Зорилтдоо хүрээгүй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийг нууцлав

712-1668637508Зорилтдоо-хүрээгүй-“Элэг-бүтэн-Монгол”-хөтөлбөрийн-санхүүжилтийг-нууцлавМанай улсын иргэдийн 10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусын архаг халдвартай, 20 хүн тутмын нэг нь гепатитын С вирусын архаг халдвартай байгааг ДЭМБ тооцоолон гаргажээ. Монгол Улсын Засгийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд гепатитын В,С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 15-аас дээш насны нэг сая 180 мянга 220 иргэний найм орчим хувиас гепатитын В вирус, есөн хувиас нь гепатитын С вирусын халдвар илэрсэн гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Харин ЭМДЕГ-ын тоон мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр гепатит вирусын илрүүлэгт улсын хэмжээнд нийт нэг сая 9862 хүнийг хамруулсан гэж төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланд дурджээ. Энэ нь  хөтөлбөрийн хүрээнд гепатитын В,С вирусын шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн зорилтот хүн амын 50 хувьтай тэнцэж байна. Ингэснээр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2020 оны  үндсэн зорилтод хүрээгүй гэж аудитын байгууллагаас дүгнэжээ. Тус хураангуй тайланг энэ оны хоёрдугаар сарын 1-нд олон нийтэд ил болгосон юм. Бид “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх зөрүүтэй хариултын шалтгаан юу вэ” гэсэн эхний нийтлэлээрээ  тус хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх асуудлыг хөндсөн. Дөрвөн жилийн туршид хэрэгжсэн энэ хөтөлбөрийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгөх хүн ЭМЯ-нд байхгүйн сацуу аудитын дүгнэлт, Ж.Чинбүрэн гишүүн, Ерөнхий сайдын санхүүжилтийн талаарх дүн мэдээлэл хоорондоо зөрж байсан билээ. Үндсэн санхүүжилт нь асуудал дагуулсан ч ирэх оноос дахин хэрэгжихээр болоод байгаа энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуудлыг энэ удаа хөндлөө.
сонин mn
2020 ОНЫ ЗОРИЛТДОО ХҮРСЭНГҮЙ
ЭМДЕГ-ын мэдээллээр 2017-2020 онд гепатит вирусын илрүүлэгт нэг сая 9862 хүнийг хамруулсан бол ЭМЯ-наас нэг сая 180 мянга гаруй иргэнийг хамруулсан гэсэн мэдээллийг бидэнд өглөө. Тус хөтөлбөрийн илрүүлэг, шинжилгээ, эмийн хөнгөлөлтийг хариуцан хэрэгжүүлсэн хоёр төрийн байгууллагын мэдээлэл хоорондоо яагаад зөрсөн бэ гэдэг нь эхний асуудал. Тодруулбал, ЭМЯ-ны өгсөн мэдээлэл адуитын дүгнэлтээс 170 мянга 358 иргэнээр илүү байна. Нэг иргэнийг шинжилгээнд хамруулах бүрт төсвөөс мөнгө зарцуулж байгаа хөтөлбөрт хамруулсан иргэдийн тоог 200 мянга орчмоор зөрүүлэн мэдээлэх ямар шалтгаан ЭМЯ-нд байгаа вэ.
Анх “Элэг бүтэн Монгол”  хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гепатитын В вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан иргэдийн эзлэх хувийг 2018 онд 40 хувь байгааг 2020 онд 60 хувь болгоно гэсэн зорилт тавьж байв. Гэвч төлөвлөсөн зорилтот хүн амын 50 хувийг шинжилгээнд хамруулсныг аудитын тайланд дурджээ.
Мөн нярайг төрсний дараах 24 цагийн дотор гепатитын В вирусын эсрэг вакцинаар дархлаажуулсан хувь 2015 онд 93 байсныг 98 хувь болгох, улсын хэмжээнд хоёр настай хүүхдийн гепатитын А вирусын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хувь  97.7 байгааг 98.5 хувь болгох зорилт тавьж байлаа.Анх зорьсон үр дүндээ хүрээгүйн сацуу, хамруулсан иргэдийн тоо нь зөрүүтэй, санхүүжилтийн зарцуулалт бүрхэг энэ хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлэхдээ 17 тэрбумыг зарцуулахаар төсвийг баталсан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.
ЭМЯ-наас “Монгол  улсад  В ба  С  гепатитын   вирусын   халдвартай  350 мянган иргэн амьдардаг гэх тооцоолол бий. “Элэг бүтэн  Монгол” хөтөлбөр нь улс орон  даяар  амжилттай  хэрэгжин, бүс нутаг ба  дэлхий  дахинд  загвар  болсон  хөтөлбөрүүдийн нэг. Вируст гепатитын  сэргийлэлт,  эрт  илрүүлэг,  оношлогоо  эмчилгээний тусламж  үйлчилгээний бүх хүрээнд анагаах  ухааны  дэвшилтэт технологийг  нэвтрүүлж,   тусламж  үйлчилгээний  хүртээмжийг  эрүүл мэндийн даатгалаар амжилттай  шийдэж  хүн амыг орхигдуулахгүй  хамруулах  нөхцлийг  бүрдүүлсэн нь  хөтөлбөр амжилттай  хэрэгжих  үндэс  суурийг  тавьсан” гэж мэдээлэв. Яг ямар байдлаар хэрхэн хөтөлбөрөө хэрэгжүүлж, хэдэн төгрөгний санхүүжилт зарцуулсан талаар тодруулахаар “Энэ хөтөлбөрийг хариуцаж байсан хүн нь ажлаасаа гарсан. Өөр мэдэх хүн байхгүй” гэсэн хариултыг өгдөг. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ хөтөлбөрийн санхүүжилтийг нууцлах болсон шалтгааныг тодруулахаар эрэн сурвалжлах нийтлэл эхлүүлэн уншигчдадаа хүргэж байгаа юм.
ХӨТӨЛБӨРТ ЗАРЦУУЛСАН ЗАРДЛЫГ НЭГТГЭН ТООЦООЛСОНГҮЙ
Тус хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлэхэд 230 орчим тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газар төлөвлөж байв. Тэгвэл гепатитын В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан нь аудитын дүгнэлтээр ил болсон юм. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газар болон ЭМДЕГ-аас 2017 оныг дуусталх хугацаанд хөтөлбөрт зарцуулсан зардлыг нэгтгэн тооцоолоогүй. Илрүүлэгт орсон 27 мянган хүний шинжилгээний хариуг ЭМДЕГ-ын цахим системд бүртгэж аваагүйгээс ЭМДС-гаас олгосон 95.9 мянган төгрөгийн санхүүжилтийн үр дүн тодорхойгүй байгаа нь аудитын шалгалтаар ил болжээ.
Энэ талаар тодруулахаар ЭМДЕГ-ын хэвлэлийн ажилтантай холбогдвол “Хөтөлбөр хэрэгжээд дууссан учир манайх мэдээлэл өгөх боломжгүй. Бүх мэдээлэл ЭМЯ-нд байгаа” гэсэн хариуг өгөв. ЭМЯ-нд бас мэдээлэл өгөх хүн байхгүй. Тэгвэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж 100 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх мэдээллийг ямар байгууллага мэдэх вэ. Зарцуулсан зардлаа тооцоолоогүй, зарим хүний шинжилгээний хариуг бүртгэж аваагүй гэсэн хариуцлагагүй үйлдлийг гаргасан атлаа хөтөлбөр амжилттай хэрэгжсэн хэмээн мэдээлж, дахин үргэлжлүүлэхээр болсны цаад шалтгаан юу вэ.
 Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлж, “Элэгний дельта вирусын халдвартай иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын түвшинд хүргэнэ” гэж заасан.  Тиймээс энэ чухал хөтөлбөрийн санхүүжилт ямар зорилгоор юунд хэрхэн зарцуулагдаж байгааг бид дараа дараагийн нийтлэлээрээ цувралаар хүргэх болно.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: