭР ӨДӨР ЮУ БОЛСОН БЭ

          Талийгаач аавтайгаа тарвага агнаж, хоёр өдрийн өмнө чанаж идсэн байна. Идсэн шөнөдөө өндөр халуурч, тохойн дээр нь бөндгөр юм гарч, бөөлжиж, биеийн байдал нь эрс муудсан тул Ховд аймгийн төв рүү замын унаанд суугаад ирсэн. Гэртээ ирсэн даруйдаа дүү, эгчээрээ түргэн дуудуулж, үзүүлсэн. Түргэний эмчид “Тарвага идсэн, тахал байж магадгүй” гэж талийгаач залуу сануулж хэлсээр байхад эмч “Бага зэргийн хордлого байна. Өрхийн эмнэлэгтээ очиж, шингэн залгуулаарай” гэж хэлээд арга хэмжээ авалгүй яваад өгсөн байдаг. Ядарч, сульдсан хүүгээ өндөр настай ээж нь түшиж, тулсаар Өрхийн эмнэлэгт очиж, хоёр шингэн залгуулсан. Гурван цаг орчим олон хүний дунд суугаад шингэн залгуулж, эм бичүүлж авсан тэд бага зэрэг тайвшраад гэртээ харьсан. Тэр шөнөдөө өндөр халуурч, бие нь улам муудсан тул өглөө нь эгчтэйгээ цуг Ховд аймгийн Баруун бүсийн оношилгооны төвд үзүүлэхээр очсон. Ээлжинд гарч байсан жижүүр сувилагч анхан шатны үзлэг хийж, өвчтөний түүх хөтлөөд эмчдээ шилжүүлсэн. Эмч цээжийг нь чагнаж, амин үзүүлэлтийг нь үзээд “Яаралтай үзүүлэх шаардлагагүй, биеийн байдал давгүй байна. Тохойн дээр гарсан бөндгөр юмнаасаа болсон байж магадгүй, мэс заслын эмчид үзүүл” гэж хэлсэн байгаа юм. Мэс заслын эмч нь “Нээлт хийж үзнэ. Хоол идчихээд ирье” гээд явсан гэх. Энэ хооронд залуугийн бие муудаж, хэдэн ч удаа ариун цэврийн өрөө орж, сандлаас унаж, эгчийгээ түшиж суусан юм, бүү мэд. Эгч нь “Дүү минь сууж чадахгүй, сандлаасаа унаж, дээш, доошоо гүйлгэж, бөөлжөөд байсан” гэв. 11:00 цагийн орчимд мэс заслын эмч ирээд, нээлт хийх бэлтгэл хийж байхдаа талийгаачаас “Тарвага идсэн юм биш биз дээ” гэж асуухад эгч нь “Өчигдөр хөдөөнөөс ирсэн. Тарвага идсэн” гэж хэлэхтэй зэрэгцээд тэр өрөөнд байсан эмч, сувилагчид пүү, паа болж, залууг өрөөнөөс гаргаж, тусгаарлалтын өрөөнд оруулаад, түгжсэн гэх. Үүнээс хойш тусгаарлалтын өрөө үү Ховд аймгийн Зооноз өвчин судлалын төвийн багийнхан орж шинжилгээ авсан. Бусдаар өөр ямар ч эмч, сувилагч нэвтэрч, талийгаачид анхан шатны тусламж үзүүлээгүй. Талийгаач залуу эгчтэйгээ өрөөний цонхоор харилцаж, амь гуйж, тариа хийлгэх эмч, сувилагч олж өгөхийг удаа дараа гуйсан гэнэ.

         Эгч нь “Тусгаарлалтын өрөө рүү орж тусламж үзүүлэх эмч, сувилагч олдохгүй хугацаа алдсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгийнхэн халдвар авчих вий гэж айсандаа, эсвэл тусгаарлагдахаас залхуурсандаа тусгаарлалтын бүс рүү ороогүй. Эцэс сүүлд нь, ээлжийн амралтаа авсан байсан таньдаг эмчээ гуйж тусгаарлалтын өрөө рүү оруулахаар болсон. Эмчийг өрөөнд орохоос хоёрхон минутын өмнө дүүгийн минь байгаа өрөөнөөс чанга дуу гарсан. Тэгээд эмчийг ороход орныхоо урд суугаараа өөд болчихсон байсан” гэсэн билээ. Товчхондоо, тэр өдөр ийм л юм болсон юм байна лээ.

ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ: ХАРИУЛТ ХЭЛМЭЭРГҮЙ БАЙНА

          Тэгвэл өмнөх өдөр нь очсон түргэний эмч тарвага идсэн гэдгийг нь мэдсээр байж  яагаад тусгаарлаж, тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж оношилж, шаардлагатай арга хэмжээг аваагүй вэ. Эмч, эмнэлгийн ажилтнуудын авсан ганцхан арга хэмжээг нь талийгаач залууг өрөөнд цоожлох байсан уу. Талийгаач залууд ямар эмчилгээ хийж, ямар тусламж үзүүлсэн бэ. Үнэхээр тусгаарлалтын өрөө рүү орох эмч, сувилагч олдоогүй юу. Сэжигтэй тохиолдол болж, сэтгэл зүйн хямралд орсон залууд сэтгэл зүйн ямар эмчилгээ хийсэн бэ. Тахлын бүс нутагт оршин байгаа Ховд аймгийн эмнэлэг бэлэн байдалд байсан уу гээд олон асуулт хариулт нэхэж байгаа юм. Энэ талаар бид дараах хүмүүстэй холбогдож, хариулт хайлаа.

         Эхнээс нь эхэлье. Дуудлагаар очсон түргэний эмч яагаад шаардлагатай арга хэмжээ яагаад аваагүй вэ гэдгийг бид Ховд аймгийн Баруун бүсийн оношилгооны төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгчээс тодруулахаар холбогдов.

-Сайн байна уу. Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч мөн үү?

-Яасан юм бол, ямар хэргээр залгаж байгаагаа хэл.

-Тусгаарлалтын өрөөнд нас барсан залуугийн хэргийн талаар холбогдож байна. Танай тасгийн эмч нар ямар эмчилгээ хийж, арга хэмжээ авсан талаар тодруулах гээд? 

-Би хариулт хэлмээргүй байна.

ХОВД АЙМГИЙН ЭМНЭЛГИЙН ДАРГА П.ГЭРЭЛСҮРЭН: ХУУЛЬ, ШҮҮХ НЬ ТОГТООГООГҮЙ БАЙНА

       Тэгвэл залууг нас бардаг өдөр ямар эмчилгээ хийсэн. Шаардлагатай арга хэмжээ авсан уу гэдгийг Бүсийн оношилгооны төвийн дарга П.Гэрэлсүрэнгээс тодрууллаа.

-Талийгаач залууд ямар эмчилгээ хийсэн бэ. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү? 

-Би завгүй байна. Халдвар судлалын эмч н.Одхүүтэй холбогд. Тэр хүн бүгдийг нь мэдэж байгаа.

-Тусгаарлалтын өрөө рүү орох эмч, сувилагч олдоогүйгээс болж өвчтөн амиа хорлох нөхцөл байдал үүсчихсэн юм биш үү. Эмч, сувилагч нар хариуцлага алдсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна.  

-Та хэд яаж мэдэж байгаа юм. Хууль, шүүх нь тогтоогоогүй байна.

ХАЛДВАР СУДЛААЧ ЭМЧ н.ОДХҮҮ: БИД ЧИГ ҮҮРГИЙНХЭЭ ДАГУУ ТУСГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХИЙСЭН

           Эмнэлгийн даргын хэлсэн Халдвар судлаач эмч н.Одхүүтэй холбогдлоо. Тэрбээр “Эмчилгээтэй холбоотой асуудлыг Чанарын албаныхан мэдэж байгаа. Талийгаач залуу 103 дээр ирсэн. 103 тасгийн хоёр эмч үзээд, бидэнд мэдээлэл өгсөн. Халдвар судлалын албаныхан тушаалын дагуу хөл хөдөлгөөнийг хорьж, тусгаарлах, ариутгах арга хэмжээг авсан. Мөн бид Зооноз өвчин судлалын төв рүү дуудлага өгсөн. Шинжилгээний багийнхан ирж шинжилгээ аваад, явсны дараа эмнэлгийн багийнхан өрөө рүү ороход ийм харамсалтай хэрэг болсон байна лээ. Манай алба чиг үүргийн дагуу халдвар хамгаалалт хийж, эмнэлгийн ажилтныг тусгаарлаж, ариутгал хийж, тархвар судлалыг цаг алдалгүй хийсэн” гэлээ.

ЗӨСҮТ-ИЙН ДАРГА Н.ЦОГБАДРАХ: ХАМГИЙН БОГИНО ХУГАЦААНД ХОРЬЖ, ХАЛДВАР ТАРААГААГҮЙ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ ГАВЬЯА

            Зооноз өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах энэ талаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Тодруулбал, тэрбээр “Эмчилгээ эхэлсэн байхад өвчтөн амиа хорлосон” гэж хэлсэн билээ. Бид түүнтэй холбогдож, дахин нягталж асуулаа. Тэрбээр “Өвчтөнд үзүүлэх бүх эмчилгээг эхэлсэн байсан. Өвчтний түүхийн мэдээлэл нь байгаа шүү дээ. Яг ямар эмчилгээ хийснийг нь Улаанбаатар хотод байгаа би мэдэхгүй. Халдварыг тархаахгүй байх бүх арга хэмжээг авч, хамгийн богино хугацаанд шийдвэр гаргаж, сэжигтнийг тусгаарлаж, олон нийтэд халдвар тараагаагүй байгууллагуудын эсрэг хэвлэл мэдээллийн байгууллага ажиллабал сонин шүү. Нэмж нэг ч хүнд халдвар тараагаагүй нь эрүүл мэндийн салбарынхан, Зооноз өвчин судлалынханы гавьяа шүү” гээд утсаа таслав.

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН ТАЛИЙГААЧИД ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ЭСЭХИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА

       Бид учирч болзошгүй халдварт өвчний үед аймгийн Онцгой комисс хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авах чиг үүрэгтэй, тарваган тахлын сэжигтэй тохиолдолд ямар арга хариу авах ёстой талаар Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Э.Болормаатай холбогдож тодрууллаа.

        Тэрбээр “Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Маш харамсалтай хэрэг гарлаа. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, харамсаж байгаагаа хэлмээр байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шинжилгээний түргэвчилсэн тест эерэг гарсныг мэдэгдэхээр тусгаарлах өрөө рүү ороход иргэн амиа алдсан байсан гэдгийг холбогдох хүмүүс надад хэлсэн. Бид мэдээлэл авсан даруйдаа зохион байгуулалтад орж, шаардлагатай мэдээллийг аваад явсан. Талийгаачийн шинжилгээний хариу есдүгээр сарын 18-нд баталгаажиж, тарваган тахал мөн болох нь тогтоогдсон. Талийгаач С есдүгээр сарын 12-нд аавтайгаа тарвага агнаж, эмнэлгийн байгууллагад 17-нд хандсан гэж холбогдох албаныхан бидэнд мэдээлэл өгсөн. Эмнэлгийн байгууллагынхан “Талийгаач С тав хоногийн хугацаанд тарвага идсэн гэдгээ нуусан. Эгч нь хэлж байж сэжигтэй тохиолдол гэдгийг мэдэж, тусгаарлаж, шинжилгээ авсан” гэж хэлсэн. Хэрэв талийгаач анхны шинж тэмдэг илэрсэн даруйдаа эмнэлэгт хандаж, тусламж авсан бол бүрэн эдгэрэх боломж байсан байх. Ийм учраас иргэд тарвага агнасан, идсэн бол нууж хаалгүйгээр шууд хэлэх хэрэгтэй. Нэгдүгээр хавьтлын хүмүүсийг тусгаарлаж, шаардлагатай арга хэмжээ авсан. Эмнэлгийн зүгээс ямар шат дараатайгаар үйлчилгээ үзүүлсэн талаар илтгэх хуудсаар дамжуулан мэдээлэл өгсөн. Эрүүл мэндийн ажилтан үйлчилгээгээ хангалттай өгөөгүйгээс үүдэж хүний амь эрсдэх нөхцөл үүссэн эсэхийг цагдаагийн байгууллага тогтооно. Хэрэв үнэхээр ийм зүйл болсон бол хариуцлага тооцох ёстой. Хууль хяналтын байгууллагын шалгалт, тогтоолын дараа би шаардлагатай бол эрх үүргийнхээ хүрээнд зохих хүмүүст нь захиргааны арга хэмжээ авна. Хуулийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. Тухайн өдөр жижүүрт гарч байсан эмч, эмнэлгийн ажилтнууд тусгаарлалтад байгаа. Хэрэв эхний өдөр очсон түргэний эмч тарвага идсэн гэдгийг нь мэдсээр байж орхиж явсан бол үнэхээр том асуудал үүснэ. Гэхдээ одоогийн байдлаар надад өгсөн мэдээллээр “Эмч талийгаачаас хоёр удаа асуухад тарвага идээгүй” гэж хэлсэн гэсэн. Үүнийг тогтоож, шалгах чиглэл өгсөн байгаа. Ховд аймаг тарваган тахлын эрсдэлтэй бүсэд байдаг учраас бэлэн байдалд байгаа. Журмын дагуу нэгдүгээр хавьтал болсон иргэдийг гэрт нь тусгаарлаж, эмчийн хяналтад байлгаж байгаа” гэлээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ТА ӨВЧТНӨӨСӨӨ СЭЖИГЛЭСЭН ЭМЧ, СУВИЛАГЧДАДАА ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ

           Тусгаарлаж, шинжилгээ авсан Ховд аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтэн, шинжилгээний багийнхныг бид буруутгаагүй гэдгийг энд дахин хэлье. Харин талийгаач залууд ямар эмчилгээ хийсэн бэ гэдгийг үнэн бодитоор гаргаж ирэхийн тулд холбогдох албаны хүмүүсээс тодруулга авч, бодит мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа хэрэг. Харамсалтай нь, талийгаач залууд ямар эмчилгээ хийсэн гэдэгт хариулт өгөх эмч, эмнэлгийн дарга алга. Ямар эмчилгээ хийснийг мэдэх нэг ч хүн байхгүй бололтой. Гагцхүү өвчтний түүхэн дээр бичигдсэн “Иргэн С 29 настай, эрэгтэй, бөөлжиж, суулгах зовуурьтай, биеийн халуун 37.2, даралт, зүрхний хэм …” гэж бичсэнийг эмчилгээ эхэлсэн гэж хэлээд байгаа бололтой.

              Баруун бүсийн аймгуудад хэзээ л бол хэзээ тарваган тахлын халдвар бүртгэгддэг, мал, амьтны гоц халдварт өвчний эрсдэл өндөр бүс нутаг. Үүний хамгийн ойрын жишээ бол талийгаачийг нас барахаас ердөө хэдхэн хоногийн өмнө Ховд аймгийн Цэцэг сумын харьяат нэгэн иргэн тарваган тахлын халдвар авч, эмчлүүлж байлаа. Гэтэл Ховд аймгийн эмнэлгийнхэн бэлэн байдалд бэлэн байгаагүй, тусгаарлалтын өрөөнд ямар эмч орж ажиллах, эмчилгээ эхлэх нь тодорхойгүй байна гэдэг мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагын хувьд дэндүү хариуцлагагүй, хэнэггүй явдал яах аргагүй мөн. Бэлэн биш байсныг нь илтгэх хамгийн тод илрэл нь тусгаарлах өрөө рүү орох эмч, сувилагч олдохгүй байсан нь билээ. Үүгээр ч зогсохгүй ковидын “ач”-аар тусгаарлалт, эмчилгээ эрчимжиж, байнгын бэлэн байдалд шилжиж, болзошгүй аюулт өвчний үед авах арга хэмжээг цаг алдалгүй авах дадалд улсаараа, эрүүл мэндийн салбараараа илүүтэй суралцсан энэ үед тус эмнэлгийнхэн дэндүү хариуцлагагүй, сэтгэлгүй байсан болж таарлаа.

         Тангарагаа умартан халуурч, өвдөж, халдварт өвчний улмаас сэтгэл санааны хямралд орсон өвчтөндөө хайхрамжгүй хандаж, магад түүнээс сэжиглэн “зугтсан”, тусламж үзүүлээгүй эмч, эмнэлгийн ажилтнуудадаа ямар хариуцлага тооцох вэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд оо. Талийгаач бага байхдаа хөлдөж, 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан. Группд байдаг хэрнээ олдох, олдож байгаа ажлыг төвөггүйхэн хийж, ар гэрээ тэжээдэг байсан. Эмч нар группд байдаг, хөл, гарынх нь хуруу байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгийг нь мэдэж байсан. Магадгүй тэр залуу хэн нэг даргын хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй биш байсан бол эмнэлгийн ажилтнууд ингэж хандах байсан болов уу гэх харуусал, цөхөрлийн үгийг ар гэрийнхэн нь хоорондоо шидэлцэж сууна…

https://ergelt.mn/news/59/single/25341


URL: