“Хятад улс эхлээд Монголыг залгина”

Энэхүү http://www.pravda.ru/world/asia/fareast/21-01-2011/1064287-mongol-0/ сайтад “Китай начнёт поглощение с Монголии” хэмээх нийтлэл хоёр хоногийн өмнө хэвлэгджээ. Сэтгүүлч Сергей Балмасов уг нийтлэлийг “Financial Times”-ын нэгэн нийтлэлд хариу болгон бичсэн байна. Бүрэн эхээр нь хүргэе.

Америк болон Британийн шинжээчид түгшүүрийн харангыг дэлдэж эхэллээ. Далайд гарцгүй Монгол орон Орос болон Хятад улсаас өмнөхөөсөө ч илүү хараат байдалд орох гэнэ. Ялангуяа “Financial Times” Оросын далайн боомтуудад хүрэх төмөр замд монголчууд хөрөнгө оруулалт хийсэн талаар бичжээ.
Оросуудтай хамтарч төмөр зам барьснаар Хятадын эдийн засгийн хамаарлыг багасгана гэж монголчууд найдаж байгаа. Гэсэн ч Монголын экспортын 70 хувь нь Хятад руу гарсаар байна. Энэ үзүүлэлтээрээ хятадууд эргэлзээ байхгүй оросуудыг  хожиж явна.

Манай улс Алс Дорнодынхоо бүс нутгийг дорой чигээр нь барьсаар байтал Бээжин Монгол улстай залгаа бүсүүддээ хот суурин босгож, харилцаа холбоо зэргээ идэвхтэй хөгжүүлсээр ирлээ.
Бидний мэдэж буйгаар, Монголын төмөр замын хувьцааны 50 хувь нь Оросын мэдэлд бий. Гэвч Хятад улс энэ зах зээлээс биднийг шахаж гаргахгүй гэх баталгаа алга. Олон улсын шинэчлэл хөгжлийн банк хүртэл монголчуудын хөтөлбөрүүдэд шүүмжилсэн байрь сууриа хэдийнэ илэрхийлсэн. Урт бөгөөд гүйцэд тавигдаагүй байгаа Оросын төмөр замаар тээвэрлэлт хийснээс, илүү ойр байрлалтай Хятадын хойт хэсгийн боомтууд руу тээвэрлэх нь гурав дахин бага өртөгтэй болохыг дээрх банк онцлон тэмдэглэсэн. Тиймээс энэ бүх асуудал Монгол улсыг геополитикийн чухал газрын нэг гэдэгт анхаарлаа дахин хандуулахад хүргэж байна. Энэ дашрамд тэмдэглэхэд, тус орон Орос болон Хятадаас хамааралтай байсаар ирсэн. Одоо ч ач холбогдолтой хэвээр байна. Учир нь Монгол улс олборлосон байгалийн баялгаа нутгаасаа гаргахын тулд Москва, Бээжин хоёртой тохиролцох шаардлагатай тулгардаг.
Хэмжээгээрээ бараг Европын тал шиг энэ том орон 2.7-хон сая хүн амтай. Өөрөөр хэлбэл, нэг монголд 520 хятад ногддог гэсэн үг. Тийм ч учраас улаанбаатарчууд нэг сайхан нартай өдөр хятад луу Монгол улсыг залгиж орхино гэдгээс эмээдэг.

Ийн эмээх нь ч үндэстэй юм. Бээжин дээр үед Оросын газар нутгийн асуудал дээр явуулж байсан тэр л бодлогоо өнөөдөр илүүдэл ажиллах хүчнээ экспортлох замаар Монгол улсад хэрэгжүүлж байна. Үүнээс гадна Монголын эдийн засаг жил ирэх тусам Хятадаас хамаарах нь ихэссээр байгаа. Өнөөг хүртэл тус улсын томоохон үйлдвэрүүд оросуудын хяналтад байдаг гэж тооцогддог бол жижиг дунд бизнесийг бараг бүхэлд нь хятадууд хянадаг юм. Гэхдээ хятадууд Монголын томоохон бизнес рүү нь ч шургалж эхэлсэн.
Монголчуудын дунд Хятадын эсрэг үзэл бодол улам л өссөөр байгаа нь учиртай. Нутгийн үндсэрхэг үзэлтнүүд хятад ажилчид руу дайрах нь олширлоо. Хятадууд ч үнэхээр энэ орныг “шударга бусаар хагацсан нутаг дэвсгэр” гэж ихэмсэг ханддаг. Учир нь Монгол улс 1911 онд Бээжингээс хараат бус болж чадсан. Ингэхдээ Орос улс өмнөд хөршийнхөө хүчийг сулруулахын тулд Хятадын эмх замбараагүй байдлыг ашиглан Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийхнийг дэмжсэн юм. Үүний дараагаар Монгол улс нэг хэсэгтээ зарим талаараа Орос улсаас хамааралтай болсон байдаг. Гэвч 1917 онд Орос улсад өөрт нь эмх замбараагүй байдал үүссэнээр Хятад улс байдлыг ашиглан Монгол дахь байр сууриа эгүүлэн олж авсан юм.
1921 онд барон Унгерн фон Штернбергийн командлал дор хэдэн зуун цагаантан Хятадын ноёрхолыг дахин унагасан байдаг. Гэвч энэ ялалтыг коммунистууд тэр дор нь ашиглан цагаантны цэргүүдийг бут цохиж Улаанбаатарт өөрийн гэсэн коммунист дэглэмийг тогтоов.

Нэрэн дээрээ тусгаар тогтносон улс гэгддэг байсан ч нидэр дээрээ Москвагийн бүх тушаалыг биелүүлж 1991 он хүртэл үнэнч холбоотон нь байлаа. Өнөөдөр монголчууд тэр үеүдийн талаар эсрэг тэсрэг үзэл бодол илэрхийлдэг. Нэг хэсэг нь оросуудыг “улаан дарангуйлагчид” гэдэг бол нөгөө хэсэг нь Бээжингийн мэдэлд үлдсэн Өвөр Монгол улсаас жишээ татан “Хятадын гентэй холилдохоос аварсан” хэмээн коммунистуудад талархаж явдаг юм билээ.
ЗСБНХУ задарсны дараа Хятадын нөлөөлөл эрс ихэссэн. 1990-ээд оны үед Хятадын хөрөнгөтэй хамт мянга мянган хятад иргэн цагаачлан ирэв. Тиймээс Хятадын залгиурт орох аюул ойртож буйг ухаарсан монголчууд Өвөр Монголын хувь заяаг давтахгүйг хичээн өнөө үед ОХУ-аас зүүгдэх боллоо.
Эрчим хүчний болон байгалийн нөөц боловсруулах, төмөр замын сүлжээг боловсронгуй болгох тал дээр олон оронтой чухал гэрээ, хэлцлүүд байгуулснаар монголчууд агуу том хоёр орны дундах тэнцвэртэй байдлаа хадгалахыг мэрийж байна. Монголын баялгийн төлөө олон орны дунд хүчтэй өрсөлдөөн ажиглагдах боллоо.
Олон жилийн турш Монгол улс үзэсгэлэнт байгалиас өөр зүйлгүй мэт санагдаж хөдөө аж ахуйн ядуу оронд тооцогддог байлаа. Гэвч геологичид энэ улсад вольфрам, цайр, молибден, тугалга, зэс, алт, хий, газрын тос гээд олон ордыг илрүүлсэн юм. Хамгийн гол нь тус улс ураны асар их нөөц (1.3 сая тонн) эзэмшиж байна.

Дээрх баялгуудыг Орос улс их сонирхож байгаа. Гэхдээ эрчимтэй хөгжиж буй Хятад улс бүр ч их сонирхож байна. Ялангуяа Хятадад эрчимтэй өсөн нэмэгдэж буй ган хайлуулах үйлдвэрүүдэд Монголд их хэмжээгээр агуулагдаж байгаа коксжих нүүрсний шаардлага их байгаа юм.
Гэтэл Монгол улс өнгөрсөн алдаагаа давтахгүйн тулд зөвхөн хоёр хөршдөө анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэхээ больсон нь байдлыг хүндрүүлж эхэллээ. Энэ улс барууны орнууд болон Япон улсад боломж олгохыг эрмэлзэх болов. Харин барууны орнууд Монгол улсыг дэлхийн ураны нөөцийн гол эзэмшигчдийн нэг гэсэн стратегийн ач холбогдлыг нь үнэлэн бусад орнуудын хоорондох зөрөлдөөн дээр тоглолт хийхийг оролдож байна.
Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Монголын хамгийн сайн түншээр ОХУ шалгараад байгаа. Араас нь хоёр дахин бага саналаар АНУ удаалав. Харин Хятад улс Японыг урдаа оруулснаар дөнгөж дөрөвдүгээр байрыг эзэлсэн. Гэхдээ энэ байрыг хятадууд “авлигадаж” авсан гэж хэлж болно. Үүнд монголчууд өөрсдөө буруутайгаас гадна эрх баригчдынх нь шунал нөлөөлсөн. Тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг гадаадын, тэр дундаа оросын компаниуд өөрсдийнх нь эрх ашиг болон хэдийнэ оруулсан хөрөнгө оруулалт нь юугаар ч хамгаалагдахгүй байгаад гомдол мэдүүлдэг. Учир нь монголчууд хэн нэгнээс нь мөнгө авсан ч эзэмшил ордоо нөгөөд нь шилжүүлж өгөх тохиолдол цөөнгүй. Тиймээс тус улсад үйл ажиллагаа явуулах хүнд байдаг аж.

Харин хятадуудтай харьцахдаа монголчууд тэдний эрх ашгийг аль болох хавчихгүйг хичээдэг. Тэр утгаараа өнөөдөр тус улсад Хятадын байр суурь нэлээд бат бөх оршиж байна. Хятадууд өнгөт металл, газрын тосны олборлолт болон автозам барих асуудалд хяналтаа тогтоохын төлөө бүхнийг хийж байна.
Нөгөө талаар, Монгол улс Хятадаас ашигтай нөхцөлөөр том том зээл авдаг нь тэднийг тус улсаас улам л хараат болох нэг шалтгаан болоод байна. Ганцхан Хятад улс л өнөөдөр худалдааны гол түнш нь боллоо.
Одоогийн байдлаар Монголд 1100 хятад компани үйл ажиллагаагаа явуулж байхад оросын компани хавьгүй цөөн байна. Нийтийн хоолны салбар бүхэлдээ хятадуудын гарт. Нэхмэлийн салбарын тал нь, тэр бүү хэл ноолуурын үйлдвэрлэл бүхэлдээ хятадуудын эзэмшилд байна. Арьс ширний үйлдвэрлэлд ч хятадууд тэргүүлсээр байгаа. Монголын нэг агентлагийн даргын нотолсноор, тус улсад өдөр бүр Хятадын нэгэн шинэ компани үүд хаалгаа нээдэг аж. Тэд геологийн эрэл хайгуулын ажилд ч улам бүр хяналт тогтоож эхэлжээ. Мөн энэ эрхэмийн хэлснээр, “Хятадын зах зээл зэс ч бай, төмөр ч бай, цайр ч бай бүхнийг залгигч харанхуй ангал”. Тийм учраас Монгол улс Хятадтай түншлэхийг илүүд үзэж буйг тэрбээр нуусангүй. Сүүлийн жилүүдэд тус улсад хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 30 гаруй сургууль бий болсон нь дээрх санааг баталж байгаа юм. Үүний үрээр орос хэл илт шахагдах болсон.
Бээжин нэр хүндээ өсгөхийн тулд өөрсдийн соёлыг сурталчлах, Монголын нийслэлийн дүр төрхийг шинэчлэхэд хөрөнгө оруулах зэргээр бүх бололцоогоо ашиглаж байна. Чухам хятадууд л шинэ байр, бизнес төвүүдийг нь босгож байгаа.

Үүнээс гадна Хятад улс зуу зуун монгол оюутанг сургах төлбөрийг төсвөөсөө гаргаж аажмаар тус улсын сэхээтний давхрагыг өөртөө татаж байна. Өнөөдрийн оюутан ирээдүйд эх орныхоо дээд ангийг бүрдүүлэгч нэг хэсэг нь болно. Тэгэхээр маргааш Хятад улс өөрийг нь түших монгол төрийн түшээдтэй болно гэсэн үг.
Орос улсын хувьд Монгол дахь байр сууриа алдах бас нэг нөхцөл нь хэтэрхий хүнд визийн системтэйд оршиж байна. Энэ шалтгаанаар монголчууд манай улсыг зорихоо больж хойд зүг рүү зорчих боллоо. Тус улсын сэтгүүлч Ганболдын үзэж буйгаар “Энэ хүнд суртал, үеэ өнгөрөөсөн үзэл бодол Орос улстай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд саад учруулсаар байгаа” аж.
Ингээд дээрх бүхнээс үндэслэн Монгол улс чухам хэдийд Хятадын нэгэн муж улс болох вэ гэдэг дээр өнөөдрөөс эхэлж бооцоо тавьж болох нь. Юутай ч эдийн засгийн нөхцөл нь бүрдчихлээ. Одоо улстөрчдөөс нь бүх юм шалтгаална. Бээжингийн хувьд одоогоор Монгол улс өөрөө хүсээгүй ч хятад цуурны аянд “бүжсээр” байгаад нь сэтгэл хангалуун байна.

Б.Уянга


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих