Б.Жаргалсайхан: Тайзан дээр ажиллах нь жүжигчин хүний хамгийн том бахархал

11site_jdC4RZnМонгол Улсын Ардын жүжигчин Бэх-Очирын Жаргалсайхантай ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу. Сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцлагаа эхэлье. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Сайхан өвөлжиж байна аа. Хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл Улсын драмын эрдмийн театр маань өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт хотод аялан тоглолтоо хийгээд ирлээ. “Эрдэнэт хотод соёлыг түгээе” гэсэн хамтарсан хөтөлбөрийг зохион байгуулж “Анна Каренина” сонгодог жүжиг болон “Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийг тоглосон. Эрдэнэт хотын үзэгчид маань их сайхан хүлээж авсан. Төвийн урлагийн байгууллагын тайзан дээр тоглодог томоохон хэмжээний уран бүтээл болох “Анна Каренина” жүжгийг анх удаагаа хөдөө, орон нутагт Орхон аймагт тоглосноор нэлээд их ач холбогдолтой байлаа, сайхан болсон.

-Та Улсын драмын эрдмийн театрт ажиллаад 35 жилийг ардаа өнгөрөөжээ. Театрт анх орж байх үед нь алтан үеийн ямар ямар жүжигчид ажиллаж байсан бэ. Тухайн үеэ дурсаач?

-1982 онд аравдугаар ангиа төгсөөд, Москвагийн Театр урлагийн дээд сургуульд хэсэг хүүхдийг жүжигчний мэргэжлээр сургана гэж хүмүүс сургуулиудаар явж хүүхдүүдийг шалгаруулсны тоонд би орсон юм. Намайг шалгаж авсан хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин З.Жарантав ах. Тэгээд театрт ирж шалгалт өгөн тэнцэж 1987 онд сургуулиа төгсөөд, театртаа орсноор өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Мэдээж оюутан байх хугацаанд болон сургуулиа төгсөж ирсний дараа гэхэд олон ахмад сайхан уран бүтээлчидтэй хамт ажиллаж байлаа. Ахмад үеийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байсан маань үнэхээр бахархалтай сайхан санагддаг. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай, мөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Сэлэнгэ эгч, Монгол Улсын ардын жүжигчин Л.Жамсранжав гуай, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав, Монгол Улсын гавьяат жүжигчин П.Цэрэнпагма эгч гээд алтан үеийн олон сайхан жүжигчид бий. Оюутан байхдаа театрт амралтаараа ирдэг байх үед Монгол Улсын ардын жүжигчин Д.Дамдинсүрэн гуай зэрэг маш олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллах, тэдний бараа сүрийг харах боломж тохиолдож байсан. Одоо эргээд бодоход өөрөө ахмад үеийн уран бүтээлч болчихоод байж байгаа нь мөн л цаг үе үргэлж хувьсаж, өөрчлөгдөж байдаг гэдгийн илэрхийлэл гэж бодож байна даа.

-Та Мөнх тэнгэрийн хүчин дор киноны Хасарын дүрээр илүү алдаршиж, танигдсан шүү дээ. Монголын алтан үеийн ихэнх жүжигчидтэй хамт тоглож байсан талаараа дурсвал?

-Би нэг бодлын их азтай хүн гэж өөрийгөө боддог. Сургуулиа дөнгөж төгсөөд тун удаагүй байхад 1989 оны хавар “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд проб хийх болоод агуу их найруулагч Б.Балжиням дээр очиж пробонд орж байсан юм. Кино үйлдвэр дээр их л олон хүн шалгаруулалт өгч байсан. Тэгээд дараа жилийн хавар нь өөрийн дүрдээ тэнцлээ гэсэн хариу сонсоод бөөн баяр болж байлаа. Тэр үед бид аялан тоглолтоор баруун аймгуудаар, Хөвсгөл аймагт явж байсан. Одоо үеийнх шиг утас гэж байхгүй, сумын холбооноос театрын урлагийн бригадыг ахалж буй хүнтэй холбоон дээр ярья гэж байна гэхэд ардын жүжигчин Г.Мягмарнаран ах очиж утсаар ярьчихаад инээгээд л хүрээд ирсэн юм. Юу болов гэхэд “Сайхан мэдээ байна аа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны пробонд орсон хүмүүсийн хариу ирж. Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Нямсүрэн, ардын жүжигчин Г.Мягмарнаран, залуу жүжигчин Б.Жаргалсайхан нар өгсөн дүрдээ тэнцсэн байна. Одоо үс, гэзгээ засуулж болохгүй энэ чигээр нь байлгана шүү” гэж байсан. Тэр үед Уугий (Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаа) бид хоёр хамт явж байсан учраас хоёулаа энэ мэдээг сонсоод шоконд орсон. Тэгээд наадмын дараа киноны зураг авалт болж, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хамгийн анхны зураг авалт бол миний тэргэнд хүлүүлж байгаад ташуурдуулдаг хэсэг байсан юм. Анхны зураг гэдэг утгаар дотроо нэлээд түгшүүртэй байсан. Зурагт орж буй хүмүүсээ харж байгаад кино зураг авалтад орвол арай өөр. Гэтэл юу юугүй тэргэнд хүлүүлж байгаад хоёр зэрэг хоёр талаас ташуурдаж эхэлж байлаа. Олон сайхан алтан үеийн уран бүтээлчидтэй, ард ажиллаж буй түүх судлаачид, зөвлөгөө өгч буй гайхамшигтай сайхан хүмүүс байсан. Кино урлаг, драмын урлаг үргэлж хамтын бүтээл байдаг. Ард минь зөвлөж байсан гайхалтай хүмүүсийн дэмээр энэ дүр дээр ажиллаж тоглосон доо.

-Та Мөнх тэнгэрийн хүчин дор киног найруулсан Бэгзийн Балжинням гуайн талаар ярихгүй юу?

-Б.Балжинням найруулагч их сайхан хүн байдаг юм аа. Хүмүүстэй их энгийн харьцаж, хүнийг дээр доор гэж ялгаж харьцдаггүй юм шиг санагдсан. Учир нь 1-2 жилийн хугацаанд “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалтад явж байхад ямар ч хүнтэй сайхан харьцдаг, ярьж буй яриа нь егөөдөлтэй боловч цаад утга нь давхар санааг хэлж байдаг. Их сайхан харьцаатай. Киноны үед ч яг зураг авах гэж байх үед жүжигчинд олон зүйлсийг хэлэхгүйгээр яг юуг тоглож, үзүүлэх ёстой гэдгийг маш товч тодорхой, энгийнээр сайхан ойлгуулж өгдөг. Миний бодлоор найруулагч хүн олон зүйлсийг хэлж ойлгуулах гэснээс тодорхой хэлээд асуудлыг шийдэж байх хэрэгтэй гэж боддог. Энэ тал дээр Б.Балжинням найруулагч үнэхээр гайхалтай. Киноны зураг авалт дуусаад, дэлгэцээр гарсны дараа ч гэсэн Б.Балжинням ахтай үргэлж холбоотой байдаг байсан. Хааяа бид очиж уулзалддаг байх үед “Та нар минь байхгүй болчихоор би ганцаардаж, ганцаараа болчихсон юм шиг санагдаад. Та нар хүрээд ирэх чинь ямар сайхан юм” гэдэг байлаа. Олуулаа дуулж хуурдаад суух чинь үнэхээр сайхан шүү дээ. Ер нь их сайн хүн байсан гэж хэлнэ.

-Таны хувьд тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээж байсан шүү дээ. Тоглож бүтээж байсан дүрүүдээс нь хайрлаж сэтгэлд хоногшсон, дурсамжтай нандин дүр нь ямар дүр вэ?

-Тоглосон жүжиг болон киноны дүрүүддээ 100 хувь сэтгэлээсээ өөрийгөө зориулж тоглодог. Анхны уран бүтээл гэдэг утгаараа тэр уран бүтээлүүддээ үнэхээр хайртай байдаг. Тайзан дээр анх агуу Г.Доржсамбуу найруулагчийн найруулсан “Халуун газар” гэж жүжиг бий. Яг 1987 онд сургуулиа төгсөж ирэх үед юу ч мэдэхгүй байхад минь гол дүрийг надад өгсөн. Тэр үед надад тэнд сурсан эрдмээ харуулах, агуу Москва хотын театр урлагийн дээд сургуулийн багш ЗХУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт Анатолий Дмитриевич Папанов гэж гайхамшигтай хүний шавь болж төгссөнийх өөрийгөө л үзүүлнэ дээ гэж хамгийн эхэнд бодсон. Энэ тайзан дээр одоо л би өөрийгөө цаашаа явах үгүйгээ харуулж чадахгүй юм бол тэр чигтээ нэг газартаа байгаад л байна гэсэн ойлголт төрж байсан юм. Тэгээд “Халуун газар” жүжиг маань их сайхан амжилттай болж, түүнээс хойш тайзны уран бүтээл хийдэг олон олон найруулагчдын хараанд өртөж өнөөдрийг хүртэл явж байна. Мэдээж дэлгэцийн бүтээл кино ч гэсэн ялгаагүй. Дэлгэцийн бүтээлд Ч.Жумдаан найруулагчийн “Хүний хүн” гэж уран сайхны кинонд гол дүр бүтээсэн. Энэхүү кино нь их сайхан кино болсон. Өнөөдрийн бидний ардчилал гэж ярьдаг, энэ цаг үеийн эхлэлийг тавьсан кино юм болов уу гэж боддог. Энэ кино амжилттай болсноор мөн л миний кино, дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө сорих, найруулагчидтай хамтарч ажиллах боломжийг нээж өгсөн гэж боддог.

-Та сүүлийн найм, есөн жил дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээсэнгүй. Кинонд дүр бүтээх санал ирж байна уу?

-Ер нь дэлгэцийн уран бүтээлд тоглуулах санал ирдэг ч сүүлийн 7, 8 жилийн хугацаан дотроо тайзны уран бүтээлд анхааръя гэсэн гүн бодолтой явсан. Учир нь тайзны уран бүтээл гэдэг бол дэлгэцийн уран бүтээлээс ялгарах олон шинж чанартай байдаг. Тайзны уран бүтээл гэдэг бол үзэгчид, тайз, жүжигчдийн хооронд жинхэнэ амьд харьцаа өрнөж байдаг. Бэлтгэл сургуулилт хийхэд мэргэжлийн жүжигчин хүнээс маш олон зүйлийг шаарддаг. Ухаан санаа, оюун бодол гээд хүний хөлс хөдөлмөр юу гарах ёстой бүгдийг жүжигчин хүнээс үргэлж шаардаж байдаг. Тиймээс тайзан дээр ажиллана гэдэг жүжигчин хүний хамгийн том бахархал гэж би боддог. Дэлгэц ч сайхан, үнэхээрийн агуу ч найруулагч кино хийх гэж байхад мэргэжлийн бус хүн дүр дээр тохирсон байхаар харагдаж тэнцвэл тоглож болдог. Харин тайзан дээр мэргэжлийн бус жүжигчин гарч ирээд тоглоно гэхэд миний хувьд үнэхээр төсөөлөгддөггүй. Тиймээс илүү өөрийгөө боловсруулж, араас гарч буй залуу үедээ үлгэр болох, өөрийн хийж буй үйлдэл, тайзны хөдөлгөөн бүх зүйлээрээ үлгэрлэе гэдэгүүднээс сүүлийн жилүүдийг тайзны уран бүтээлд зарцуулж байгаа. Тайзан дээр гарсан уран бүтээлч өөрийн оюун ухаан, хөлс хүч бүхий л зүйлээ дайчилж байж тэндээс үзэгч, жүжигчин хоёрын дундах мэдрэмж маш сайн гарч ирнэ.

-Та багадаа спортод их сонирхолтой Жүжигчин болно гэж мөрөөддөггүй байсан гэсэн. Тэгвэл яагаад Москва хотын Театр урлагийн дээд сургуульд суралцах болсон юм бэ?

-Би бөхийн спортоор үндэсний бөх, чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан юм. Түрүүн хэлсэнчлэн Москвад Театрын сургуульд хүүхдүүдийг сонгон шалгаруулж суралцуулах гэж байсан. Тэр үед намайг чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор “Залуучууд” зочид буудалд байрлачихсан байж байхад манай ангийн хүүхэд хүрч ирээд “Өндөр, бие хаа сайтай хүүхэд хэрэгтэй гэнэ, чи яг тохирох юм байна” гэж хэлсэн. Би тэмцээн болох гэж байхад

юун урлаг гээд сонирхолгүй байсан.

Багаасаа Алтан Москваг дотроо их төсөөлөн боддог байлаа. Алтан Москваг зорьсон

Ухаант жанжин Сүхбаатарыг

Намрын хонгор салхи

Найртай сайхнаар угтлаа.. гээд шүлэгт гардаг шиг Алтан Москва ямар газар байдаг гэдгийг үзэх юмсан гээд бага байхад мөрөөдлийн юм шиг л бодогддог байлаа. Манай найз “Чи дандаа л алтан Москваг үзчих юмсан гэж ярьдаг шүү дээ. Хэрвээ энэ сургуульд шалгалт өгөөд тэнцчих юм бол хүсээд байгаа Москвагаа үзнэ” гэхэд толгойд нээрээ л тийм юм байна шүү дээ гээд З.Жарантав ах дээр очиж бэлдүүлж, давхар циркийн нэрт жүжигчин, алиалагч Т.Латиф ах дээр намайг аваачиж өгч гардан бэлтгэл сургуулилтыг хийлгэсэн.

-Таныг Төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайгаас албан ёсоор Харшийн сүлд модны наадам-ын Өвлийн өвгөн гэдэг дүрийг хүлээж авсан гэдэг. Арванхоёрдугаар сар гараад өвлийн өвгөний захиалга ямар байна вэ?

-Арванхоёрдугаар сар гарах үед л шинэ жилийн уур амьсгал орчихдог. Тэр утгаараа албан газрууд, хувийн байгууллагууд шинэ жил гээд их юм болдог. Сүүлийн хоёр, гурван жил шинэ жилийг албан ёсоор тэмдэглэсэнгүй. Энэ жил бол энэ тэнд хувийн байгууллагууд их л сайхан тэмдэглэж байна. Г.Гомбосүрэн гуайгаас албан ёсоор “Харшийн сүлд модны наадам”-ын Өвлийн өвгөн гэдэг дүрийг 2004 онд хүлээж авснаас хойш 18 жил өнгөрчээ. Миний хувьд бурхан, номд нь хадгаа тавьж албан ёсоор хүлээж авсан. Г.Гомбосүрэн гуайн хэрэглэж явсан дээл, хувцас малгайнаас нөмрөгийг нь одоог хүртэл хэрэглэж байдаг. Одоо хүртэл “Харшийн сүлд модны наадам”-ынхаа бэлтгэл дээр ирчихсэн хүүхдүүдтэйгээ бужигнаад л байж байна. Сайхаан, сайхан. Агуу том жүжигчний ард түмэндээ үлдээж өгсөн энэ гайхамшигтай дүр төрхийг цаашаа өвлөөд авч явах нь үнэхээр бахархалтай, сайхан.

-Таны хувьд гэр бүлийнхээ хүн болох Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаатай нэг мэргэжилтэй, нэг салбарт ажиллах ямар байдаг вэ?

-Нэг мэргэжлээр, нэг газар хамтарч ажиллах нь маш олон давуу талтай. Яагаад гэвэл, аливаа уран бүтээл дээр ажиллахад хамгийн анхны бөгөөд үнэтэй зөвлөгч нь бид хоёр хоорондоо, бие биедээ байж байдаг. Тайзан дээр Г.Урнаа гараад тоглож байхад найруулагч хэлэхээс гадна давхар би хэлж байх жишээтэй. Намайг тоглож байхад Уугий хэлнэ гэх зэрэг байнгын нэг нэгэндээ зөвлөдөг. Тийм учраас бид хоёрын драмын урлагт энэ зэрэгтээ явж байгаа нь ч мэргэжлийн хоёр хүн гэр бүл болж бие биедээ үнэнч зөвлөгч явсан нь нөлөөлсөн байх гэж боддог.

-Танай гэр бүлийн хувьд хуучин оноо хэрхэн үдэж, шинэ оноо яаж угтдаг вэ?

-Шинэ жилийн баярыг “Ковид-19” цар тахлын өмнө ихэнхдээ он гарч буй мөчийг төв талбай дээрээ өнгөрөөж 00:00 цагаас хойш гэртээ ирж тэмдэглэдэг байсан. Энэ жилийн хувьд гэртээ баярлаж өнгөрөөнө. Арванхоёрдугаар сарын 25-нд том хүүгийн минь төрсөн өдрийн баяр болоход албан ёсоор гэр бүлээрээ цугларч, өнгөрсөн оныхоо хийж бүтээсэн, ололт амжилт бүх зүйлсээ ярьж, ирэх ондоо юу хийх, төлөвлөгөөгөө ярилцан, зорилгодоо хүрэхийн тулд сайн ажиллах хэрэгтэй хэмээн халуун дулаан гэр бүлийн уур амьсгалтайгаар хамтдаа хооллоод тардаг. Мэдээж 31-ний орой хүүхдүүд минь бүгд гэр гэртээ, бид хоёр ч бага охинтойгоо гэртээ баярлаж өнгөрөөдөг. Ер нь сүүлийн жилүүдэд дандаа гэртээ оноо гаргасан. Энэ жил ч гэсэн тэгэх байх гэж бодож байна. Шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр, гэртээ гэр бүлээрээ хамтдаа баярлаж өнгөрөөдөг гэж ярьж, тэмдэглэж сурсан байна. Найз нөхөд, хамт олонтойгоо шинэ жилээ тэмдэглэж сууж, баярлаж цэнгэх зүйл байлгүй яах вэ.

-Таны хувьд хамгийн сайхан шинэ жилийн баяр хэзээ болж байв?

-Найз, нөхөдтэйгөө тэмдэглэж байсан олон сайхан дурсамжтай үйл явдлууд байна. Би өвлийн өвөө болдог учраас олон байгууллага, газруудаар явна. Харшийн сүлд модны наадамтай холбоотой нэг шинэ жилийн баяр мартагддаггүй юм. 2006, 2007 оны үед Харшийн сүлд модны наадам болсны дараа надаас нэг хүүхэд ирж бэлэг авч байсан юм. Тэр хүүхэд над руу харчихаад их л гайхаж байхаар нь “Энэ яасан хөөрхөн хүүхэд вэ, над руу өөрөө харчихаад их гайхаж байна аа, хэдэн настай вэ” гэхэд зургаан настай гээд “Баяр хүргэе. Мундаг хүүхэд байна” гэхэд бүр илүү гайхаж хараад “Яасан их гайхаж хардаг юм бэ миний охин. Өвөөгөө харж байгаагүй юм уу” гэхэд “Миний охин төрөхөөсөө хараагүй байж байгаад хагалгаанд ороод хараатай болоод анхныхаа шинэ жилийг үзэж, өвлийн өвөөгөөс бэлэг авч байна. Тэгээд ингэж их гайхаж байгаа юм шүү” гэж ээж нь хэлсэн. Энэ нь надад мартагддаггүй, дурсамжтай шинэ жил болж байсан. Тэр хүүхэд өөрийнхөө ертөнцийн бүх сайхан зүйлсийг хардаг болсноороо олон зүйлийг мэдэрч сайхан явж байгаа болов уу гэж бодож байна.

Ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд, Монгол Улс орон маань хөгжин дэвжиж байна. Юм бүхнийг сайнаар төсөөлж бодох хэрэгтэй. Би аливаа зүйлд сайн сайхан явах хувь хүн өөрөөс нь эхэлж цаашаа үргэлжилж явна гэж боддог. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг үргэлж дотроо бодож явдаг даа. Монгол сайхан оронд маань муу зүйл үл учралдаж, сайн үйл бүхэн дэлгэрч байх болтугай. Ирж буй 2023 ондоо бид бүхэн аз жаргалтай, инээд хөөрөөр бялхсан, эрүүл саруул байх болтугай гэж ерөөе.

Ц.Уянга


URL: