Түгжрэл бууруулах бодлогын түгжрэл

tugjreliintugjrelДөрвөн уулынхаа дунд хүн чулууны хонхорт аз жаргалтай сайхан амьдарч байна гэж магтан дуулсаар энэ цаг дор ирлээ. За тиймээ. Сайхан амьдарч  нийслэлээ хөгжүүлж 1,6 сая хүн амтай болтлоо өссөн, өргөжсөн. Улаанбаатар хотыг одоо метрополист хот гэж нэрийддэг. Гэвч энэ хөгжлийг дагасан сайхан амьдрал, сайн үйлийн зэрэгцээ саар зүйлүүд бий болоод байгаа юм. Түүний нэг нь хотын утаа. Хэдэн жил утааг яах вэ гэж ярьсан, бичсэн. Өнөөдөр тэр утааг бүрэн арилгаж амжаагүй ч харагдах байдлыг нь өөрчилж чадсан. Үүнийгээ амжилт гэж бодоод байгаа.

Гэтэл залгаад нийслэлийн авто замын түгжрэл гэж гамшиг нүүрлээд арваад жилийг элээв. Гамшиг гэхийн учир нь энэ түгжрэлээс болоод улс орны хөгжил, эдийн засагт асар их хохирол учирч байгаа юм. Цөөн жишээ хэлэхэд хотын аль нэг захад түймэр гарлаа гэхэд галынхан 10 гаруйхан минутад очих ёстой байтал түгжрэлээс болоод хэдэн цагийн дараа хүрнэ. Гал хамгийг залгиад дууссан байхад гэсэн үг.
Мөн нэг хүн харвалт өгөөд түргэн дуудъя гэе. Бас л саатаж саатаж очоод зөндөө саатаж ирнэ. Тэгсээр явтал хүний алтан амь хохирно. Хамгийн түгээмэл жишээ үйлдвэрийн ажилчин ажлын байрандаа есөн цагт бэлэн байх байтал түгжирч явсаар хэдэн цаг алддаг. Тэр ажилчин энэ хугацаанд юу хийдэг вэ. Түүнийгээ алдах төдийгүй улмаар үйлдвэрийнх нь өдрийн хөдөлмөрийн бүтээмж хорогдож байна. Энэ бүхнийг тооцоолсон судалгаанаас харахад өнгөрсөн онд түгжрэлээс алдсан боломж 3,8 их наяд төгрөгт хүрчээ.  Мөн нийслэлийн нэг иргэн түгжрэлд жилдээ 136 цагийг өнгөрүүлж байна гэдэг нь түгжрэлийн тод хор хөнөөл юм.
Гамшиг гэх нь онож буй биз. Тэгэхлээр түгжрэлийг хэрхэн бууруулах вэ гэж ядсаар тун удлаа. Цаашид ч удах янзтай. Тиймээс үзэг цаас шүүрэхээс аргагүйд хүрлээ. Урьд нь утааг арилгая гэж үзэгнийхээ бэхийг дуустал бичсэнсэн. Автозамын түгжрэл бууруулахын төлөөх ажил ахиц гэхээс алдаатай тал нь их. Үе үеийн хотын дарга нар асуудлыг яаж шийдэх вэ гэхээр зөвхөн механик талаас нь харж ирсэн.
Метро барина, дүүжин тээвэр бий болгоно, хөнгөн галт тэрэг явуулах юм болсон. Бас юу гэсэн бэ. Хотын төвд байхгүй гол мөрөн бий болгож усан тээвэртэй болгох тухай үлгэр  шиг юм ярьсан удаа бий. Тэр бүхэнд тэрбум, тэрбумаар нь мөнгө хөрөнгө зарж байсан. Утаанд гэхэд жилийн жилд олон зуун саяыг цацаж байсан шүү дээ. Үр дүн нь муу байсан. Яагаад гэхээр утаагаар далимдуулан завшигчид л хөлжсөн шиг байгаа юм. Тэгвэл одоо түгжрэлийг бууруулах ажил яг л тэр механизмаар яваад байх шиг. Төлөвлөгдсөн 420 тэрбумын төсвөөр 12 төрлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэх. Түүнийхээ тал шахуу хувийг оны эхэнд найман сард зарцуулчихсан хэр нь байдал яг хэвээр байгаа шүү дээ. Харин түгжрэлийг бууруулна гэж ярих хүн олон болсон. Түүний нэг нь сар гаруйн өмнө Нийслэлийг хариуцсан сайдаар томилогдсон Ж.Сүхбаатар. Телевизийн суваг нээх болгонд л энэ хүн ярьж байдаг болсон. Яриаг нь анхаарангуй сонсоход авах юмаар маруухан нэг л юм давтан ярьсаар.  Нэг л өргөн хүрээтэй попордох юм.
Дөрвөн уулын дундаас хальсан дэлхийн юм л хамж хэлэхийм билээ. Түгжрэл хариуцсан сайд томилогдлоо гэхэд манай нэг өвгөн сэтгүүлч хашир ярихдаа:
-Хот хариуцсан сайдтай боллоо л гэх юм. Нэг нөхөр сайд гэсэн сэтэр зүүгээд аж ахуйн ажил хийх юм байх. Үгүй л болов уу. Нэг баахан л попордоно биз гэж байсан нь яг үнэн байна л даа. Залхтал ярьдаг хүн энэ болж. Тэгэхдээ бас “би сайдын хувьд…” гэж өгүүлбэр бүртээ шахам хэлэх юм билээ. Ер нь би дарга, сайд гэж хэт бодсон хүний ажил урагшладаггүй л байхгүй юу.
Сайдтай боллоо гэхэд ахиц гарсан юм одоогоор алга. Яагаад гэсэн асуултад тэр хариулахдаа –Түгжрэлийг бууруулна гэдэг бол өнөө маргааш үр дүн нь харагдах ажил биш. Миний толгойлсон алба ажиллаж л байна. Бидэнд ойрын шийдэл алга. Харин түгжрэлийг бууруулах хуультай болохыг зорьж байгаа. Энэ оны арваннэгдүгээр сард хуулийн төслөө УИХ-д өргөн барина гэв. Тэгжээ байтал нь шинэ он гарна. Сонгуулийн жил эхэлчихнэ. Ер нь тэгээд өнөөгийн сайд нарын томилолтын хугацаа ямар богино билээ. Тиймээс энэ нөхөр юу ч амжуулахгүйнээ гэсэн санаа төрөх юм.
Эрхэм сайдын сэдсэн зарим санаа олон түмнээс шүүмжлэл дагуулдаг. Саявтар даа. Автозамын түгжрэлд нөлөөлж байгаа нэг юм нь оршуулгын цуваа гэж мань хүн сошиалд бичсэн байсан. Түүнийг уншаад хотод түгжрэл үүсгэхгүй гээд хэн нэгэн үхэж болохгүй нээ дээ гэсэн хошиндуу юм бодогдож билээ. Ер нь тэгээд төр, засгийн зүгээс түгжрэлтэй холбогдсон бодлого нь машин техникийн тоог цөөрүүлье, өндөр татвар тавьчихвал яасан юм. Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлье гэхээс хэтрэхгүй л явж ирлээ. Түгжрэлийг бууруулна гэдэг ажил мэргэжлийн хүмүүсийн шийддэг асуудал болохоос хэн нэг албан тушаалтан хийчихдэг ажил огтоос биш гэдэг нь харагдаад байгаа юм. Улстөрчид шургалж, төр оролцсон ажлын өнгө төрх мууддагийг Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн цогцолборын өнөөгийн байдал харуулсан шүү дээ. Гэтэл үүнээс сургамж авдаггүй л юм байх даа. Заавал ч үгүй төр,  засаг хотын түгжрэлийг арилгах ёстой гээд байгаа юм бол төлөвлөснөө хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэнтэй хамтраасай гэсэн санааг олон хүн хэлж байналээ. Гэтэл түгжрэл хариуцсан сайдын санаа огт өөр байх юм. Төр, засаг түгжрэлийг бууруулах ажилд их ач холбогдол өгч байгаа. Тиймээс Ерөнхий сайд намайг томилсон гэж л мөн ч олон удаа ярив даа.
Саяхан нэг зурагтын ярилцлага дээр “Хотын түгжрэлийг бууруулах ажилд үр дүн гарсангүй гэе. Тэгвэл та хариуцлага хүлээх үү” гэсэн асуултад тэр. “Түгжрэлд оролцогч хүн бүхэн хариуцлага хүлээх учиртай” гэж булзааруулж өөрөө бол Ерөнхий сайдын өмнө л хариуцлага хүлээх маягийн хариулт хэлж байна лээ. Энэ нь албан тушаалтны хувьд нийгмийн өмнөх хариуцлагаа мартсан мэт санаа төрүүлсэн.
Нийтийн тээвэрт автозамын нэгдүгээр эгнээг зориулах шийд гараад удсан ч тэр биелэгддэггүй ажлын нэг. Уг нь бол тодорхой техникийн нөхцөл шаардсан инженерийн шийдлийн асуудал. Гэтэл үүнийг захиргааны аргаар хийх гэж  оролдоод бүтлийг олоогүй өдий хүрсэн. Үүнтэй зэрэгцээд хотын дарга нарын том том амлалтууд бий. Түүнийгээ бүгдийг орхисон юм уу гэтэл үгүй л бололтой.
Өнөөгийн Шадар сайд С.Амарсайханы хотын дарга байхдаа сэдсэн нэг ажил бол дүүжин тээвэр, тухайн үедээ ашиглалтын өмнөх захиргаа гэж хүртэл байгуулаад 7-8 хүн цалинжуулсан. Энэхүү дүүжин тээврийн үндсэн хоёр чиглэл төлөвлөж байснаасаа нэгийг нь ч хасч одоо нэг чиглэлд нь ТЭЗҮ-г боловсруулж байгаа юм дуулдана лээ. Албаныхны мэдээлснээр дүүжин тээврийг ирэх сараас эхлүүлж 2024 онд ашиглалтад өгнө гэж байх юм. Бас л хөрөнгө мөнгө тэнд урсаж байна гэсэн үг. Нөгөө гэвэл LRT төсөл гэх тулгуурын хөнгөн галт тэрэгтэй болгох санаа одоогоор хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй ч мөн л хэрэгжүүлэх ажлын нэг гэгдээд байна.
Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос Баянзүрх дүүргийн Сансрын тойрог хүртэл нийт 18.1 км замд хөнгөн тэрэг зорчино гэх юм. Энэ замын нэг километр шугамын өртөг 51 сая ам.доллар юм гэдэг. Үүнийг гадны зээл тусламжаар бүтээчихдэг юмаа гэхэд нөгөө л өр нэмэгдэнэ.
Ер нь тэгээд мэргэжлийн хүмүүсийн хэлэх нь тэр гүүрэн байгууламжийг дуу чимээ нэмэгдүүлэх эх үүсвэр гээд автомашин газар дээрх замаар явахад 50-60 децбалл дуу чимээ гаргадаг бол газраас хөндий байгууламжаар тэр хөнгөн галт тэрэг гээчийг явуулахад дуу чимээний хэмжээ 80-90 децбалл хүрдэг юм гэж байна лээ. Тиймээс төлөвлөлтдөө тэр дуу чимээнээс хамгаалах болон шингээж бүдгэрүүлэх арга хэмжээг анхаарсан л байгаасай. Ингэж хэллээ гээд болгож бүтээх гэж байхад гүйхгүй нохой саад гэгчээр намайг буруутгаж магад. Санаачилсан, төлөвлөсөн бүхний араас төсвийн мөнгө үрэн таран болж байдагт санаа зовохдоо хэлж байгаа минь энэ л дээ. Нөгөө гэвэл хотын нийтийн тээврийг ирэх онд 80 хувь шинэчилнэ гэсэн байна. Тэгээд ч 2023 оны төсөвт автобус паркийн шинэчлэлд 318 тэрбум, нийтийн тээврийн авто паркад 21.7 тэрбумын хөрөнгө төлөвлөж байгаа гэх юм. Нэг даруй 500 автобус оруулаад ирнэ. Мөнгө бэлэн л юм болсон. Амжаагүй л байна. Тэгтэл сүүлийн үед захиалга хийгдээгүй учир авах компанийн автобус бэлэн биш тухай яриа гарлаа. Энэ тухай сонсоход ёстой л нөгөө нүхэнд унасан нөхрөө аврах гэж нэг амьтан хичнээн олон амьтантай уулзаж байж алд дээстэй боллоо гэдэг үлгэр санаанд орох юм.
Бас такси үйлчилгээг онцгой сайжруулна гэцгээх юм. Энэ бүхэн зөвхөн механик шийдлийн эрэл. Яахав олон зуун шинэ автобустай, такситай боллоо гэхэд тэр нь яаж зорчих вэ гэдэг л байна. Ж.Сүхбаатар сайдын ярианаас За даа биелэх болов уу даа гэмээр юм олон анзаарагдсан.
Тэр нь нийтийн тээвэр сайжрахаар хувийн машинтай хүн автобусанд суудаг болох юм гэнэ. Гэхдээ ичихгүйгээр автобусанд сууна гэж хэлнэ лээ. Энэ нь манай дээдчүүл амьдралаас хол тасарсныг нотлох баримт юм. Мөн Автозамын онцгой бүс гэж байгуулж татвар нэмэгдүүлснээр иргэд хотын төвд биш зах газарт амьдрахыг эрмэлзэнэ гэдэг бол ёстой үл гүйцэлдэх санаа юм. Хэтэрхий мэргэн үг хэллэг ч зөндөө. Эдгээр ажил биелэлээ олсон цагт хотын хүн амын төдөн хувь нийтийн тээврээр явдаг болно. Зарим хэсэг нь явган зорчино ч гэх шиг. Вангагийн төсөөлөл шиг л  юм ярьцгаах. Зохион байгуулалтын нэг том алдаа бол автозамын хөдөлгөөний зохион байгуулалтын албан үүргийг тал тал тийш нь тараачихсан бий. Автозамын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн автозамын газар, тээврийн цагдаад ч энэ чиглэлийн бүтэц бий. Бас нэг бие даасан том нэгж буюу Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн алба гэж байдаг. Тэр бүхэнд давхардсан үүрэгтэй албан хаагчид ажиллаж байна. Гэтэл дээр нь сайд авчраад суулгачихсан. Үүний дараа нөгөө түгжрэлийг бууруулах үүрэгтэй алба хүмүүс учраа олохыг байчихаж.
Тэгэхээр одоо яах ёстой юм бэ гэдэгт мэргэжлийн хүмүүс санал хэлж л байна. Юуны өмнө автозамын түгжрэлийг шийдэх гарц шийдлийг олохын тулд Монгол Улсад одоо мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, стандартыг бүрэн мөрдүүлэхээс эхлэх ёстой юм байна. Түүнээс биш хууль дүрэм дутмаг гэвэл худлаа. Түгжрэлээс салах ажлыг улстөрчид биш зөвхөн мэргэжлийн алба, хүмүүс л хийнэ гэдгийг дахин хэлье.
Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр юуны түрүүнд замын хөдөлгөөний зохион байгуулалтыг боловсронгуй болгох, гэрэл дохиоллын горимд өөрчлөлт оруулах нь чухал юм. Эцэст нь хэлэхэд бага ярьж ихийг хийе гэсэн санаагаар энэ нийтлэлээ төгсгөе юү. Ний нуугүй хэлэхэд, замын түгжрэлд дээр доргүй бууж өгөх гээд байгаа мэт дүр зураг үг яриа ажиглагдаад байна. Бодлогын түгжрэлээс эхлээд гарцгаая.
Д.Цэрэннадмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: