УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Байраа барьцаалж, намдаа 50 сая төгрөг өгсөн, одоо лизингийн байранд амьдарч байна

Өнөөдрийн зочноор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг урьж ярилцлаа.-Сар шинэ болж өнгөрлөө. Шинийн нэгний нар харах, мөр гаргах гээд олон ёслол үйлддэг болсон. Буян хишгийн зүг, сүлд хийморийн зүг гээд л?
-Сайхан жил гарлаа. Энэ бол амны билэг.Би чинь шинжлэх ухааны хүн болохоор тиймэрхүү мухар сүсэгт итгээд байдаггүй. Нар харах, мөр гаргах нь тийм л зүйл байх. Цагаан сар чинь сарны тоолол болохоор шинийн хоёрны сарыг л харах ёстой байх. Нарны тооллоороо бол нэгдүгээр сарын 1-ний нарыг л харах ёстой байх. Би тийм зүйлд итгээд байдаггүй. Юуны тооллоор юу ямар үйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа чинь мухар сүсэг мөн биз дээ. Ядаж зүй тогтолоо ойлгох ёстой. Гэхдээ бурхан шашинг хүндэтгэнэ.
-Энэ жилийн заслыг үнэгүй хийнэ гэсэн  цуу яриа тарсан чинь лам нар ихэд бухимдаж байгаа сурагтай?
-Буяны үйл, бурхны сургаалийг захын бараа шиг зарж болохгүй. Тэгж захын бараа шиг байж болохгүй. Үнэ тогтоох үзэгдлийг би ойлгодоггүй. Уг нь буддын философи чинь  хүн өөрөө зүрх сэтгэлдээ бодож гэгээрэхийг чухалчилдаг. Тийм ч үзэлтэй байх. Хэтэрхий шашны зан үйлийг даган дуурайх нь хуурмаг л болж харагдана.
-Шинийн хоёрны сарыг мөнгөөр далладаг болсон байна билээ?
-Тийм сар жилд 12 удаа гардаг. Зарим хүмүүс түрийвчээ ил гаргаад тавьчихдаг болсон байна лээ, инээдтэй юм. Яг үнэндээ шинийн хоёр ийм сар гардаг юм гээд хүүхдүүд хэлж өгвөл болох юм.  Асуулдалд  бодитой хандахгүй хэтэрхий хийсвэрлэхээр ийм зүйл их дэлгэрч байгаа юм. Ерөнхий боловсролын бодлого алдагдахаар ийм зүйлс хавтгайрч байгаа юм. Ирээдүйн Монголыг авч явах хүмүүсийг шинжлэх ухаанаар хүмүүжүүлэхийн оронд мухар сүсэгээр тархийг нь угааж байна. Овоо тахихаар бороо орж байгаа гэх биш, мод тарихаар  ган болохгүй байгаа гэдгийг л ойлгуулах ёстой. Тэр сүсэг дээр зарим хүмүүс ажиллаж байна. Уул уурхайн компани нөхөн сэргээлт хийхийн оронд лам авчраад ном уншуулж байна. Ийм л ард түмэн.
-Хийморийн овоонд нийслэлчүүд олон жилд шавж байна. Та ямар нэгэн үйл хийдэг үү?
-Энэ тэр гэж ялгаад байхгүйгээр ууланд гарах дуртай. Хайрцагнаас гарч хааяа холыг харах хэрэгтэй байгаа юм.
-Луу жилийн эхний өдрүүд болохоор хүмүүс эрт  босч, шаргуу ажиллаж байх шиг.  Магадгүй жилийн нөр их ажлын эхлэл болохоор тэр байх. Та хэр эртэч хүн бэ?
-Нэг их эрт босоод байдаггүй ээ. Өглөө 07 цаг гэж босоод хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд 08.30 гэхэд Ордонд ирдэг. Ер нь нойронд гайгүй шүү. Хүн сайн унтаж амрах нь зөв байх. Ажлын хуваарь муутай улс шөнө нойроо алдаж суудаг юм болов уу. Гэхдээ их ажилтай үед унтахыг мартах тохиолдол гардаг л даа.
-Өглөөнийхөө цайнд та юу хэрэглэдэг вэ?
-Оюутан байхаасаа өглөө өлөн яваад сурчихсан. Энэ муу гэсэн шүү. Эхнэр л уу, ид гэж байж хөнгөн  юм идүүлдэг.
-Орой хүүхдүүдээ сургуулиас нь авах уу?
-Уг нь авахыг их боддог. Ихэнхдээ амждаггүй.
-Жолоочоороо авахуулдаг уу?
-Надад жолооч байхгүй. Нэгэнт би өөрөө машинаа барьж чадаж байгаа юм чинь жолоочтой байх  шаардлага алга. Жолооч цалинжуулж суухаар нэг судлаачаа цалинжуулахсан гэж боддог.
-Хүүхдүүд тань том болсон биз дээ. Багш хүний хувьд мэргэжлээ сонгох талд нь зааж сургаж байна уу?
-Гурван хүүхэдтэй. Бага нь нэгдүгээр ангид сурдаг. Ямар мэргэжил эзэмших нь тэдний л хэрэг. Би ямар ч хүний хувьд сонголт чухал гэж боддог. Түүнээс “Манай гэрт ийм мэргэжилтэй хүн байх ёстой” гэвэл хүүхэд зөв сонголт хийж чадахгүй.  Эцэст нь тэд амьдралаа өөрсдөө л авч явна.  Харин түүнд дэм болох боловсролыг олгож өгөхөд анхаардаг.
-Танай удамд хууль ч байсан уу. Багаасаа л хуульч болохыг мөрөөддөг байв уу?
-Манай аав эм зүйч, ээж бага эмч байсан.  Харин манай өвөө хуульч хүн байлаа. Би чинь хуульч мэргэжлийг хожуу эзэмшсэн. Дунд сургууль төгсөхдөө зохион бүтээх талын мэргэжилтэй болно гэж боддог байлаа. Математик гэх зэрэг тооны хичээлдээ сайн. Улсын олимпиадад ч хүртэл оролцож явсан.  Яг үнэндээ  10 жилд байхдаа нийгмийн хичээлийг тоож уншдаггүй байлаа. Төгссөнөөсөө хойш дөрвөн жилийн дараа  хуулийн сургуульд орсон. Тухайн үеийн нийгмийн шаардлагад  ч хуульч хэрэгтэй байсан байх.
-Одоо бол хуульч мэргэжилтэй наймаачид хаа саагүй л байна гэх юм. Энэ олон хуульчаас яагаад олон улсад өмгөөлөл хийчих хүн гарч ирэхгүй байна аа?
-Хуулийн сургууль төгсөөд хуулийн боловсролтой хүн болно. Түүнээс хуульч болж төгсөөд байгаа юм биш.  Хуульч хүн гэвэл ямар ч үед өмгөөлөл хийх, зөвлөгөө өгөх, шүүх эрхтэй хүмүүсийг хэлнэ. Харин тэр эрхийг авчихаад зах дээр  наймаа хийгээд зогсч байгаа бол гутамшиг. Эмч хүн эмчлэх эрхээ авсан бол хүний амь насыг толгойгоороо хариуцдагтай адилхан. Тийм болохоор ялгаа их байгаа биз. Сүүлийн 20 жилд их, дээд сургуулиуд зөвхөн мөнгө олох гэж хуульч мэргэжлийг хавтгайруулсан. Хуульч, эдийн засагч бэлтгэх нь тухайн сургуулийн амиа зогоох хэрэгсэл болсон.  Мэргэжлийн нэр хүндийг ингэж унагачихсан байгаа нь манай дээд боловсрол дахь дампуурал юм.
-Хуульч мэргэжил эрэлттэй байгаа болохоор тэр сургуулиуд оршин тогтноод  байна л даа. Хэзээ энэ мэргэжлийн үнэ цэнэ өсөх бол?
-Хууль бол энэ нийгэмд талх шиг хэрэглэгдэж байгаа нь үнэн. Чанартай, хариуцлагатай хуульчид энэ нийгэмд үгүйлэгдэж  байна. Нийгэмд хүлээлт их бий ч шийдвэр гаргаж буй хүмүүсийн ойлголт тэнгэр газар шиг зөрүүтэй байна.  Боловсрол, хандлага зөрүүтэйгээс болж гишүүд нэгдмэл ойлголтод хүрэхгүй байна.
-Ялангуяа Хууль зүйн сайд Ц.Нямдорж та хоёр байнга зөрчилдөж байдаг. Уг нь нэг мэргэжилтэй хүмүүс юманд хандах  хандлага  ойролцоо л баймаар юм?
-Бидний дунд боловсрол, хандлагын маш том зөрүү байгаа. Ц.Нямдорж намайг боловсролтой, боловролгүй гэж хэмжих нэг хэрэг.  Харин 10 жил Хууль зүйн сайд хийчихээд боловсрол олчихлоо гэж бодож байвал түүний хувьд том эндүүрэл. Энэ мэтийн ялгаа бидэнд байгаа учраас ойлголцоход хэцүү юм их бий.
-Ер нь юм л бол та хоёр нэг нэгнээ буруутгах гээд байдаг, тийм үү?
-Хууль гэдэг өөрийн гэсэн хууль зүйн хэллэгтэй. Тэр хэллэг нийгэмд зохицож байна уу, үгүй юу гэдэг хамгийн том асуудал. Нийгмийн харилцаа, хүмүүсийн бизнес хөгжөөд явчихсан байдаг, хуулийн хэллэгүүд хоцрогдчихсон байж болохгүй биз дээ. Социализмын үеийн хууль зүйн хэлээр өнөөдрийн ардчилсан нийгмийг илэрхийлэх гэж оролдоод байх юм. Хуучин хэллэг сайн мэддэгээ боловсролтойд тооцсон Хууль зүйн сайдтай улс бол манайх. Ор хөнжилдөө засаад байгаа хууль нь нийгэмд зохицож байна уу.  Гэтэл нийгэм маш их өөрчлөлтийг хууль зүйн салбараас шаардаж байна.  Хууль гэдэг чинь өөрийн гэсэн онолтой шинжлэх ухаан. Гэтэл “Би ингэж хийж ирсэн юм” гээд зүтгээд байх нь буруу.  Ц.Нямдорж гэдэг хүний толгойд онол байдаг гэхэд би итгэхгүй.
-Та нэлээд шартай хүн байх, тийм ээ?
-Шартай. Ер нь давна уу гэхээс дарагдаж унахгүй.
-Та хөмсгөө  зад цохиулж байсан юм аа даа. Тод сорви байна?
- Хоёр сорвитой байгаа биз дээ. Хүүхэд байх үеийнх. Кун фу, нинжа шиг юман дээгүүр харайж яваад ийм болчихсон юм.
-УИХ-ын гишүүн болоод гоо сайхандаа анхаарч эхэлсэн хүн олон байдаг. Сорвитой явж байснаас  авахуулчихвал дээргүй юү. Санхүүгийн  хувьд асуудалгүй биз дээ?
-Сайхан харагдлаа гээд юу өөрчлөгдөө аж. Засуулъя гэж ерөөс боддоггүй.
-Заримдаа ч таны бухимдал задарчих гээд байгаа харагддаг шүү?
-Задарна ч гэж байхгүй л дээ. 20 гаруй жил  хуулийн шинжлэх ухаанаар явлаа. Тэр зэргийг тэвчих хатуужил сэтгэхүйд маань суусан байлгүй дээ. 10 жилд байхдаа боксоор олон ч медаль авсан. Одоо ч гэсэн бие хамгаалах чиглэлээр бэлтгэл хийдэг. Тийм болохоор баргийн юманд нударга зангидаад байдаггүй.
-Шаардлага гарвал яах вэ. Боксоор олон жил хичээлсэн үү?
-Биеэ хамгаалах хэмжээнд чадна л гэж боддог.  Түүнээс олон жил багшилсан болохоор амаараа л хүнд юм ойгуулна гэхээс гараа зангидаад босох хүн би биш.  1985 оноос хойш боксоор хичээллэсэн. Гэхдээ би өнгөрсөн энэ мэт түүхээ яриад бахархаад байх дургүй ээ. Хообий энэ тэр яриад суумааргүй байна л даа.
-Уул хадаар алхах дуртай гэсэн үү?
-Н.Энхбаяр шиг мөстэй өндөр ууланд авираад байдаггүй юм. Төрсөн нутаг  Богд уулын Цэцээ гүний  оройд гарах дуртай. Хэц дамжин алхах сайхан шүү. Тоглож өссөн газар, адуунд явж байсан уул гүвээгээ харж, бага идэр насаа дурсах сайхан.
-Төв аймгийнх билүү?
-Тийм. Зуун Мод, Сэргэлэн сумын нутгаар өссөн. Богд уулын өвөрт төрж өсч, ар хормойд нь идэр насаа үдлээ. Нөгөө нас хэвийх үед өвөрт нь ирж нэг аманд нь амьдарна даа.
-Та үнэхээр тэгж амьдарна гэж бодож байна уу. Уулын аманд хуулийн ном бичээд л суух уу?
-Яагаад болохгүй гэж. Хуульч, профессор хоёр хөгширдөггүй юм. Улс төрд насаараа сууна гэж байхгүй. Гарсан үедээ  ном бичиж энд тэнд лекц уншсан өвгөн профессорын ажил хийх биз.
-Та нэлээд хэдэн ном гаргасан.  Борлуулалт хэр байдаг юм?
-УИХ-ын гишүүн болсноос хойш ном бичсэнгүй дээ. Ном болгохгүй байгаа л болохоос бичиж буй юм нэлээд байна. УИХ-д орохоос өмнө “Үгс” гээд таван цуврал ном гаргасан. Түүний дөрөвдүгээр дэвтэр нь таван мянган ширхэг борлогдсон.  Баабараас асуусан чинь “5000 борлогдоно гэдэг том амжилт” гэсэн шүү.
-Ний нуугүй хэлэхэд борлогдохгүй ном бий биз дээ?
-Салбарын шинжлэх ухааны ном бол борлогдох нь бага. Гэхдээ л багадаа 500-г борлуулчихдаг юм.
-Та өөрийн гэсэн бизнестэй болж амжиж байна уу?
-Судалгааны институт л байгаа. Гэхдээ орлого их муу. Миний цаашид хийж чадах бизнес бол энэ л байх. Түүнээс ямар наймаа хийгээд явж чадах биш. Өнөөдөр Монголд үзэл санааны бус, эрх ашгийн бүлэглэлүүд байна. Үзэл санааны бүлэглэл байхгүй болохоор намууд нь баруун зүүнээ ч мэдэхгүй явна. Харин саяхнаас  тодорхой хэмжээгээр эхлэл нь тавигдаж байгаа.
-Өөрийн гэсэн бизнесгүй байж яаж сонгуулийн мөнгө босгосон юм бэ?
-Би хэн нэгний халаасанд орохыг хүсэхгүй байгаа учраас намайг дэмжиж буй сонгогчдоосоо хандив гуйсан. “Сонгогчдод мөнгө өгдөг болохоос тэднээс мөнгө гуйдаггүй юм” гэж маш олон хүн ярьж байсан. Би зүгээр харъя л гэж бодсон.
-Хэдэн төгрөг зарлагадсан бэ?
-Бүгд нийлээд 84 орчим сая төгрөг болсон. Дүүргийн намын хорооны хүмүүст цалин гэж бас өгсөн. Намайг маш олон хүн дэмжсэн. Сонгогчидтой уулзаж байхад цуг явсан нөхдөөс мөнгө гуйгаад байгаа мөртлөө надад нэг эмээ ирээд 1000 төгрөг өгч байсан. Гудамжаар алхаж явтал таксины жолооч намайг дуудаад 10 мянган төгрөг өгсөн. Энэ мэтээр намайг дэмжсэн маш олон хүн бий. Тэднээр би бахархаж сууна.
-Ирэх сонгуульд та мөнгөтэй болчихсон байх уу. Эсвэл дахиад  сонгогчдоосоо хандив цуглуулах уу?
-Надад мөнгө байхгүй ээ. Нэг том компаниас мөнгө аваад сонгуульд орж болно. Харин би зорьж бодож байгаа зүйлээ хийж чадахгүй. Сонгогчдоосоо л гуйна. Миний бодлого, хийх гэж буй ажил  бусдад таалагдахгүй бол би заавал гишүүн байх албатай юм уу. Би бусдад хүлээн зөвшөөрөгдсөн байж УИХ-ын гишүүн болж юм хийнэ. Би бүх зүйлийг хуулийн дагуу явуулах ёстой.
-Өрсөлдөгч нар тань мэдээж таныг алдаа гаргаасай гэж бодож суугаа шүү дээ?
-Тухайн үед надтай Хууль зүйн сайд өрсөлдөж байсан. Би нэг л алдаа хийх юм бол асуудал үүсэхээр. Сонгуулийн болон тойргийн хэсгийн хороодод миний таньдаг хүн ганц ч байхгүй. Би доороо ажиллаж байсан хүмүүстээ “Нэг ч алдаа гаргаж болохгүй” гэж байнга захидаг байсан.
-Та хувиасаа хэдэн төгрөг гаргасан бэ?
-Байраа хүртэл барьцаанд тавиад сонгуулийн өмнөх намын босгыг давж байлаа. Хүнээс хүртэл зээлж байж 50 сая төгрөг намд аваачиж өгсөн. Одоо лизингийн байранд л амьдарч байна.
-Улстөрчдөд сонгогчдыхоо өмнө зүүдэг баг байдаг. Танд ч бас бий л байх?
-Сонгогчид юу ч гуйсан “За, таны зөв” гэж хэлдэг багтай байх хэрэгтэй байх. Надаас гэр гуйхаар нь “Уучлаарай, би танд гэр өгнө гэж сонгогдоогүй” гэдэг. Зарим нэг нь уурладаг биз. Сонгуулиар ажиллаж байсан хүмүүстээ хүртэл би ганц ажлын байр амлаж байгаагүй. Сонгогчид ч “Чи Их сургуулийн багш хүн, чамаас юм горьдохгүй. Энэ төрийг бидэнд үйлчилдэг болготол ажиллаарай” гэсэн.
-УИХ-ын гишүүн болох маш ашигтай байх. Танд мэдрэгдэж байна уу?
-Миний ашиг бол тодорхой. Над шиг дундаж амьдралтай хүмүүс энэ нийгэмд айдасгүй, эрх чөлөөтэй, үр хүүхдийнхээ амьдралыг гайгүй шиг аваад  явах бололцоотой орчныг бүрдүүлэх юм. Түүний төлөө л би гишүүн болсон. Яг Монгол Улсын төлөө гэвэл түүн шиг худлаа юм байхгүй л дээ. Тэр чинь хоосон лоозон байхгүй юу. Дундаж амьдралтай хүн гэж  хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр Монголын төр “Өө, хөөрхий ядуу юм. Май, гэр ав” гэсэн л бодлоготой явна. Дундаж хүний төлөө бодлого байхгүй. Үүний төлөө л би явж байна.
-2012 оны сонгууль бас л нэлээд хэмжээний мөнгөний сонгууль болно. Танд уначих вий гэсэн айдас байхгүй байна уу?
-Мөнгө байхгүйгээс болоод шахагдаад гарвал яая гэх вэ дээ. Хүмүүс надад итгэвэл санал өгнө,  өгөхгүй бол би УИХ-д гарахгүй. Би заавал гишүүн болно гээд хүний халаасанд орж хор найруулж  чадахгүй.
-Ер нь бизнес хийх гэж үзсэн үү?
-Ганзгын наймааны үед гахай үүрээд явсан. Европын олон ч орноор тэнэсэн дээ. Гурван жил яваад л  наймаа хийх хүн биш юм байна гэдгээ мэдэрсэн. Надад  бизнес хийх авьяас байхгүй байсан. Яах вэ өнчин хүүхдийн асрамжийн газар байгуулах юмсан гэж бодож явдаг. Өөрөө элэг бүтэн өсөөгүй болохоор ч тэрүү. Гадаадын олон тийм газрыг судалж үзсэн. Манай гэр бүлийн хийж чадах ажлын нэг бол энэ. Хэд хэдэн хүүхэд өргөөд авчих юмсан гэж боддог. Нэг нэгнээ өсгөөд болж л таараа даа.
-Залуу хүмүүс, дахиад хүүхэд гаргаж болохгүй гэж үү?
-Хүүхэдтэй болж болно. Тэр нь заавал бид хоёрын мах цусны тасархай байх уу, үгүй юу мэдэхгүй. Өргөж авч яагаад болохгүй гэж. Аав ээжтэй болохыг хүссэн олон л өнчин өрөөсөн хүүхэд байна.
-Бага байхад аав тань өнгөрсөн гэдэг билүү?
-Бүүр бага байхад өнгөрсөн. Би ухаан орсноосоо хойш аав гэдэг үгийг хэлж үзээгүй. Амьдралынхаа туршид аав гэдэг үгийг хэлж өсөөгүй болохоор хадам аавыг аав гэж хэлж чаддаггүй юм.
-Эхнэр чинь юу гэх вэ?
-Заримдаа уурлаж л байдаг юм. Гэхдээ намайг ойлгох нь илүү гэх үү дээ. Аав гэдэг үгийг зовж байж амнаасаа унагадаг.
-Аавыг тань өнгөрөхөд танайх хаана байсан юм?
-Хотод. Аавыг өнгөрсний дараа ээж биднийг дагуулаад аав ээжээ бараадсан юм. Аавын тал хотын хүмүүс. Өвөөгийндөө ирэхээр намайг дагуулаад  дэлгүүр хэсдэг байсан. Хөдөөний өвөө бол аяганд боорцог тоолж хийж өгдөг, уурганы хуйваар ороолгодог хатуухан хүн. Ухааны хат гэдгийг надад хоёр өвөө маань суулгасан.
-Хатуу үгтэй хөгшид цөөрөөд байна гэх юм. Магадгүй нийгмийн байдлаас болоод хөгшид хатуу үг дуугарахаа больсон юм болов уу?
-Мэдэхгүй юм даа. Манай хатуу өвөө бол “Бид ан агнаж амьдрах хүмүүс биш, төр засч амьдрах хувьтай улс” гэдэг байсан. Манайхан чинь язгууртан угсаатай юм билээ.  Ангийн мах гэртээ оруулахгүй. Тарваганы мах идчихээд ирэх юм бол гэрээс хол угааж ариулж байж гэртээ оруулдаг хүн байсан.
-Та ангийн маханд дургүй байх нээ?
-Намайг бага манайх алдарт уяач Маар гуайнхтай ойрхон байсан юм. Яагаав нөгөө Маарын хээр гээд л ярьдаг биз дээ. Тэднийх  тарвага их агнана. Би нэг удаа тэнийхээс тарваганы мах малгайдаа  боож авчраад гэрийн хоймор дахь жаазны араар хийчихсэн чинь тэнд бурхан байсан юм билээ. Тэгээд өвөөдөө хуйваар гөвдрүү гүйтэл ороолгуулж байсан.  Одоо хааяа нэг амсахаар гоё байдаг ч гэр бүлийн уламжлал болохоор хол байдаг.
-Хуйвны амт үзэхийг бодоход их дэггүй хүүхэд байж дээ?
-Зүгээр сууж чаддаггүй хүүхэд байсан. Хонинд яв гэхээр жалганд очоод хэвтчихдэг. Ахлах ангид байхдаа ангийн атаманаар шалгарах хүмүүсийн тоонд цохиж л явсан. Охидоо булаацалдаж зодоон хийнэ. Эхнэр бид хоёр чинь нэг ангийнх. Ер нь намайг ямар явсныг сайн мэднэ.
-Хөвгүүдээс харамлаж зодолдож байж эхнэрээ болгоод авсан юм уу?
-Тэр үед чинь өөр анги, өөр орцны охин эргүүлнэ гэдэг эр зоригийн асуудал байлаа. Өөр орцонд охинтой уулзаад зогсч байгаад атамануудад нь харагдах юм бол агуйд нь ороод ирсэн юм шиг аашилна. Ер нь миний толгойд зодоон хийж байгаад авсан нэлээд олон сорви бий шүү. Гэхдээ эхнэрээ булаацалдаж зодоон хийж байгаагүй байх. Яагаад гэхээр манай эхнэр чинь манай ангийн хамгийн өндөр охин, би хамгийн намхан хүүхэд нь байсан. Биеийн тамирын хичээл дээр нэг дор зогсоно. Тэмээ ямаа шиг л харагддаг байсан болохоор юу гэж тэр өндөр охиныг сонирхох вэ дээ. Бид хоёр тэр үед үерхсэн бол онигоо болно биз дээ. Төгсөөд жилийн дараа бид хоёр учирсан.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Л.Зэрбан


URL:

Сэтгэгдэл бичих