Ядуусын голоо зогоодог хогийн цэгээс баячууд хэдэн зуун саяыг босгож байна

-Буцалтгүй тусламжийн 10 сая доллар, Монгол  Улсыг хөгжүүлэх сангийн 4.1 тэрбум төгрөг үр ашиггүй  зарцуулагджээ

-Улаанбаатар хот сая дахь иргэнээ хүлээж аваад цөөнгүй жилийг үдэж байна. Том хотын зовлон их. Агаарын бохирдол, замын түгжээ, хогны асуудал  гэх мэт ар араасаа зовлон тоочсон дарга нар “Мөнгөгүй учраас асуудлыг шийдэж чадахгүй байна” хэмээн толгойгоо сэгсэрч, ажил хэрэгч хүний дүр эсгэнэ. Гэвч үнэн хэрэгтээ хог, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудал дээр дөрөөлөн албан тушаалтнууд асар их ашиг хонжоо олдог аж. Та ядуу хүн л хог түүж голоо зогоодог гэж бодож байна уу. Тэгвэл андуурч байна. Ядуус хог ухаж хэдхэн  халтар төгрөг олж яддаг бол хогон дээрээс эрх мэдэлтнүүд хэдэн зуун сая төгрөг унагааж байна. Хог хаягдал тойрсон маргаан өнгөрсөн жилээс  дэгдэж,  их мөнгөтэй холбоотой маргаан чих дэлсэх болсон. Хогонд зарцуулж байгаа асар их хэмжээний хөрөнгө  мөнгө хаашаа орж байгааг тодруулахаар шийджээ.  Үнэндээ шалгаж үзэхээс ч өөр арга байсангүй. Сүхбаатар дүүргийн хог хаягдлын сангийнхан “Ланд крузер” маркийн машинаар хог тээвэрлэсэн гэдэг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, Баянзүрх дүүрэгт хур хогийг 60 сая төгрөгөөр цэвэрлэсэн гэх боловч хог тээвэрлэсэн байгууллага нь тодорхой бус, Чингэлтэй дүүрэгт таван сая  төгрөгөөр хог хаягдлын тухай  хууль хэвлүүлсэн гэх мэт бөөн будлиан дэгдэж, Аудитын шалгалтыг  оруулжээ. Энэхүү шалгалтын явцад хөрөнгө мөнгөтэй холбоотой асар их хэмжээний зөрчил илэрсэн байх юм.
137.4 сая төгрөгийн үнэтэй хогийн савнууд хаана байна?
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд 50-100 метр тутамд стандартын шаардлага хангасан  хогийн сав байршуулах тухай заалт оржээ. Засаг даргын энэхүү мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2007-2009 оны хооронд нийтдээ 137.4 сая төгрөг зарцуулж, 1560 ширхэг хогийн сав байрлуулжээ. Судлагаанаас харахад нэг хогийн сав нь 280-856 мянган төгрөгийн үнэтэйгээр хийгдсэн байх юм. Гэвч өнөөдөр энэ хогийн савнуудын тал хувь нь алга. Өндөр үнэтэй ч хэтэрхий чанаргүй, бас суурилуулалт муутай, харж хандах эзэнгүй учраас олон саяын үнэтэй хогийн сав  үрэгдэж алга болсон бололтой. “Дарга нар хятадаас хямдхан хуванцар хогийн сав авчраад өндөр үнээр шахчихсан” гэсэн яриа ч чих дэлсч байна. Манай дарга нарын  280 мянган төгрөгөөр үнэлсэн хогийн савыг гудамжнаас хог түүдэг нөхдүүд 2800 төгрөгөөр л түүхий эдийн цэгт  тушаасан гэж захын хүн ярьж байна.
Хог дагасан машины бизнес
Одоогоос хэдэн жилийн өмнө Нийслэлийн хогны тухай ярихаар л “Машин техник хүрэлцээгүй, хогоо ачиж чадахгүй байна” гэдэг гомдол тавьцгаадаг байлаа. Харин өнөөдөр “Эвдэрхий  машинуудаа хаана хийхээ мэдэхгүй байна” гэж гомдол тавьцгаадаг болж. Энэ нь ч аргагүй. Өнгөрсөн хоёр жилийн дотор гэхэд л Япон улсын буцалтгүй тусламж, Монгол улсыг хөгжүүлэх сангаас хог тээвэрт зориулан 185 машин, механизм нийлүүлжээ. Гэвч 2008 онд Монгол улсыг хөгжүүлэх сангаас мөнгө гаргаж авсан 85 машин өнөөдөр төмрийн хог болжээ.Тодруулбал, Хятад улсаас  72 сая төгрөгөөр худалдан авч ТҮК-д хүлээлгэж өгсөн ачигч машины ихэнхи нь эвдэрч, тоногдож, ашиглах аргагүй болжээ.  Уг нь шинэ машин дор хаяж  хоёр гурван  жилдээ л засвар шаарддаггүй гэцгээдэг. Харин Хятадаас өндөр өртгөөр авсан эдгээр машинууд нь  сар ч хүрэхгүй, эхнээсээ эвдэрч, зарим нь огт асахаа ч больж. Ядаж байхад сэлбэг материал нь ч ховор,  уг машиныг үйлдвэрлэсэн  гэх Хятададаас нь ч эрж сураад олсонгүй. “Моннис” компанид сэлбэг захиалахаар зах зээлийн ханшаас  хоёр, гурав дахин өндөр үнэ хэлчихээд авчирч өгдөггүй аж. Аргаа барсан засварчид “Хятадын  хувийн жижиг үйлдвэрт угсарсан машин учраас тоног төхөөрөмж нь олдоггүй юм гэнэ лээ” гэцгээж байх юм. Энэ машинуудыг нийлүүлсэн компани нь “Моннис”. “Японоос машин оруулж ирж зардаг” хэмээн өөрсдийгөө рекламддаг “Моннис”-ынхан улсын төсвөөс 1.6 тэрбум төгрөг авсан  гэж мэдээлдэг аж. Гэвч Монгол улсыг хөгжүүлэх сангаас 2008 онд гэхэд л 4.1 тэрбум төгрөгийг хог тээвэрлэх машин техник худалдан авахад зарцуулсан гэж Аудитын шалгалтын дүгнэлтэнд дурьджээ. Үнэндээ Монгол улсыг хөгжүүлэх сангаас гаргасан мөнгө “Моннис” гэдэг компанийн эздийн халаасыг зузаалахад л нэмэр болсон бололтой. Үүнээс гадна Монгол улсыг хөгжүүлэх сангаас мөнгө гаргаж худалдаж авсан 338.4 сая төгрөгийн үнэтэй мод шилжүүлэн суулгах зориулалттай машин өнөөдрийг хүртэл ганц ч удаа ашиглагдсангүй.  Ажиллагааны горим нь манай оронд таарахгүй, хэтэрхий их шатахуун зарцуулдаг гэсэн оноштойгоор агуулахын хашаанд хэвтэж байна.  Уг нь энэ машин тал газарт ургасан өндөр модыг үндсээр нь булга татаж, урьдчилж бэлтгэсэн нүхэнд суулгах зориулалттай эд гэнэ. Энэ өндөр үнэтэй машиныг ашиглаж, уулнаас мод бэлтгэх гэж  манайхан оролдсон ч уулын хажуу руу онхолдох шахсан тул дахин ашиглаагүй юм байна. Үүнээс гадна Хот тохижилтын газар 2008 онд бас л баахан хөрөнгө мөнгө зарж, хиймийн хортой болон эмнэлэгийн хог хаягдал тээвэрлэх тусгай зориулалтын машин авсан ч бас л ашиглаагүй, эмнэлэгүүд өөрсдийнхөө хогийг өөрсдөө аваачиж хаядаг нь тодорхой болжээ. Хог ачих зориулалттай гаднаа удирдлагатай тракторыг 83 сая төгрөгөөр худалдан авсан боловч бас л агуулахын хог болон хувирчээ. Гаднаа удирдлагатай учраас осол аваар гарах магадлалтай гэж оношлогдоод байгаа энэ техникийг хаана үйлдвэрлэсэн нь бас л тодорхой бус байгаа юм. Ямартай ч хог ачих тээвэрлэх машин механизм авах нэрийдлээр дарга нар улсын олон зуун сая төгрөгөөр гараа угааж, хэнд хэрэггүй машин цуглуулж байна. Үнэндээ машин худалдаж авах шийдвэрийг хэн гаргасан, хэн дундаас нь мөнгө төгрөг завшсан бэ гэдгийг шалгаж үзвэл  нилээд ноцтой баримтууд гарч ирэх нь тодорхой.
Хогийн цэгээс ашиг хайгчид
Нарангийн энгэрийн хогийн цэгийг нээгдэхээс өмнө Улаанчулуутад манайхан хогоо хаядаг байлаа. Аль социализмын үеэс Улаанбаатарчуудын хог хаягдлыг агуулж байсан энэ газрыг хаах шийдвэр гаргаж, 70 гаруй сая төгрөг төгрөгөөр нөхөн сэргээлт хийжээ. Гэвч Улаанчулуутын шороонд дарагдсан төмрийн хаягдлыг ухаж авах сонирхолтой хүмүүс цөөнгүй байсан бололтой. Тэдний нэг нь “Вийн райс” ХХК-ийнхан. Тэд хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батаар албан тоот гаргуулж, тун сонин гэрээ байгуулсан байх юм. Хотын Ерөнхий менежер Ч.Бат Хот тохижилтын газрын дарга  асан Б.Болдод “ Улаанчулуутын хог хаягдлыг ашиглан, өөрийн хөрөнгөөр хогийн цэгийн орчимд үүссэн хур хогийг цэвэрлэх, нөхөн сэргээлт хийж, хөрсөөр хучих сонирхолтой дөрвөн компани байна. Урилга авсан компаниудаас “Вийн райс” ХХК төслийн шалгаруулалтанд тэнцэж, нөхөн сэргээлтийн барьцаа болгон 10 сая төгрөгийг Хот тохижилтын газрын дансанд тушаасан тул тус компанитай хамтран ажиллахыг мэдэгдье” гэсэн 1/1107 тоот албан бичиг илгээжээ. Сонирхолтой нь өөрийнхөө хөрөнгөөр нөхөн сэргээлт хийхээр амласан “Вийн райс” ХХК-ынхан төмрийн хаягдал цуглуулагч нартай нийлж,  Улаанчулуутын хуучин хогийг эргүүлж ухаж гаргах  ажил л хийжээ. Тэр ч бүү хэл тус компанийнхан хогийн цэгийг ухах эрхийг хувь хүмүүст зарж байсан гэсэн мэдээлэл хүртэл ирж байна. Улаанчулуутын хогийг ухан хаягдал цуглуулж, их хэмжээний мөнгө олсон “Вийн райс” ХХК Хот тохижуулахын дансанд хийсэн 10 сая төгрөгөө хаяад ор мөргүй алга болцгоож. Харин тэдний ухаж онгичсон хогийг эргүүлж дарахын тулд улсын төсвөөс 300 гаруй сая төгрөг зарцуулсан тухай учир мэдэх улс ярьж байна. Ёстой л нөгөө ухаангүй ноёны урагшгүй албатууд гэж эднийг л хэлдэг байлгүй дээ.
Хотын даргаа хогоо хаана хийх вэ?
Нарангийн энгэрийн хогийн цэгийг бид 2020 он хүртэл ашиглах боломжтой гэсэн тооцоо судлагаа бий. Гэвч өдрөөс өдөрт хог нэмэгдэж, барилгын хогийг далд хийх газар олдохоо больж эхэллээ. Хэрвээ орон сууцны долдугаар хорооллыг барих ажил эхэлж, гэр хорооллын айлуудыг нүүлгэж, байшинг нь нурааж эхлэх юм бол Нарангийн энгэрийн хогийн цэг хэдхэн жилийн дотор дүүрч, бид хогоо хаях газаргүй болно.  Гэтэл Нийслэлийн захирагчийн  ажлын албаныхан хог хаягдалд зориулсан мөнгийг үр ашиггүй зарцуулж, гадны тусламжийн мөнгөөр гараа угааж байна. Японы буцалтгүй тусламжийн 10 сая доллар үр ашиггүй зүйлд зарцуулагдаж,   Нарангийн энгэрт 136 сая төгрөгөөр модон жорлон барьж,  Монгол улсыг хөгжүүлэх сангийн 4.1 тэрбум төгрөгөөр хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй машин техник цуглуулж, дур зоргоороо авирласаар… Монгол улсыг хөгжүүлэх сангийн мөнгө, гадны буцалтгүй тусламжийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад  жаахан ч гэсэн анхаарч, санаа тавихыг Танаас иргэд шаардаж байна. Энэ бол ганцхан жишээ. Хотын тулгамдсан асуудал болох агаарын бохирдол, утааны асуудал, замын түгжрэлд зориулсан их хэмжээний  хөрөнгө яг л хогонд зарцуулсан мөнгө шиг үр ашиггүй замхарч, цөөн хэдхэн хүний халаасыг дүүргэж байгааг анзаарч харж, анхаарал тавих цаг болсон юм биш үү?


URL:

Сэтгэгдэл бичих