МАН ялалтаа хуваах сургаар АН “Алаагүй баавгайн арьс хувааж” эхэлжээ

1-4_20221003093322Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах үеэр АН-д гурван яам өгөх тухай яриа дэгдэж байгаад намдсан. Энэ нь мэдээж олон талын эсэргүүцэлтэй тулгарсан. Өдгөө ч тулгарсаар байна. “Аугаа их” ялалтаа дайсантайгаа хуваалцахыг хэн хүсэх билээ. Тийм ч ёс алга. Улс төрийн тохиролцоо бол тохиролцоо.  Гэхдээ нүүдэл гэж нэг зүйл байгааг санах хэрэгтэй.

Ямартай ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл түмэн олноо “Ул айл” хэмээн доромжилсон хэргээр тамгаа өгсөн цагаас хойш энэ засагт хөдөлгөөн орох төлөвтэй. Өнөөдөр УИХ-ын чуулган нээлтээ хийж, олон асуудлын зангилаа тайлагдана. АН-ынхан ч сайдын сургаар дундаа нүдэлдэж, парламентын гаднаас засагт орвол бараг л “ална шүү” гэж байгаа бололтой. Одоогийн байдлаар АН-аас Шадар сайдад Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайдад С.Одонтуяа, Боомтын сэргэлт хариуцсан сайдаар Б.Пүрэвдорж, Барилга хот байгуулалтын сайдаар Н.Ганибал нарын нэрийг оруулж ирээд байгааг дуулгав. Ингэхдээ Шадар сайд С.Амарсайханыг хэвээр үлдээж, Тэргүүн Шадар сайд гэдэг алба гаргаж ирсэн бололтой. Шинэ зүйл ч биш. Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед гаргаж ирсэн нэр томъёо бөгөөд С.Баярын байгуулсан стандарт бус Засгийн газрын үед Н.Алтанхуяг энэ албыг хашиж байв.

Уг нь МАН-аас бодлогын дагуу “дан дээл”-тэй Ч.Номин сайдыг зайлуулах замаар АН-д Соёлын сайдын суудал амлаж, Барилга хот байгуулалтын яамаа авч үлдэх гэсэн ч тэд голсон байна. Одоогийн байдлаар АН-ын хуруу дарам цөөн гишүүн сайдын төлөө зодолдож “Алаагүй баавгайн арьсыг хувааж” байгаа аж. Ташрамд дуулгахад УИХ-ын гишүүн Д.Ганбат “Би УИХ-д хоёр удаа сонгогдож, Бүлгийн дарга, Байнгын хорооны даргаар ажилласан хүн учраас сайд болно” хэмээн самуун дэгдээж байгаа бололтой.

УИХ-д бүлэг ч үгүй болсон АН-д 62 олонхын бүлэг чухам яагаад найр тавьж байгаа талаар хэн ч гайхах байх. АН-аас парламентад сууж байгаа нөхдөд сайдын тамга атгачих хэмжээний хүн тун ховор. О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан нарын хувьд шинэхэн гишүүд учраас сайд бүү хэл өдгөө эрхэлж байгаа ажлаа ч ойлгоогүй яваа гэх. Ингээд харахаар УИХ-д хоёр удаа сонгогдож, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа шинэковуудаас шилэхэд арай тулхтай нь Ж.Батсуурь гэх хоёр дүрээс өөр сонголт алга. УИХ дахь бүлгээ удирдаж чадаагүй зөвлөл болгочихсон УИХ-ын гишүүн Д.Ганбатад яам өгөлтэй биш. Оргож босож яваад ирсэн Н.Алтанхуяг, нөмөр хайж ирсэн С.Ганбаатар нарт яам өгөлтэй биш. Тэгэхээр дээр дурдсан нөхдөөс өөр сонголт ч алга. Чухам эрх баригчид яагаад ийм хэмжээний хэдэн нөхөрт найр тавиад байгааг дуулгах хэрэгтэй.

МАН-аас “Шинэ сэргэлтийн бодлого” танилцуулаад нэгэн жилийн нүүр үзэж байгаа ч өдгөө ямар нэгэн ажил өрнөөгүй, цаасан дээр байна. Асар их хөрөнгө шаардагдах энэ төслүүдийг хөдөлгөхөд бүлгийн хэмжээнд хүрэхгүй ч парламентын дэмжлэг 100 хувь хэрэгтэй болно. Үүний зэрэгцээ ямар нэгэн хэл ам гарахгүй байх шаардлага бий. Энэ үүднээс цөөн гэлтгүй АН-д найр тавих нь эрх баригчдад ашигтай байсан болов уу. Хэрвээ тэднийг засагт оруулж, амыг нь үдэхгүй бол парламентад сууж байгаа цөөн ч гэсэн АН-ын гишүүдийн эсэргүүцэл юу юунаас аюултай. Тэдний ард олон мянган дэмжигч байгаа шүү дээ. Энэ утгаараа найр тавьсан байх. Товчхондоо “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдан гарах зарим ноцтой байж болох шийдвэрийг олон нийтэд гаргахгүй л гэсэн санаа явж байна. Нөгөө нэг зүйл гэвэл тэднийг засагт оруулснаар АН-д дэгдээд удаж буй түймэр улам дэгдэнэ. Эхнээсээ оч үсэрчихсэн явна. Тиймээс энэ түймэр улам дэгдсээр айсуй 2024 оныг үзэж таарна. АН-ын түймэр дэгдэж, гал хэдэн хэсэгт тасарч л байвал МАН-д ашигтай учраас улс төрийн нүүдэл хийж байхыг үгүйсгэхгүй. Энэ утгаараа эрх баригчдыг маш сайн нүүдэл хийж байгаа хэмээн зарим талаасаа тайлбарлаж байгаа ч нөгөө талаас гишүүд дэмжигчдийнхээ итгэл үнэмшил дээр дэвсэлсэн хэрэг болж байна гэх нь ч бий.

Нэг том зүйл бий. Өнгөрөгч 2016 оноос хойш парламентад 60 гаруй суудал хоёр удаа авч үнэмлэхүй ялалт байгуулсан нь өнөөдөр парламент, Засгийн газарт ажиллаж, цээжээ дэлдээд байгаа нөхдийн гавьяа огт биш. МАН-д итгэл үнэмшлээ өгсөн олон мянган гишүүн дэмжигчийн уухай. Тэр тусмаа нам, төрийн бага дунд шатанд ажиллаж байсан нөхдийн гавьяа. Тэдний хувьд албан тушаал дэвших, албагүй нэг нь агентлаг, газар, яамны хэлтсийн дарга ч болтугай хашиж үзэх сонирхолтой байгаа. Магадгүй 2016, 2020 оны сонгуулиас хойш үүнийг мөрөөдөж, дарга сайд нарынхаа үүдийг сахиж яваа нь ойлгомжтой. Гэтэл итгэл үнэмшил дээр суурилсан мөрөөдлийг нь дэвсэлж, АН-д гурван яам, Шадар сайдын суудлаа өгнө гэдэг хэрхэвч болохгүй зүйл. Тэдний зүтгэлийг дайсантай нь нэгэн хөнжилд орсноор үгүй болгож байгаа нь хэтдээ сайн дохио биш. АН-ыг засагт оруулж, нэр дурдагдсан дөрвөн сайд оруулж ирлээ гээд нөхцөл байдал дээрдэхгүй. Магадгүй, болохгүй зүйлээ дээд түвшинд нууцалсаар улам дордоно биз.

Эх сурвалжийн хэлж байгаагаар бол АН талаасаа Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Х.Баттулга гээд акулууд үүнд дургүйцэж байгаа аж. Тэдний санаа бол АН-ыг бүр задлах сарниах л хүсэл бий учраас эрх баригчдын гарт орлоо гэх мэт мэдээллийг аль эрт цацуулаад эхэлчихсэн. Гэвч тэдний нөлөө гэж юу байх юм. Цаадуул нь эрх биш Төрийн эрх барих дээд байгууллагад АН хэмээх намын нэр дээрээс ажиллаж байгаа хүмүүс байна даа. Тэдний үгэнд орно гэж байхгүй. Түүнчлэн МАН-ын халаасны хүн гэх тамгатай дарга С.Эрдэнэ парламентын хэдтэйгээ тун сайн ойлголцож байгаа зэргээс бүх зүйл ил байна. Тэгвэл МАН талаасаа маш олон хүн эсэргүүцэж, Засгийн газрын хэмжээнд л дөнгөж амыг нь барьж чадаж байна. Үүнээс харахад МАН дотор энэ галыг намдаах кампанит ажил өрнөж таарна. АН Засгийн газрын хаяа хатавч бараадаж байгаа нь зөвхөн МАН-ын дарга, Удирдах зөвлөлийн хэдэн нөхдийн асуудал биш бололтой. Учир нь, Шадар сайдад бүрэн дүүрэн нийцэж буй УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаярт Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн даргын тамгаа найрсангуй өгсөн. Аймгийн нутгийн зөвлөлийн даргын тамгыг Улаанбаатарт хурган даргын алба хашиж байсан нэг даржин нөхөр зүгээр ч нэг очоод авчихдаг зүйл биш. Тэр тусмаа Сүхбаатар аймагт огт амьдарч, ажиллаагүй нөхөрт шүү. Үүний цаана асар том хүчин зүйл байна. Том зургаар нь харвал АН-д дөрвөн сайд өгөх ажиллагаа нь нэгдүгээр хүний том оролцоотой явж байгаа гэдгийг бас харж болно. Ямартай ч МАН ялалтаа хуваах сургаар АН-ынхан “Алаагүй баавгайн арьсыг хувааж” эхэлжээ. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нээлтийн уур амьсгал ямар нэг чиг баримжаа гаргаж өгөх нь дамжиггүй.

Эх сурвалж: Өглөөний сонин


URL: