Гана: Эвээ олоогүй эрдэнэсүүд

723bbba3ed8c7c56c64adad926381f3452c87f42Олон улсын чансаа: 61

Хоч: Хар одод

Эвээ олоогүй эрдэнэсүүд

Онцгой шигшээ нь харьж, Оросын ДАШТ-д орж чадаагүй Ганын шигшээ ӨАБНУ-аас ганц оноогоор илүү гарч, Катарыг зорих тийзтэй болсон. Сүүлийн гурван жилд таван дасгалжуулагч сольсон шигшээд “Боруссиа Дортмунд” багт авьяас хөгжүүлэлтийн мэргэжилтэн байсан Гана гаралтай герман мэргэжилтэн Отто Аддо ирээд байна. Мөнхийн өрсөлдөгч Нигерийг хожсон тоглолтын өмнө түр томилогдсон Аддо Европын дундаж багуудын тоглогчдоос голчлон бүрдсэн туршлагагүй залуу багийг ямартай ч ДАШТ-д орууллаа. Аддогийн гол тактик хамгаалалтанд суурилж байгаа ч баримтлах систем нь одоо ч тодорхой болоогүй байна. “Лестер”-ийн хамгаалагч Даниел Амарти шигшээгийн чухал тулгуур. Түүнтэй хамт “Зальцбург”-ийн Александр Жикү, “Саутхэмптон”-ы Мохаммед Салису нар Хар оддын арын хамгаалалтыг даана. Цагтаа “Марсель”, “Вестхэм”-д тоглож байсан Андре Айю багийн ахлагчаас гадна шигшээд байгаа ДАШТ-ий утаа үнэрлэсэн ганц тоглогч. Түүнтэй “Арсенал”-ын од Томас Парти, “Зальцбург”-ийн Менса нар хагас хамгаалалтанд гарах болов уу. “Хар одод” сүүлийн 12 тоглолтдоо формоо олохын төлөө тэмцсэн ч ердөө хоёрхон ялалт авсан нь ДАШТ-ээр тэднээс хуучных шиг амжилт хүлээх шаардлагагүйг илтгэнэ. Тэд Өмнөд Солонгосоос оноо зулгааж мэдэх ч, Португал, Уругвайн системүүдийг ялах нь юу л бол.

Амжилт

1958 онд ФИФА-д элссэн Ганын шигшээ 1992 оны Олимпийн наадамд хүрэл медаль хүртсэн нь одоогоор оргил амжилт нь. Асамоа Гиан тэргүүтэй алтан үеийн шигшээ нь ДАШТ-д гурав дараалан (2006, 2010, 2014) шалгарахдаа шөвгийн 16, шөвгийн наймд ч хүрч байсан. Ганын шигшээ Африкийн Үндэстний цомдоо дөрвөн удаа түрүүлсэн дархан аваргууд.

Онцлох тоглогч

Гана: Эвээ олоогүй эрдэнэсүүдМохаммед Кудус

Төв, довтолгооны хагас хамгаалалт, хуурамч 9, жигүүрийн довтолгоо. Мохаммед Кудус эдгээр бүх байрлалд тоглож чадахын дээр гоолын мэдрэмжтэй ховор тоглогч. “Аякс”-т ирэхээсээ өмнө тэр Данийн лигт хоёр жил амжилттай тоглож, ганачуудын ДАШТ-ий мөрөөдлийг дахин сэрээжээ. 22 настай тоглогч “Аякс”-ийн бүрэлдэхүүнд 20 удаа тоглож есөн гоол оруулсны дөрөв нь Аваргуудын лигт орчихоод байна.

Дасгалжуулагч: Отто Аддо

Хаалгач: Манаф Нуруден, Данлад Ибрагим, Лоуренс Ати-Зиги

Хамгаалагч: Денис Одои Тарик Лампти Алиду Сейду Даниэль Амарти Жозеф Айду Александер Жику Мохаммед Салису Абдул-Рахман Баба Гидеон Менса

Хагас хамгаалаг: Андре Айю Томас Парти Элиша Овусу Салис Абдул Самед Мохаммед Кудус Даниэль-Кофи Киере

Довтлогч: Даниель Африйе, Камал Дин Сулемана,  Иссааку Абдул Фатаву, Осман Букари, Иньячи Уильямс,  Антуан Семеньо, Жордан Айю, Камал Сова

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл


URL: