Б.Баасанцогтыг ялаас “мултлахаар” ХОНГИЛЫН ШҮҮГЧИД ХӨДӨЛЖ эхэллээ

unnamed (2)(47)“Хонгил”-ын шүүгч нарын бүхэл бүтэн фракц бий болоод удаж буй. Тэд ашиг сонирхол, ах дүү, найз нөхдөөрөө нэгдэж эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудын хэргийг шүүхийн шатанд замхруулсан хэдэн арван кэйсийг нэрлэж болно.

Ингэхийн тулд тэд нэгнээ албан тушаалд хүргэх гэж “амь тавин”  зүтгүүлсээр байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л шүүхүүдийн сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад “Лобби” орсон байж болзошгүйгээр гарч ирсэн нэр бүхий шүүгчийг ШЕЗ-өөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүгчээр сонгож, УИХ-д танилцуулан, томилохоор хүлээж байна.

Тэгвэл “Хонгил”-ын гэгдэх шүүгчдийн дунд нэр нь зарлагдаж, бүр хариуцлага хүлээхээс зайлсхийж буй нэгэн шүүгч өөрийн хамсаатан болох өмгөөлөгч Б.Баасанцогтыг ялаас мултлахаар санаархаж эхэлсэн бололтой.

Бидний санаж байгаагаар өнгөрөгч 2021 оны гуравдугаар сард өмгөөлөгч Б.Баасанцогт, Сүхбаатар дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бичлэг олон нийтэд цацагдаж, тэднийг үгсэн хуйвалдаж, хэрэг төлөвлөдөг гэдэг мэдээлэл гарсан.

Үүний дараа тэдний төлөвлөсөн гэх хэргийн схем дэлгэгдэж, 17 шүүгч нэр холбогдсон нь шүүгч нар захиалгаар хэрэг төлөвлөж, шийддэг гэдэг олон нийтийн хардлага батлагдсан билээ.

Улмаар хэргийн зохион байгуулагч гэгдсэн Б.Баасанцогтод аравдугаар сарын 14-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ зүйл ангиар буруутган 4.4 жилийн хорих ял оноосон. Гэвч Б.Баасанцогт шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм.

Гэтэл түүний бичлэгт хамт гарсан шүүгч Т.Өсөхбаяр нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч бөгөөд ирэх арваннэгдүгээр сард тус шүүхийнхээ Ерөнхий шүүгч болохоор өөрийгөө нэр дэвшүүлээд байгаа аж. Хэрэв тэрбээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдвол хамсаатан Б.Баасанцогтын хэрэгт нөлөөлж, шийдвэрийг өөрчлөх боломж 100 хувь бүрдэхээр байгаа юм.

Түүнчлэн Т.Өсөхбаярыг Б.Баасанцогт нарын уулзалтад оролцсон нь шүүгчийн ёс зүйг зөрчиж байна гэж үзэн Шүүхийн сахилгын хорооны хурлаар авч хэлэлцэхээр болсон. Гэвч тэрбээр хариуцлага ёс зүйн хурлаар орохоосоо өмнө ийнхүү Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн суудалд суухаар “Нууц уулзалт”-ууд хийж эхэлсэн нь хариуцлагаас зугтах, хамсаатнаа суллах зорилго агуулж байж ч болох юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нь эрүүгийн хэрэг бүрийг хяналтын шатны журмаар хянаж, шийдвэрлэхгүй болсон. Ингэснээр аймаг, дүүрэг, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн үүрэг хариуцлага өндөр болж шүүгчдэгчдийн хувь заяа тухайн шүүхэд шууд хамааралтай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, анхан шатанд шийдвэрлэсэн хэргүүдийн үнэн мөнийг давж заалдах шатны шүүх шийдвэрлэж, эцэслэнэ.

Гэтэл хамгийн өндөр хариуцлага хүлээж буй Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр “Хонгил”-ын шүүгч томилогдвол нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хараат бус байдал бүр мөсөн алдагдах нөхцөл байдал үүсээд байна. 

https://news.zindaa.mn/4dx3


URL: