​Б.Жавхлан: Чингис бондыг төлж дуусгалаа

ca17dbfd2ebc7a113f912c25342cf62dАрван жилийн өмнө арилжаалсан Чингис бондын үлдэгдэл болох 136 сая долларыг төлснийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Ингэснээр манай улс тус бондын өр төлбөрийг төлж бүрэн барагдууллаа.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Үе үеийн Засгийн газар, УИХ үүргээ ягштал биелүүлж ирсний үр дүнд энэхүү бондыг төлж барагдууллаа. 5.1 хувийн хүүтэй байсан Чингис бондын 600 сая ам.долларыг 3.5 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай “Century” бондоор сольж, төсвийн дарамтыг багасгасан. Хэрвээ энэ бондыг босгоогүй бол тэрбум долларын дарамт авах байлаа.

Чингис бондоос бид сургамж авах ёстой. Тухайн үед бонд босгоход ямар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх вэ гэдэг нь бэлэн бус байсан. Бондын 13 хувь нь банкуудаар дамжиж, 26 хувь нь Засгийн газрын төсөл хөтөлбөр, үлдсэн 63 хувь нь төсвийн санхүүжилт байсан. Өөрөөр хэлбэл, 70 хувийг нь татвар төлөгчдийн хөрөнгөөр төлөх хариуцлагатай болсон. Ингээд нийтдээ арван жилийн хугацаанд 540 сая долларын хүү төлж, 264 сая долларын үндсэн өр төлбөрийг төлжээ. Бусдыг нь дахин санхүүжүүлсэн байна. Ямартай ч манай Засгийн газрын Чингис гэдэг бонд албан ёсоор дууслаа. Цаашид хөрөнгийн зах дээр богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны бонд гаргаж болохгүй. 2024 он хүртэл үүнийг баримтлахаар стратегидээ тусгасан” гэлээ.


URL: