Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Капитал банкны хөрөнгийг хувьдаа завшсан уу?

maxresdefaultХөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан өнөөдөр УИХ-ын чуулганы индрээс нэгэн ноцтой баримтыг дэлгэлээ. Тэрбээр Монголбанкны удирдлагууд дампуурсан банкны хөрөнгийг хувьдаа завшдаг талаар ярилаа. Бүр тодруулбал, Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн дампуурсан Капитал банкнаас хурааж авсан хаусанд амьдардаг талаар төрийн сайд ярьж байна.

Алтны компани Сэлхийн зусланд “Замбуулан виллаж” хотхоныг барьсан ч өрөндөө Капитал банкинд хураалгаж, тус банкны өмч болсон аж. Гэвч Капитал банк дампуурч, банкны эрх Монголбанкинд шилжсэн. Эд хөрөнгийг нь үнэлэх, хураах, борлуулах, өр төлбөрийг нь барагдуулах ажлыг Монголбанкны эрх хүлээн авагч гүйцэтгэсэн гэсэн үг. Ингэхдээ Капитал банкны томоохон хөрөнгө болох “Замбуулан виллаж” хотхоны гурван хаусыг Монголбанкны удирдлагууд өөрсдөө авсныг Т.Аюурсайхан сайд хэллээ. Бүр Монголбанкны хөрөнгөөр дотоод засал хийж, тэргүүн дэд Ерөнхийлөгч нь тэнд амьдарч байгааг УИХ-ын чуулганы танхимаас хэлэв.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг байсан Капитал банк дампуурсан. Энэ мөнгөнөөс 37 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 25 тэрбумын 78 нэр төрлийн эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хурааж авсан. Найман удаагийн дуудлага худалдаа явагдсан ч 17 тэрбум төгрөгийн 51 эд хөрөнгө огт зарагдахгүй, хүн тоохгүй байна. Гэтэл Монголбанкны эрх хүлээн авагчид үнэ бүхий эд хөрөнгийг захирлынхаа мэдэлд авч байна” хэмээн дээрх баримтыг дэлгэв.

Шүүхийн шийдвэрийн дагуу Капитал банкны эд хөрөнгийг зарж борлуулж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгох учиртай. Гэвч Монголбанкныхан өнгөтэй өөдтэй эд хөрөнгийг нь хувьдаа  завшиж, нийгмийн даатгалын санг давхар хохироожээ.

Нийгмийн даатгалын сан бол нэг сая даатгуулагч, 50 мянган ажил олгогч, 460 мянган тэтгэвэр авагчдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулдаг сан. Товчхондоо энэ сангийн мөнгө төрийн бус иргэдийн хөрөнгө гэсэн үг.

Харамсалтай нь энэ сан руу дуртай нь гар дүрж, хүссэнээрээ зарцуулдаг, эцэстээ хохирлыг нь ч барагдуулахгүй хөрөнгийг нь шамшигдуулж байгаа нь энэ.

Ямартай ч Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хүсэлтээр Капитал банкны асуудал, Монголбанкны эрх хүлээн авагчдыг шалгах ажлын хэсэг байгуулахаар боллоо. Эдийн засгийн байнгын хорооноос гарах уг ажлын хэсэг Монголбанкны удирдлагууд дампуурсан Капитал банкнаас хурааж авсан хөрөнгийг хувьдаа завшсан уу, тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн нь хурааж авсан хаусанд амьдардаг эсэхийг тогтоогоод өгөх биз.

Хамгийн тодорхой асуудал нь Монголын төрд нэг ч шударга ажил, ажиллагаа явагддаггүй. Зөвхөн завшигчид иргэдийг, улсыг хохироож байдаг.

Б.Хэрлэн

http://www.shuud.mn/a/545205


URL: