Арго хэмээх “эргvv багш”

Ард түмний гавьяат хэмээх Арго хэмээн өөрийгөө нэрлэсэн энэхүү залууд хувийн ямар нэгэн өс хонзон, хариугаа авах, даагаа нэхэх учиг шалтгаан өчүүхэн ч байхгүй бөгөөд гагцхүү түүний эрээ цээргүй байдалд эгдүүцэн зэвүүцэхийн хамтаар түүнийг даган хөврөлдөх ард түмний өчүүхэн хэсгийг өрөвдөн харахдаа арван хуруугаа нийлүүлэн, хэдэн үг шивэхээс өөр аргагүй боллоо. Саяхан тэрбээр нөгөө л цамцтайгаа, нөгөө л тэмдгээ энгэртээ зүүгээд бас нэгэн агуу шинэ зүйл сэдсэнээ эрээ цээргүй өгүүлж байна аа.

Тэр нь юу хэмээтэл Арго болон түүний аялдан дагалдагч нар Ард түмний алаг туг хэмээх “юм” бүтээснээ тахиж шүтэж, амилуулсан юм байх. Энэ нь ямар утгатай эд вэ хэмээвэл өөрийнх нь хэлсэнээр “Цэргийн хар туганд цэргийнхэн, цагаан туганд төрийн ихэс дээдэс мөргөдөг бол алаг туганд ард түмэн мөргөж байх ёстой. Хэрэв энгийн ард иргэд энэ туганд мөргөх аваас манай улсад эв нэгдэл, эрхэм сайн сайхан ирэх юм” гэнээ. Тэр туг нь адууны цагаан болон хар сүүлээр холин хийсэн бөгөөтөл түүнийгээ хар болон цагаан тугны голд нь байрлуулсан байгаа зургийг харуулах юм.

Түүнтэй Их Дэлгүүрийн номын тасагт тааралдаад үг өдөн, тугных нь утга учрыг асуутал надад л лав тоймтой сэтгэлд үлдэх юм хэлсэнгүй. Харин ч хүмүүн гэдэг гэм нүглээ наманчлахын тулд энэ туганд мөргөх ёстой гэсэн шүү юм ярьж байна.

Саяханы “Өдрийн Сонин” дээр “Мухар Үмбүүд Худаг Бүү Үзүүл” гэсэн гарчигтай Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш Г. Сүхбатын (Өдрийн Сонин, 2007.10.06, No. 238) бичсэн нийтлэл гарчээ. Өгүүллийн гол баатар нь Арго. Нийтлэл бичигч Сүхбат багш, хэл шинжлэлийн ухааны доктор М. Саруул-Эрдэнийн Аргогийн ярьсан хэлсэнийг түүвэрлэсэн материалаас иш татан, шигтгээ хийсэн байх нь үнэн супер онигоо гэлтэй. Эндээс ганц хоёрын зэргийг дурдвал “өү гэдэг англиар ёо ёо гэсэн үг. Манайхан ёо ёо ихэнхдээ яа яа гэж өвддөг. Яа яа гэдэг нь англиар тийм тийм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр америк шүдний эмчээр шүдээ авахуулахдаа яа яа гэж ёолбол аягүй л бол шууд дайрчихаж магадгүй. Тиймээс их аятайхан өү өү гэж ёолбол таныг өвдөж байна гэж ойлгоно” хэмээн донгоссон байгаа юм.

Арай ч дээ, ямар ч хэл өөр өөр гэхэд хохимой толгойтой хүн л юм хойно универсаль хэдэн ойлголтууд байж л таараа. Ямар ч мулгуу шүдний эмч байтлаа өвдөөд яа яа хэмээн орилж байгаа хүнийг хараад энэнд мөн тааламжтай байнаа хэмээн дайраад байдаггүй л байх. Дээрх агуу нээлтийг Аргогийн амнаас нь сонсвол ямар эмгэнэлтэй, бас ямар инээдтэй байх бол. Хамгийн эмгэнэлтэй нь түүний айлдсан дээрх үгсэд итгээд өвдөхдөө хүртэл өү өү хэмээн өрөвдөлтэйгээр орилох монгол өвчтөн л байгаа юм. Нээрээ үнэнээ хэлэхэд түүнд итгэгч өү өүнүүд тийм олон биш байгаасай хэмээн залбирах л үлдэж байх шиг байна.

Бас нэгэн зүйл байна: “Арго багш миний зохиосон англи хэлийг сурах арга нь … хаа ч байгаагүй арга билгийн зарчимд тулгуурласан бүрэн хэмжээний сурах бичиг … Яагаад гадаадын эрдэмтэд энэ аргыг гаргаж чадаагүй вэ? Яагаад гэвэл гадаадын эрдэмтэд солгой сэтгэхүйтэй байдаг … Ер нь англи хэлийг сурахад эвийг нь олох шаардлагатай. Өөр нэг арга бий л дээ. Даанч Английн парламент үүнийг зөвшөөрөхгүй. Шууд галигаараа бичих юм бол толин дээрээс харах ямар ч шаардлагагүй, дүрмийн хэрэг байхгүй болчихно. Би үүнийг л Английн парламентаас хүсэх гэсэн юм. Даанч тэд консерватив үзэлдээ баригдаад ийм алхам хийхгүй л дээ”. Гэх мэтийн л гажиг гэмээр юмнууд ярьж явдаг болтой.

Англи хэл таны амьдралыг хэзээ ч өөрчилж чадахгүй. Магадгүй танд улам илүү өргөн боломж олгож болох боловч зөвхөн хэл сурсанаар бид эрдэм мэдлэгийн зулайд гарсан лугаа адил ойлгож хэрхэвч ойлгож болохгүй. Өнөөдөр гэтэл зөвхөн англи хэл, гадаад хэлийг сурах юм бол ухаантай, төлөв төвшин, баян чинээлэг болчих юм шиг ойлголтыг олон хүмүүст өгөх боллоо. Гадаад хэлээр л ярьдаг бол шилдэг удирдагч, шилмэл иргэн болчдог юм биш. Гадаад хэлийг эх хэлээрээ ярьж буй мэт эзэмшсэн мөртөө гуйлгачин, адгийн юм байхыг алийг тэр гэхэв. Тэгэхээр шинэ соргог бүр лүү шуурч байдаг энэ феноменоос салмаар байна.

Үүнтэй адил бид гадаад улсад гарсанаараа л бүх юм сайхан болчдог юм шиг сэтгэдэг. Гэтэл өнөөдөр олон арван монголчууд хүний нутгийн хүйтэн шоронд насаа элээж байгаа гашуун түүхүүд ч байдаг. Гадаадад гарсанаар та шинэ хүн болж, өөрчлөгдөнө гэж бас л шууд утгаар ойлгож болохгүй. Гадаадад гарсан мөртөө гэртээ байснаасаа ялгаагүй явдалтай хүнийг алийг тэр гэхэв. Тэр бүү хэл тухайн орныхоо хэл усыг нь сурья хэмээн хичээх нь бүү хэл наад захын соёл заншлыг нь дагаж чаддаггүй хүмүүс ч хаа газар харагдаж л байдаг.

Олоон жилийн өмнө Сан Францискод хижээл насны нэгэн монгол эгчтэй тааралдсан юм. Түүний хэлээр бол Монголд нөхөр, хоёр хүүхэд нь байх авч, “амьдралын шаардлагаар, үр хүүхдээ удаан бодсоны эцэст” нэгэн америк эртэй суухаар болжээ. Боломж нэгэнт олдсон тул нөхөр лүүгээ утас цохин, би одоо та нарын төлөө ёстой өөрийгөө золиос болгож байна. Удахгүй ногоон картыг улаан гараарааа барих цаг ирэх нь. Гэтэл Монголд нөхрөөсөө салсан гэсэн шүүхийн бичиг хэрэгтэй гэнэ. Чи маргааш дүүргийнхээ шүүх дээр очоод даруй нэг бичиг хийлгэ” гэх мэтчилэн учирлах, дүрэмдэх хоёрын завсар хэлсэн юм байх. Нөхөр нь ч яахав, миний муу эхнэр ийм ухаантай, мань хэдийгээ гэсээр биеэ ч үл хайрлан тэмцэмой хэмээн баясаж, бид хоёр салав гэсэн бичиг шийтгэсэн юм байх. Өрөвдмөөр ч юм шиг. Гэтэл нөгөө “авралын элч” Америк нь орон гэргүй, буяны газруудаар хэсэн хоноглодог бутач амьдралтай нэгэн байх бөлгөө. Үхтэл үр харам гэх үү, үйлс нь хазайсан хүүхэн гэх үү.

Шинэ үеийн шилдэг сэхээтэн хэмээн өөрийгөө нэрлэх гээд байгаа шавилхан залуус бас арай л даруулгатай байх хэрэгтэй мэт. Ялангуяа манай хэдэн жилийн дараах сэхээтэн, улс орноо удирдан залах залуу үе маань иймэрхүү юмнуудад эрүүл ухаантай хандаж, өөрсдийн зөв дүгнэлтийг хийн, дагаж хошуурах бус, харин ч эднийгээ шүүмжилдэг, бусдадаа хэлж ярьдаг байвал сайнсан. Англи хэл гэдэг саяханаас хөгжин цэцэглэж байгаа эд биш гэдгийг сануулахад илүүдэхгүй буй заа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих