Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргаас чөлөөллөө

6178ea882249b

Өнгөрсөн долоо хоног Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь чөлөөллөө.

Тодруулбал, УИХ-ын тухай хуульд заасны дагуу гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна өөрийнх нь хүсэлтээр, нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлдөг. Тэгвэл Т.Аюурсайхан нь Засгийн газрын гишүүн болсонтой холбогдуулан чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа танилцуулж, гишүүдийн 74.5 хувь нь дэмжсэнээр чөлөөлөв.

УИХ-ын дэд даргыг УИХ дахь намын бүлгээс нэр дэвшүүлэн томилдог. УИХ-ын гишүүн С.Одонтуяа нь УИХ дахь Ардчилсан намыг төлөөлдөг бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь Монгол Ардын намыг төлөөлдөг байсан. Тиймээс түүний оронд томилогдох гишүүн нь УИХ дахь МАН-аас байх юм.


URL: