Фэйсбүүк ашиглах нь сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг

Фэйсбүүк сүлжээ ашиглах нь нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүсийн сэтгэл санааны байдалд сөргөөр нөлөөлдөг болохыг Шведийн сэтгэл судлаачид тогтоожээ. Гётеборгийн их сургуулийн эрдэмтэд энэ сүлжээтэй харьцах нь боловсрол дорой бас бага орлоготой хүмүүс болон залуу эмэгтэйчүүдийн хувьд өөрийгөө мэдрэх мэдрэмжид сөргөөр нөлөөлдөг гэдэг дүгнэлтэд хүрчээ.

Фэйсбүүкийг ашиглах тусам тэдний сэтгэл санааны байдал улам дорддог гэж эрдэмтэд тайлбарлажээ. Тэдний явуулсан судалгаанаас үзвэл, уг сүлжээг ашигладаг дөрвөн хүн тутмын нэг нь сүлжээг байнга ашиглахаа больж эхлэх үедээ сэтгэл санааны хувьд тавгүйтэж эхэлдэг байна.

Харин Фэйсбүүк сүлжээнд маш олон цагаар байх үед «сөрөг» сэтгэл хөдлөл үүсч болзошгүй гэнэ. Гэхдээ чухам боловсрол дорой, ядуу, бас залуу эмэгтэйчүүд энэ сүлжээг идэвхтэй ашигладаг ажээ.

«Бидний үзэж байгаагаар, энэ нь хүн бусадтай өөрийгөө харьцуулдагтай холбоотой болов уу. Хэрвээ ийм мэдрэмж байнга төрвөл хүмүүс өөрийгөө азгүй, бүтэлгүйд тооцож эхэлдэг» гэж Гётеборгийн их сургуулийн эрдэмтэн Лейф Денти ярьжээ.

Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих