Гялгар замаас болж өдөрт 100 гаруй хүн ГССҮТ-д хандаж байна

Өвлийн эхэн сар эхэлмэгц цас орж зам талбай мөстөж халтиргаа гулгаа үүсэж нийслэлчүүд автомашинтай бүү хэл явган зорчиход ч хүндрэлтэй болдог. Дэлгүүрээс гарч явахдаа, гудамжаар алхахдаа, ажил, сургуулиа тарахдаа, эсвэл автобусны буудал дээр халтирч унаж, бэртэж гэмтсэн тохиолдол нэмэгдсээр. Гялгар толигор замаас болж өдөрт 100 гаруй хүн их бага хэмжээгээр гэмтэн ГССҮТ-д ханддаг байна.

Нийслэлийн нийтийн эзэмшлийн гантиг чулуун замууд ихэвчлэн төрийн эзэмшил бүхий хэсгүүдэд байдаг. Түүнээс шалтгаалж олон зуун хүн бэртсэн ч хохирлоо барагдуулж чаддаггүй.

Хэрэв албан байгууллагын ойролцоох гялгар зам дээр унаж бэртсэн тохиолдолд иргэд гомдлоо харьяа дүүргийнхээ иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлж, хохирлоо барагдуулах эрхтэй байдаг. Энэ мэтчилэн Гэм хорын хохирлын гомдол мэдээллийг иргэд  дүүргүүдийн иргэний хэргийн шүүхэд ч өгөх боломжтой. Харин нийтийн эзэмшлийн зам талбайд халтирч унасан тохиолдолд иргэн өөртөө л гомдоно гэсэн үг.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ГССҮТ-ийн амбулаторийн тасагт 700 орчим хүн хандаж тусламж үйлчилгээ авсан бөгөөд эдгээрийн 20 гаруй хувь нь зөвхөн халтиргаанаас болж бэртэж гэмтжээ.

Хэдийгээр иргэд өөрсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах ёстой ч нийтийн зам талбайд эзэмшигч байгаа тохиолдолд тухайн зорчих хэсгийн талбайг цэвэрлэх үүрэгтэй. Тодруулбал, албан байгууллагууд халтирч унаж, бэртэхээс сэргийлсэн наалт наах зэргээр арга хэмжээ авах зохицуулалттай. Аж ахуй нэгжүүдийн тухайд гадна орчныхоо 50 метр зайд халтиргаа, гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмчилгээний зардал, энэ хугацаанд олох байсан орлогыг тухайн байгууллага хариуцдаг.

Хэрэв тухайн байгууллага хохирлыг барагдуулахаас татгалзвал иргэд Иргэний шүүхэд хандах боломжтой. Эрүүл ахуйн тухай хуулийн 4.4.3, 13.1.6 дугаар заалтад тусгаснаар байгууллага, аж ахуй нэгж өөрийн ашиглалтад байгаа зам талбайг арчилж цэвэрлэх, зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангана гэж тусгасан байдаг.

Ажиглаад байхад, нийслэлийн ихэнх хэсгийн явган хүний замын голд байрлуулсан байдаг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөндлөн хэсэг бүр ч илүү аюултай бололтой. Замын голын энэ хэсэг хараагүй байтугай хардаг хүн явахад хамгийн аюултай гулгамтгай чанартай. Үүнийг ч мөн бодолцох нь чухал. Хөгжлийн бэрхшээлтэй, хараа муутай хүмүүсээ гадуур битгий яваарай гэж байгаатай л адил юм.

Ц.Наранцацрал

http://www.shuud.mn/a/545050


URL: