​Сурвалжлага: Автобусаа нэмж чадахгүй юм бол буудлууд дээр дулаацах байр байршуулъя

busDSC_0069Нийслэлийн иргэдийн 70 орчим хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Гэтэл автобусны хүртээмжгүй байдлаас болж иргэд өвлийн хүйтэнд хамгийн багадаа 30-40 минут автобус хүлээнэ. Ойр хавьд нь түр дулаацах хүнсний дэлгүүр, үйлчилгээний газрууд байхгүй бол томчууд нь бээрч, хүүхдүүд нь гар, хөлөө хөдлөөх шахам байдалтай байна. Бид нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлахаар орой 18 цагийн үед хотын төв зам дагуу автобусны буудлуудыг зорилоо.

Нийтийн тээврийн автобус 8-12 минутын зайтай иргэдэд үйлчлэх ёстой гэвч энэ хугацаандаа ирдэггүй учраас иргэд маш удаан хүлээдэг талаар ярьж байлаа. Сүүлийн үед автобусны эргэлт эрс багассаныг хэлж байв.

Иргэн Батдорж: Би түгжрэл эхлэхээс өмнө гээд ажлаасаа 17 цаг 30 минутад гарч ирсэн. Гарч ирсэн цагаасаа хойш 30 минут хүлээж байна. Ер нь өдөр бүр л ийм байдал байдаг. Гадаа хүйтэн учраас өвлийн гуталтай ч доороосоо жиндэж байна. Томчууд бид ч яах вэ, автобус хүлээж байгаа хүүхдүүдэд их санаа зовдог. Ингэж удаж, удаж байгаад нэг автобус ирэхээр тэндээ хүмүүс нь багтдаггүй. Автобусныхаа тоог нэмэх хэрэгтэй байна. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна.

Иргэн Зулцэцэг: Автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхад Нисэх, Яармаг, Таван шар чиглэлийн автобуснууд ер нь их ирдэг. Харин Хайлааст, Баруун салаа, зүүн салаагийн автобуснууд тоотой хэдхэн ирж байна. Ер нь хотын хойд хэсэг рүү автобусны тоо маш бага тэр хавьд чинь хүн амьдар шүү дээ автобусныхаа тоог нэмэх хэрэгтэй. Автобус бага ирдэг учраас цаг гаруй хүлээдэг. Цас орвол бүр удаан хүлээдэг.

Иргэн Одонтуяа: Өдөр бүр 20-40 минут автобус хүлээдэг. Энэ хугацаанд бараг л хөлдөх шахдаг. Автобус хоорондын зай хол учраас нэг ирсэн автобусандаа заримдаа багтана, заримдаа багтдаггүй. Их хэцүү шүү дээ. Ихэнх автобуснууд пааргүй учраас өглөө орой доо зоорь шиг юманд л сууж ирдэг. Хотын дарга энэ асуудалд анхаарлаа тавиад нэн дариу шийдвэрлэх шаардлагатай байна. Иргэд туйлдаж байна.

Иргэн: Гадаа автобус хүлээх их даарч байна. Автобусанд ороод хүмүүсийн дунд шахцалдах бүр хэцүү. Дээрээс нь автобус маш хүйтэн суух ч суудалгүй байдаг. Автобусны тоогоо нэмж чадахгүй бол автобусны буудлууд дээрээ хүмүүс ороод дулаацах жижигхэн байр хийх хэрэгтэй. Ойрхон гэртэй хүмүүс алхаад явчихна хол гэр хүмүүс бол олон цаг хүлээхээс өөр замгүй учир ТҮЦ-д орж толгой хорогдож байна даа хотын дарга минь. Удахгүй идэр ес эхэлж хүйтний эрч улам чангарах тул энэ байдлаараа байвал иргэд зам дээр осгох эрсдэлтэй байгаа тул нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг шаардаж байлаа.

Н.Сугар: Нэгдүгээр сарын 5-ны үеэр 100 гаруй автобус орж ирнэ

 

Үүсээд буй асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломж байгаа эсэх талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.

-Хүйтний эрч чангарч байгаа энэ үед иргэд олон цагаар автобус хүлээх, ирсэн нэг автобусандаа багтахгүй зэрэг асуудлууд тулгарч байгаа нь нийтийн тээвэр хүрэлцээгүй байгааг харуулж байна. Нийслэлийн зүгээс ойрын хугацаанд нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх ямар нэгэн арга хэмжээ авах төлөвлөгөө байгаа юу?

-Улаанбаатар хотын хүн амд хүртээмжтэй, автобус цаг тухайдаа ирдэг байхын тулд нийтдээ 1400 гаруй автобус шаардлагатай байгаа. Гэтэл өнөөдөр 970 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Дээрээс нь эдгээр автобусны 500 гаруй нь хугацаа нь дууссан. Өөрөөр хэлбэл, энэ бол маш хангалтгүй, хүртээмжгүй байгаа. Энэ байдалд хүрсэн шалтгаан бол өнгөрсөн 12 жил нийтийн тээвэрт огт парк шинэчлэл хийгээгүйтэй холбоотой гэж хэлж болно. Бид цаг тухайд нь парк шинэчлэлээ хийгээд явсан бол өнөөдрийн энэ асуудлууд үүсэхгүй байх байсан. Одоо тулгамдаж буй асуудлуудыг яаралтай хугацаанд шийдэх шаардлага одоогийн нийслэлийн удирдлагуудад үүссэн. Үүнийг нэн даруй шийдвэрлэхээр Засгийн газраас автобуснуудыг шат дараатай 2024 он хүртэл нэмэгдүүлж 1400 хүргэх шийдвэр гарсан. Он гарсаар нийт 100 орчим автобус шинээр оруулж ирсэн. Уг нь энэ он дуусахаас өмнө 500 гаруй автобус оруулж ирэх ёстой юм. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал болон худалдан авах ажиллагаатай холбоотойгоор гацаад байна. Одоогийн байдлаар 224 автобусны захиалга өгсөн байгаа. Он гараад нэгдүгээр сарын эхээр захиалгад орсон эхний ээлжийн автобуснууд орж ирэх болов уу гэсэн мэргэжилтнүүд мэдээлж байна. Түүнчлэн 2023 онд нэмж 300 гаруй автобус оруулж ирэхээр төсөвт суугдсан.

Одоо үүсээд байгаа нөхцөл байдалд нийтийн тээврийнхэн зохион байгуулалт хийж оргил ачааллын үеүд дээр 31 автобусыг ачаалал ихтэй байгаа буудлууд дээр үйлчилгээнд оруулж ажиллаж байна.

-Он гараад нэгдүгээр сарын эхээр яг хэдэн автобус орж ирэх вэ?

-2023 оны нэгдүгээр сарын 5-ны үеэр 100 гаруй автобус орж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны ихэнх нь эвдрэл гэмтэлтэй, өвлийн хүйтэнд пааргүй явж байдаг. Тэдгээр автобусыг нэг дор шинэчилж чадахгүй гэхдээ ядаж эвдрэл гэмтлээ засаад, паартай болгох тал дээр автобус баазуудад шаардлага хүргүүлдэг үү?

-Мэдээж иргэдийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавигдах учир автобуснуудын бүрэн бүтэн байдал болон эрүүл ахуйн шаардлагыг сайтар хангах үүрэг даалгавруудыг өгч ажилладаг.

-Автобус хоорондын хугацааг ойртуулах боломж бий юу?

-Хүчин чадал нь байгаад байхад албаар удаагаад байгаа асуудал биш. Автобус хүртээмжгүй байгаа учраас хоорондын хугацаа хол байгаад байгаа. Бид үүнийг аль болох нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.

http://itoim.mn/article/VrV3m/35799


URL: