​Б.Бат-Очир/Монголоо/: Залуучуудын амьдрал ч, сэтгэлгээ нь ч ядуу байна

image_660Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал төв талбай дээр 17 дахь өдрөө үргэлжилж байна. Тус жагсаалын эхний өдрөөс хойш олны анхаарлын төвд буй залуу Монголоо буюу Б.Бат-Очиртой ярилцлаа.

-Япон улсад сурч байсан гэсэн. Ямар мэргэжлээр сурч төгссөн юм бэ?

-Миний хувьд Япон улсад сургуульд сурахын хажуугаар ажил хийж байгаад ирсэн. Тийм ч сайн сургуульд сураагүй ээ. Амьдралын эрхээр тэнд үлдэх гээд визний сургуульд орж байсан. Мөнгө л өгчих юм бол виз гаргаж өгдөг тийм сургуульд гэсэн үг.

-Монголд хэзээ, яагаад ирэх болсон бэ?

-Ирээд гурван сар л болж байна.  Японд би долоон жил амьдарч байгаад ирсэн. Дунд нь нэг ч удаа ирж байгаагүй. Энэ бүх хугацаанд мэдээж маш олон зүйлийг үзэж, шантрах үедээ шантарч шамирах үедээ шамирсан. Ингэж явж байгаад их зүйлийг сурчихдаг юм байна. Ажил хийгээд завгүй явах тусам хүн өөртөө их итгэлтэй болдог юм байна. Хажуугаар нь ганц нэг ном уншчихаар юмыг харах өнцөг өөрчлөгддөг юм шиг санагдсан. Залуучууд ихээр эх орноосоо дүрвээд гадаад улс руу явж байгаа нь ч ажиглагдана. Би дээрээ нэг ахтай. Ер нь агаатай их ярина шүү дээ. Ярихаар дандаа л Монголд амьдрал болохгүй байна. Чи өөрөө энд байхгүй байгаа болохоор мэдэхгүй байна. Цалин мөнгө хэрэглээнд хүрэхгүй, өртөг өндөр байна гээд л зовлон тоочдог. Монголд байгаа хүнтэй ярихаар ер нь байнга зовлон тоочно. Өөр зээл, өвчин зовлон гээд л. Би чинь Японд ганцаараа. Хааяа Япон хүмүүстэй харьцаж байгаад Монгол хүнтэй ярихаар аймар мэдрэгдэж байгаа юм чинь.

Нэг өдөр агаа над руу яриад Солонгос руу виз гарах боломжтой юм шиг байна. Солонгос явж харлалаа гэсэн. Би тэгэхээр нь яваад үз. Баригдсан ч бай, баригдаагүй ч бай. Өөрийгөө сориод үз л гэсэн. Би өөрөө тэр үед тэгчихгүй яав даа гэж бодож байснаас одоо цаг дээр бодсон зүйлээ хийхийг хүсдэг. Тиймээс битгий гэж хориглож чадаагүй. Тэр үед миний бодож байгаа шиг Монголд үнэхээр хэцүү байвал яана аа гэж л бодож байлаа. Монгол руу ирэхээсээ өмнө залуучуудтай ярилцаад эх орон руугаа явдаг юм билүү. Нутаг буцвал яах вэ гэхээр Монголд очоод амьдрал аймар хэцүү байгаа. Ийм боломж байгаа дээр хэдэн төгрөг хураагаад ядаж нэг машин ачуулаад, байртай болоод яв гэнэ. Би чинь тэнд ажил хийгээд багахан компани шиг юм байгуулчхаад гайгүй амжилттай явж байсан. Хүн болгон Монголоо мундаг шүү гээд магтаад байхаар өөрийгөө буруу сэхчих вий гээд санаа зовж эхэлж байгаа юм. Ганц нэг ном уншсан юм болохоор сэхсэн үедээ яаж өөрийнхөө хандыг дарах, ядарсан үедээ яаж асах, ямар үед даруу дөлгөөн байх вэ гээд дандаа дотроо бодож явдаг байсан. Хүн бүхэн яваад хэрэггүй гээд, мундаг гээд байхаар нь тийм л мундаг юм бол эх орондоо очоод хөлөө олоод амьдарчих. Дандаа л утасны цаанаас ахыгаа загнаж, хүмүүст сургаал айлдаад, бодит орчин дээрээ байхгүй байж хөндлөнгөөс ярьж байх юм гэж бодож байсан. Тэгээд л өөрийнхөө хандыг дарах хамгийн зөв арга нь Монголд ирж юу чадахаа сорих хэрэгтэй гээд ирж байлаа.

-Монголд олон асуудал байгааг мэдээд л ирсэн шүү дээ. Хамгийн түрүүнд юу ажиглагдав?

-Хүрч ирээд л бодит байдалтай тулаад шокт орсон.  Зам дээр байгаа машин нь тоосонд дарагдаад, хир тортог болчихсон баахан хуучин машинууд.  Тэр машины өнгө тоос шороо нь энэ нийгмийн өнгө төрх нь болчихсон. Машин болгон сигналдаад байгаа шүү дээ. Бөглөрчихсөн байж байж л сигнал дараад энэ нийгмийн хашхираан болчихсон. Дотор нь суугаа аз жаргалгүй монгол хүнийг харах аймар шүү дээ. Хүмүүс энийг ерөөсөө анзаарахаа больчихсон. Тэрийг хараад дотор бачуураад, нулимс цийлгэнээд л. МУИС-ийн гудамжаар явахаар хаа сайгүй халаасны хулгайчаас болгоомжил гээд арван метрийн зайтай тавьсан байдаг. Нийгэм нэг зүйл олон давтагдаад ирэхээр бухимдал, асуудал болж гарч ирдэг гээд л олон зүйлтэй тулгарсан. Ажил хийсэн өдрийн цалин нь 25-30 мянган төгрөг атлаа хамгийн хямдхан хоолны газар хоол идэхэд нэг хоол арван мянган төгрөг. Үлдсэн 15 мянган төгрөгөөр нь яаж амьдралаа залгуулах уу. Өнөөдөр 20 мянган төгрөгөөр хоёр гуравхан юм авч байна шүү дээ. Намайг Монголд байхад 20 мянган төгрөг их мөнгө байсан. Одоо хүмүүс 20 мянган төгрөг их мөртлөө их юм авч чадахаа байчихсан байна. Анзаарахаа байчихсан. Анзаарсан ч ямар нэг зүйл хийгээд хөдлөөд, дуу хоолойгоор хүргэж чаддаггүй.

Залуучууд маш ядуу дээрээ ядуу сэтгэлгээтэй байна. Ядмаг, биеийн амрыг харсан хүмүүс л байна. Угаас иймхэн цалингийн төлөө хэцүү шүү дээ. Авч байгаа хэдэн төгрөг нь амьдралд нь хүрэхгүй болохоор олсон хэдэн төгрөгөөрөө архи уугаад л. Ууж байгаа газар нь яг ижилхэн шалтгаантай хүмүүс байгаа. Нэгдээд нийлж уугаад архины хамааралтай хүмүүс бий болж байна шүү дээ. Би бол тэгж хардаг.

-Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалд яаж нэгдэв?

-Арванхоёр дугаар сарын 4-ний өдөр талбай дээр жагсана гэсэн. Ямар ч байсан очиж жагсах ёстой гээд лоозон хийгээд ирсэн. Эхний өдөр яахаа мэдэхгүй өдөржин зогссон. Хэн нэгэн ирээд манлайлах юм болов уу гэсэн хүмүүс хоорондоо хэрэлдээд л байсан. Мундаг мундаг юм яриад хэрэлдээд, алалцаад байсан. Учрыг нь мэдэхгүй өдөржин зогсоод орой тараад харьсан. Харихаасаа өмнө цөөхүүлээ ч гэсэн залуусаа нэгдээрэй гээд л талбайг тойрсон. Тэгсэн маргааш нь хүмүүс ирээд пиг. Нөгөө хоёр залуу хувцсаа тайчсан шүү дээ. Тэр олон хүнд хүрэх шиг болсон. Маргааш нь монголчууд асаад хүрээд ирсэн. Асаж ирчхээд юу юуны духанд хүрэхгүй ордон руу дайраад хамаг юмыг нь эвдэж сүйтгээд бөөн юм болж билээ. Тэр үеэр ч байж байлаа. Шат руу гарч нэг зургаа авхуулаад бууж ирсэн. Энэ шат руу чинь бас гарч үзмээр байна шүү дээ. Наад талаар нь гинж татаад хүмүүст нээлттэй биш. Энгийн тайван үедээ Чингис хааныхаа өмнө зургаа авхуулаад, хүрч үзмээр байна шүү дээ. Харин жагсаалын гуравдах өдрөөс алалцаад байсан хүмүүс чинь байхгүй болчихдог юм байна лээ. Хүмүүс алга болоод явахаар нь яах эсэхээ мэдэхээ байсан. Аав, ээж, ах, эгч нар тэмцэх гэж ирээд хоёр, гурван цаг болоод яваад өгдөг юм байна. Үүнийг яаж үргэлжлүүлэх үү. Яаж гинжийг таслахгүй байх вэ гээд хэдэн залуу суулт хийх үү гэж ярилцаж байсан. Тэгэхээр нь ямар ч байсан би явж болохгүй юм байна. Одоо хаяад явбал өөрөө өөрөөсөө урвасан хэрэг болох юм байна гээд цементэн шал нь дээр картон цаас дэвсэж байгаад 35-уулаа хоносон. Маргааш өглөө нь босож ирээд хор шар хөдөлсөн. Хүйтэн цемент дээр хонож, Засгийн газраас хариуцлага нэхэж шаардлага тавьж илүү зүйл хүсээгүй. Мөнгө гуйгаагүй шүү дээ.  Ер нь тэгж л эрчээ авсан. Одоо бол жаахан сулрах тал руугаа хандаж байгаа юм шиг байна. Хүмүүс хэд хоног ирж байгаад ирэхээ больчихсон. Ялт ч үгүй бид хэд хонож байгаа болохоор сэтгэл нь өвддөг юм уу, санаа нь зовдог юм уу ирж байна. Бид нар бол энэ зүйлийн эцсийг үзэж байж л сална гэсэн бодолтой байна. Залуу хүний шар гэж юм байна шүү дээ. Энэ хүсээд байгаа хуулийн заалтыг чангалж өөрчилж байж сална гэсэн бодолтой байгаа. Эрүүл мэндийн асуудалд орчихгүй бол явж л байна.

-Хуулийн өөрчлөлтийг хийж байж сална гэж байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан шүү дээ. Үүнд иргэдийн шаардсан заалт тусгагдаагүй байгаа хэрэг үү?

-Хуульд өөрчлөлт оруулаад баталсан боловч хулхитсан. Нөгөө авлига албан тушаалтай холбоотой ял нь хэвээрээ байгаа. Бид нарыг молигдсон байгаа байхгүй юу. Парламент.мн гээд сайт руу ороод хараарай. Яг хэвээрээ байгаа. Монголчууд ч тийшээ ороод үзчих ухаангүй байна л даа. Ярихаас, хэрэлдэхээс цаашгүй. Тиймээс бид ингэж хулхидуулахгүй ээ. Хуулиа батлахдаа мундаг хэлж байгаа юм. Бид гадаа жагсаж байгаа жагсагчдын шаардлагын дагуу хуулийг чангаруулж байна гээд л ухаалаг зүйлсийг ярьсан боловч яг л хэвээрээ байна. Энэ хуульд ахиж шаардлага хүргүүлж, хуулийн багт нь өөрсдийн хуульчдаас оруулан хянуулж байгаад батлуулна. Тэрнээс наана яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Бид итгэхгүй байна. Маш худалч хүмүүс байдаг юм билээ. Энэ хуулиа чангалуулаад батлуулчих юм бол миний хувьд харьж амарна. Яагаад гэвэл бид Засгийн газрыг огцруулах гэж тэмцээгүй. Хулгайтай тэмцэхийн тулд хууль чангаруулах юм байна гэсэн байр суурьтай ирсэн учраас л. Бид хуульд захирагддаг улс байж байж л хүчирхэг улс болно. Хүн бүхэн хуульд ижил тэгш яллагддаг, шалгагддаг  байх ёстой.

-Бүхий л жагсаал дээр  органик эсэх маргаан гардаг. Өөрийн тань хувьд талбай дээр хоноглож, тэмцэж байгаагийн хувьд өөр санаа бодолтой, жагсагчдыг урвуулан ашиглах гэсэн хэсэг ажиглагдаж байна уу, жагсаал органик байж чадаж байна уу?

- Мэр сэр байдаг. Хамт хоносон өдрөөс эхлээд хэсэг бүлгийг нь таньдаг болсон байна. Эдгээр хүмүүс арай итгэл даахаар юм шиг санагддаг.  Дундуур нь хутган үймүүлэх гэж оролдсон хүмүүс ч байна. Тэр болгоныг ярьж гомдлохоос илүүтэй үзэл бодолдоо үнэнчээр тууштай явахыг л хичээж байна. Нэг удаа нэг хүн дагах гэж оролдоод баригдсан. Тэр үед нь би хожуу ухаарсан учраас бичлэг хийж чадаагүй. Намайг тойроод хүмүүст юм тохиогоод л байх шиг байдаг. Элдэв янзын юм яриад байдаг. Би тиймэрхүү ярианд автахгүйн тулд зугтаачихдаг. Үнэн худлыг нь би мэдэхгүй. Учир нь нүдээр харж чихээр сонсоогүй. Нотлох баримт байна уу гэхээр байдаггүй. Ер нь энэ 16 хоногт их юм үзэж байна шүү дээ. Кинонд тоглож байгаа юм шиг л өдөр хоногууд өнгөрч байна. Одоо эхлээгүй, дуусаагүй, дундраагүй байна. Юу болохыг тэнгэр л мэднэ дээ.

-Гэр бүлийнх нь зүгээс юу гэж байх юм?

- Би чинь нас биед хүрсэн хүн болохоор ингэх ёстой, тэгэх ёстой гэдэггүй шүү дээ. Иргэн хүний хувьд л энд байна. Өнөөдөр нийгэмд тулгараад байгаа асуудал дээр дуу хоолойгоо хүргэж чадаагүй байж ирээдүйд яаж үр хүүхдэдээ анхаарал тавих юм. Бид өнөөдөр аав, ээж, ах, эгчийгээ буруутгаад зогсож байгаа. Та нар энэ олон жилийн туршид энэ зүйлийг бүтээсэн байна. Дуу хоолойгоо өргөж тэмцсэнгүй, тууштай байсангүй. Бид тэдний араас орох гээд байгаа учраас дуугүй өнгөрмөөргүй байна. Ирээдүйд хүүхдийнхээ өмнө хэлэх үгтэй баймаар байна шүү дээ. Монгол Улсын хамгийн анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай талбай дээр явж байгаад иргэдэд заамдуулж байхыг харсан. Ирээдүйд би тийм баймааргүй байна. Намайг ирээдүйд хүү маань заамдвал яах вэ. Та нар тухайн үед тэмцэхгүй, өөрчлөхгүй яасан юм. Бид яагаад ийм нийгэмд амьдарч байгаа юм гэвэл яах вэ гэдэг нь аймар санагдсан. Тиймээс одоо цагтаа хичээе л гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

http://itoim.mn/article/zMPp3/36055


URL: