Өндөр жилийн үрсийг өлгийдсөн нь

Усан луу жилийн хоёрдугаар сарын 29-нд төрсөн хүүхдүүд дөрвөн оны дараа төрсөн өдрөө тэмдэглэнэ. Өндөр жилд төрсөн учраас тэр. Дэлхий нарыг яг 365 хоногт бүтэн тойрчихдоггүй. Харин 365 хоног таван цаг 48 минут 46 секундэд нарыг бүтэн тойрдог аж. Тиймээс л нар болон дэлхийн байрлалыг зөв тодорхойлохын тулд дөрвөн жилийн нэг нь ердийнхөөсөө нэг өдрөөр илүү байдаг. Тэр өдөр нь хоёрдугаар сарын 29. Цаг агаар, нарны байрлалыг зохицуулахын тулд илүү гаргаж тооцоолсон тэр өдөрт төрсөн хүмүүс өөрсдийгөө “азгүйчүүд” гэж ярих дуртай гэсэн яриа бий. Эсрэгээрээ ердийн жилийнхээс цөөн төрсөн өдрөө тэмдэглэдэг болохоор өтөлдөггүй, урт насалдаг гэх бэлгэдэл ч байдаг юм билээ.

Өндөр жилийнхний төрсөн өдрөөр Нийслэлийн хоёрдугаар амаржих газраас “Танайд өнжье” булангаа бэлтгэхээр очлоо. Ховор өдөр төрж буй Монголын шинэ иргэнийг уншигчидтайгаа өлгийдөж авахаар очсон нь энэ. Биднийг бага үдэд очиход төрөх I, II тасгийн үүдний хонгилд цөөнгүй хүн байсан юм. Анхны хүүхдээ төрөхийг хүлээж байгаа бололтой нэгэн залуу гэргийнхээ хувцас хунарыг тэвэрчихсэн нааш,  цааш холхино. Залуутай хамт яваа эмэгтэй утсаар “Өнөө тосоо түрхсэн үү. Хамраараа сайн амьсгаа ав… Тэгдэг юм, тэсэхээс яахав дээ, охин минь” гэх мэтээр ярих аж. Төрөх гэж байгаа охиндоо зөвлөгөө өгч, тайвшруулж байгаа боловч сандарч, айж байгаа нь дууны өнгөнөөс нь илт. Хоёр яс мэнд салж байвал болоо гэж ярьдаг хойно тэнд байгаа хүмүүс яаж тайван байх билээ. Зарим нь ч айдгаа ардаа хийчихсэн нь илт эргэлтийн жижигхэн цонхоор “Өглөө төрсөн Баярмаад энэ шөлийг  хүргээд өгөөч. Өвчин намдаах лааг нь ч авчирчихлаа. Дахиад хэрэгтэй юм байвал хэл гээрэй”, “Манай хүний биеийг асуугаад өгөөч” гэх мэтээр эргэлтийн асрагчид хоол цай, үг дайцгаана. Нярайлаад удаагүй нялх биетэй бүсгүй эргэлтийн цонхоор толгойгоо цухуйлгачихаад шинэ хүнийхээ тухай ам хуурайгүй ярих юм. Нөхөр нь бололтой залуу салхи цохичих вий гэсэндээ гараа духан дээр нь тавиад  орж гарсан хүмүүст “Хаалгаа хурдан хаагаарай” гэж хэдэнтээ  хэлэв. Эхнэр, нөхөр хоёр лав арван минут хаалганы наана, цаанаас хэрхэн төрсөн, хүүхэд ямар царайтай, ар гэрт юу болж байгаа, хоолоо халуунаар нь авчрах арга зэргийг  ярилцах юм.

Хүлээлгийн өрөөн дэх хүмүүс, тэдэнтэйгээ уулзаж байгаа эхчүүдийг харж байхад зарим нь тор дүүрэн чихэр жимс, боодлоор нь живх тэврээд орох юм. Нөгөө нэг нь “Энд утасгүй,  та нартай яаж холбоо барих юм бэ. Чи ломбарднаас аргалаад утсаа авчих л даа” гэж нөхрөө шалж байгаа нь чих дэлсээдэхэв. Бүсгүйчүүд л хойно өөрийгөө яая гэж байж гэрт үлдсэн хүүхдүүд, нөхөр нь халуун хоолоо идэж байгаа эсэх, тэр эмээгийн бие ямар байгаа, яг тэр дэлгүүрээс тийм өнгөтэй өлгий авчир гэх мэтээр зааж, зааварлацгаана.

Хэзээ, мөдгүй төрөх нь гэмээр царай нь шингэрсэн тулгар эх ар гэрийнхэндээ “Арай болоогүй байна. Өвдөөд байвал шөнө эргээд ир гэж байна” гэсээр гарч яваа харагдана.

Төрөх I тасгийн хүлээлгийн өрөө арай том зайтай. Бас өлгий, живх, чихэр жимс дэлгэсэн жижигхэн дэлгүүртэй юм. Эсгий үнэгтэй иж бүрдэл өлгий л гэхэд 64 мянган төгрөгийн үнэтэй. Харин II тасгийн үүдний хонгил хоёр хүн чөлөөтэй эргэчих зайгүй. Эхчүүдийн ар гэрийнхэн тэнд багтаж ядан чихэлдэнэ. Олон цагаар тэнд хүлээвэл суух сандал ч алга. Бид дотогшоо орох ажилтайгаа тэнд байсан хүмүүст учирлан, багтаж ядан чихэлдсээр хүлээн авах өрөө рүү орлоо. Тэндээс зөвлөх эмч Ж.Оюунцэцэг тосч, тэр өдөр ээлжтэй байсан эмч нартай “Томилолтоор яваа сурвалжлагчид. Өнөөдөр та нартай хамт ажиллана” гэж танилцуулсан юм. Ингээд бид нөмрөг, углааш өмсч, малгай амны хаалтаа бариад ажилдаа гарлаа. Төрөх II тасгийн их эмч Н.Баясгалан эмнэлгээ танилцуулан, бид өндөр жилд мэндэлсэн эхчүүдийн мэндийг мэдэж, нэг хоёрдугаар давхрын өрөөнүүдээр явлаа. Эхчүүдийн олонх нь ямар өдөр төрснөө анзаараагүй гэнэ. “Төрөх цаг нь болоод л төрсөн юм байгаа биз” гэсэн аясаар ярина. Өглөө амаржсан  бүсгүйчүүд ядарсан бололтой унтацгааж байлаа. Биднийг очсон өдрийн өглөө гурван бүсгүй мэс засал хийлгэж төржээ. Сүүлийн үед бүсгүйчүүд өвдөхөөсөө айж эсвэл олон хүүхэд төрүүлбэл гоо сайхан талаасаа сөрөг үр дагавартай гэх шалтгаанаар мэс засал хийлгэж төрөх сонирхолтой болсон гэнэ. Гэхдээ мэс заслыг шаардлагатай хүнд л хийдэг учраас тэр бүр бүсгүйчүүдийн саналыг хүлээж авах боломжгүй гэсэн. Олон хүүхэд төрүүлбэл гоо сайхан алдагдана гэдэг ойлголт огт худлаа. Харин ч бүсгүй хүн олон төрөх тусмаа өнгөлөг болдог гэдгийг эмч нар ярьж байв.

Хоёрдугаар тасгийн хонгил, эрчимт эмчилгээний өрөөнүүдэд Манал бурхан залсны өмнө идээ зассан харагдана. Эмч нар их засвар хийснийхээ дараа эрүүл энхийг бэлгэдэж ийн бурхан залсан гэнэ лээ.

БҮСГҮЙЧҮҮД ӨВДӨХӨӨ БОЛЬСОН УЧИР

Тэнд төрөхөөр өвдөж байгаа бүсгүйчүүдийн олонх нь дусал залгуулчихсан, төмөр өлгүүр чирч явах юм. Сүүлийн үед бүсгүйчүүд өвдөлтийг дэмжиж, сэдрээх үйлчилгээтэй тариа хийлгэж байж төрдөг болчихоод байгааг эмч нар ярьсан. Жирэмсэн болсныхоо дараа биеэ анхааралгүй хэтэрхий ачаалалтай ажилладаг. Бага сартайдаа их ядарснаас болж хүүхэд нь дутуу гарах гээд байдаг. Тиймээс тогтоох эмчилгээ, өвчин намдаах эм уухаас аргагүй болдог. Тогтоох эмчилгээний сөрөг үр дагавар төрөхөд гардаг гэнэ. Байгалийн жамаараа өвдөж төрөх ёстой байтал эмчилгээнд дасал болсон бие цаг нь болохоор цочирдоггүй аж. Тариа хийснээр төрөлтийг хүчээр хурдасгадаг учраас илүү өвдөж, цочирддог. Ажиглаж байхад огт өвдөхгүй байгаа бололтой байсан бүсгүй дусал залгаснаас хойш арваад минутын дараа л байж суухаа олж ядан өвдөх юм. Олонх нь өнөөх дуслаа дуусгаагүй байхад өндөр орон дээр гарч байсан.

Уг нь байгалийн жамаараа тодорхой хугацааны давтамжтай өвдөж төрвөл бие ядрах нь гайгүй байдаг гэнэ. Төрөх хугацаа нь өнгөрсөн ч өвдөхгүй байгаа бүсгүйчүүдийн хүүхдийг эсэн мэнд төрүүлэхийн тулд тариа хийхээс аргагүй болдог аж. Тиймээс жирэмсэн болсноосоо хойш биеэ анхаарч, өөрийгөө зөв удирдаж чадвал байгалийн жамаар төрөх боломж бийг эмч нар зөвлөсөн юм.

ШИНЭ ХҮН МЭНДЭЛЛЭЭ

Төрөх I тасагт өвдөж байсан гурван бүсгүйн хоёр нь анхны төрөгчид. Т.Мөнхзул 25 настай. Хүчээр өвдүүлдэг дусал залгуулчихсан, үе үе сүрхий хашгирна. Нөгөөх нь Б.Соёлцэцэг 22 настай. Өөрөөрөө өвдөж буй. Хонгилд нааш цааш холхин цонх түшин ёолох аж. Тэр хоёрыг 15.30 цагийн орчимд төрөх  орон дээр гаргалаа.  Эх баригч С.Оюун, эх эмч Н.Ганцэцэг, асрагч Ж.Нарангэрэл нар тэднийг төрүүлэхээр багаж, шинэ хүний өлгий зэргийг бэлтгэцгээнэ. Т.Мөнхзулын хамаатан бололтой асрагч дэргэд нь элдвээр тойлж, дэм өгч байсан. Мань хүн өндөр орон дээр гаруутаа ёстой нэг хоёр яс салахын зовлонг мэдрүүлэхээр чанга хашгирч  гарлаа. Эмч нар түүнд хэрхэн зөв төрөх талаар  заавар өгнө. Харин тэдний хэлснийг бүсгүй өвдөлтөөсөө болоод ойлгохгүй байгаа нь илт. Т.Мөнхзулыг эхлээд төрүүлэхээр болж нөгөө бүсгүйг өндөр орноос буулгалаа. Тэгэхдээ Б.Соёлцэцэгт явган суугаад хүүхдээ доошлуулахыг зөвлөсөн ч тэрээр өвдөлтөөсөө болоод эмч нарын зөвлөгөөг дагасангүй. Эмч нарын ярьснаар Т.Мөнхзул дүлэхгүй байгаагаас хүүхэд нь ер доошлохгүй байна гэнэ. Хамаатынх нь хүн бололтой нэгэн асрагч гэдсэн дээр нь тохойлдож байгаад дарна. Тэр бүрт эх баригч “Уухай, миний охин дүлээрэй. Чи өөрөө л хүүхдээ гаргана шүү дээ. Хэн ч чамд туслахгүй” гэж аргадсанаа, төд удалгүй “Дүлээчээ чи, хүүхдээ бүтээлээ” гэж зандарна. Бүсгүйн хөлс чийхарч, нүүр нь мэнчийснээс харахад хэрхэн зовж байгаа нь илт. Гэтэл эмч нар түүнийг зөв  дүлэхгүй  өөрийгөө хий ядраагаад байна гэх юм. Т.Мөнхзулыг ингэж зовж байх зуурт Б.Соёлцэцэг ч байнга ёолсоор  байсан юм. Төрүүлж байгаа бүсгүйтэйгээ “ноцолдож” байсан эмч нар түүн рүү харснаа “Чи битгий ингэж дуугараад байгаач дээ. Наадах чинь муу ёрын дуу. Чамайг ингээд байхаар хүүхэд чинь төрөхгүй байна” гэж гуйж нэг, загнаж нэг үзнэ. Б.Соёлцэцэг “Намайг одоо төрүүлчих л дээ. Үхлээ ш дээ” гэсэн хэрнээ “Надад битгий тариа хийгээрэй. Өөрөөрөө өвдөж төрнө шүү” гэж захих юм. Т.Мөнхзул жижиг биетэй, гэдсэн дэх хүүхэд нь том байсан болохоор эмч нар ч, бид ч түгшүүртэй байсныг яана. Сүүлдээ эмч нар түүнийг мэс засалд оруулах талаар ч шивнэлдэж эхэллээ. Энэ яриаг сонссон бүсгүй өвдөхөөсөө илүү айж байгаа нь нүднээс нь илт. Магадгүй “Мэс засалд оруулах уу. Хүүхэд нь болохоо байх нь” гэсэн үг бүсгүйг зориг оруулав бололтой сүрхий дуулгавартай болж эмчийн заасныг дагав.  Асрагч эмэгтэй ч хэвлий  дээр нь гараад суух нь уу гэлтэй дарж байв. Эмч нарын “Уухайс, дахиад нэг” гэх дуу төрөх тасгаар нэг хадаж, хүүхдийн зулай цухуйгаадахав. “Гараад ирлээ. Одоо ганцхан шүү, миний охин”. Эх баригч ингэж хэлэхтэй зэрэгцэн хүүхэд төрөх нь тэр. Тас хар зулай, биеийг нь тийм өнгөтэй гэж тодорхойлоход хэцүү гулзганасан жаахан нярайг  эхийн  хэвлий дээр  тавихад  ээжийнх нь царайд гэрэл гийх аж. Ганц мөчийн өмнө зовж байсан гэж хэлэхээргүйгээр царай нь гэрэлтэнэ. Эх баригч “Амьсгаагаа удаан аваад гаргаарай” гэж хэлэх үед  хүйгээр нь эх, үрийн амьсгал холбогдох мөч гайхалтай байлаа. С.Оюун эмч “За сайн хүн болоорой. Дөрвөн жилийн дараа төрсөн өдрийг нь нүсэр тэмдэглээрэй” гээд хүйг нь тасалж, шинэ хүнээ тусгай өрөөнд орууллаа. Тэр өрөөнд байсан бүх хүн шинэ хүн мэндэлсэнд баярлаж байсан ч хүүхэд уйлахгүй байсан нь бас  түгшээлээ. “Эх нь удаан өвдсөн. Бүтчихээгүй байгаа даа” гэсэн айдас хоёр, гурван минутын турш нөмрөөд авав. Ээжийнх нь гэрэл гийж байсан нүд түгшүүртэй болж тусгаарласан өрөөнд байгаа хүүхэд рүүгээ хараа бэлчээх юм. Ээж болохын баяр жаргал, хүүхдээ гэсэн сэтгэл тэр залуухан ээжийн  нүднээс харагдана. Эх баригч хүүхдэд хүчилтөрөгч залгаж, нуруунд нь массаж хийсний дараа гэнэт дуугаа хадааж, орчлонд ирснээ зарлах нь тэр. Тэр мөчид ээжийнх нь баярласан, жаргалтай байгаа гэж жигтэйхэн. Хүүхдээсээ хараагаа салгах янз алга. С.Оюун эмч “16.18 минутад 4.1 кг охинтой боллоо шүү” гэж шинэ хүнийг тунхаглалаа. Хамаатных нь асрагч ч энэ сайхан мэдээг гэрийнхэнд нь утсаар дуулгаж баяр хөөрийг түгээлээ. Т.Мөнхзул оёдол тавиулсан ч түүнийгээ тоож байгаа шинж алга, охиноо л харна. Охин нь харин ч нэг дуугаа хадааж  байлаа.

Тэгж байтал төрөх II тасагт ихэр хүүхэд төрөх гэж байна гэсэн мэдээ ирснээр бид тийшээ явсан юм.

Ихэр хүүхэд төрүүлэх гэж байгаа бүсгүйг Г.Оюунгэрэл гэдэг. Тэрбээр гурван жилийн өмнө энэ эмнэлэгт ихэр охин, хүү хоёроо төрүүлж байжээ. Тэгэхдээ цус алдаж сандаргаж байсан учраас эмч нар болгоомжилж байгаа бололтой эм, тариа бэлтгэнэ. Гэхдээ Г.Оюунгэрэл өмнөх бүсгүйчүүдийг бодоход бараг дуу гаргаагүй гэхэд болно. Эх баригч С.Түмэнжаргал ч “Сайн охин. Оюунаа үнэхээр сайн байна. За хүүхдүүд нь төрлөө дөө” гэж аргадаад удаагүй байтал 16.50 цагт 2.9 кг хүү мэндэллээ. Хүүг төрснөөс дөрвөн минутын дараа 3.3 кг жинтэй охин дуугаа хадаалаа. Охин, хүү хоёроо төрүүлсний дараа ээж нь бөмбөлзтөл чичирч эмч нарыг бас сандаргаад авлаа. Ихрүүдийн ээж тайвширсныхаа дараа “Манай нөхрийн тал ихрийн удамтай. Өмнөх хүүхдүүд маань ч охин, хүү хоёр. Ингээд хоёр охин, хоёр хүүтэй болж байна” гэж ярьсан. С.Түмэнжаргал эмч “Миний хүүхдүүдийн төрсөн өдрийг хоёрдугаар сарын 28-ны өдөр заавал тэмдэглэж байгаарай” гэж захина. Ихрийг II тасгийн их эмч Н.Баясгалан, С.Түмэнжаргал, Ганцэцэг, Энхтүвшин, Энх-Амгалан, Буяндэлгэр нар тосч авсан юм.

БҮСГҮЙЧҮҮДИЙГ  ТӨРӨХӨД СУРГАХ НЬ

Эргээд I тасагт очиход Б.Соёлцэцэг төрөөгүй л байлаа. Мөн л асрагчаар гэдсэн дээрээ даруулан, эмч нараар аргадуулж, загнуулан байж 17.30 цагт 3.9 кг хүүтэй боллоо. Ер нь анхны төрөгч, хоёр, гурав дахиа төрж байгаа бүсгүй хоёрын ялгаа илт байх юм. Анхны төрөгч өөрийгөө, эмч нарыг, гэдсэнд байгаа хүүхдээ зовоож орхидог бололтой. Харин туршлагатай ээжүүд өөрийгөө ядраах нь гайгүй. Эндээс бүсгүйчүүдийг төрөхөд сургах шаардлага байгаа нь харагдсан. С.Оюун эмч “Анхны төрөгчид хүүхэд төрүүлэхээ том зовлон, өвчин гэж бодчихоод өөрийгөө зовоогоод байдаг. Жирэмсэн болсон даруйдаа л зовж байгаагаа мэдэрч эхэлдэг. Тэгээд төрж чадахгүй гэсэн сэтгэлзүйгээр өөрсдийгөө бэлтгээд байдаг нь хамгийн буруу. Түүний оронд би удахгүй эх хүний жаргал мэдэрнэ. Энэ бол надад болон гэр бүлд минь олдсон баяр жаргал гэдгийг мэдэрч өөрийгөө эрүүл хүүхэд төрүүлэхэд бэлтгэх ёстой. Мөн бүсгүйчүүдийг төрөхөд бэлтгэх сургалт явуулж баймаар байдаг. Яаж зөв дүлэх, өөрийгөө хэрхэн бэлтгэх, хөхний толгойгоо хагалахгүйн тулд жирэмсэн байхдаа яаж бэлтгэх зэргийг төрөхөөс нь өмнө сургах ёстой. Тэгэхгүй бол төрөхдөө өөрийгөө зөв залж чадаагүйгээс хүүхэд нь бүтэх зэрэг эрсдэл байдаг” гэж ярьсан юм. Түүний ярьснаар сүүлийн үед гэдсэндээ томорсон  хүүхдүүд ихээр төрөх болжээ. Ихэвчлэн 3.5-4.8 кг хүүхэд төрдөг болсон гэнэ. Хүүхэд том төрснөөрөө сайн гэдэг ойлголт буруу. Харин ч мэс заслаар төрөх, оёо хийлгэх зэрэг эрсдэлтэй. Гэтэл эхчүүд жирэмсэн байхдаа янз бүрийн витамин уугаад хүүхдээ гэдсэндээ томруулчихаад байдаг болжээ. Витамин сайн ч эмчийн заавраар хэмжээ дамжаатай уухгүй бол сөрөг талтай юм байна шүү.

ААВУУДЫН ТӨРХ

Төрөх эмнэлгийн гадна хүлээсэн, түгшсэн, догдолсон хүмүүс нааш, цааш холхин байгаа талаар өмнө дурдсан. Оройхон тийшээ зарим нь машиндаа унтаж байгаа харагдлаа. Нэг аав шинэ шөлөө хөргөж авчраад эхнэртээ утсаар загнуулж сонсогдсон. Биднийг байхад төрсөн Т.Мөнхзулын нөхөр цэцэг, тор дүүрэн чихэр жимс  эхнэртээ өгүүллээ. Т.Мөнхзулын ээж тасагт орж охиндоо шөл өгч байв. Харин Б.Соёлцэцэгийн нөхөр эмч нарыг сайн гуйсны хүчинд төрөх тасагт орж хүүгээ харсан юм. Аав болж буй тэрбээр хүүгээ баярласан гэхээс илүүтэй гайхсан нүдээр гэрэвшингүй харна. Хүүхдээсээ илүү эхнэртээ санаа тавьж, “Энэ яагаад уйлахаа больчихов. Яагаад ийм сонин өнгөтэй байгаа юм бол” гэж асуух нөхрийгөө шоолох бүсгүй түрүүхэн зовж байсан гэмээргүй жаргалтай харагдана. Нөхөр нь хүүхдийнхээ зургийг гар утсаараа бичиж, манай зурагчнаас төрөх үеийнх нь зургийг гуйж тэрүүхэндээ хөл болж байна аа. “Ингээд хүүтэй болчихсон гэхээр итгэмээргүй юмаа. Танай сониныхон байж таардаг яамай. Ямар ч байсан төрж байх үеийнх нь зурагтай болчихлоо. Хүүгийнхээ төрсөн өдрийг жил бүр урьдчилж тэмдэглэж байна аа. Өндөр жилд төрсөн хүн ямар бэлгэдэлтэйг мэдэхгүй юмаа” гэж аав нь ярьсан юм.

Тус төрөх эмнэлэгт их аварга Д.Дагвадорж төрсөн. Тэрбээр их аварга болсныхоо дараа хүй цөглөсөн эмнэлэгтээ машин бэлэглэж байсан билээ. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Болормаа II төрөхөд мэндэлж байжээ. Монголчууд хүйн ээжийгээ хүндэтгэж сар шинээр цагаан идээтэй золгодог, ээж гэж дууддаг уламжлалтай. Тэр утгаар II төрөхийн эх баригчдын “хүүхдүүд”-ийн зарим нь жил бүр ээжтэйгээ золгодог, сайн яваагаа дуулгадаг гэнэ. Бидэнтэй хамт өнжсөн С.Оюун эмч өнгөрсөн онд л гэхэд 780 хүүхдийн хүйг цөглөж хүлээн авчээ. Тэрбээр 11 жил ажиллахдаа долоон мянга гаруй хүүхдийн хүйн ээж болжээ. II тасгийн эх баригч С.Түмэнжаргал 20 жил ажилласан, хүүхдүүдээ тоолдоггүй ч арван мянга гарсан байх гэж таамаглаж байсан.

Нийслэлийн II төрөхөд өндөр жилд 20 шинэ хүн төрсний найм нь охин, 12 нь хүү байлаа. Манай улсын хэмжээнд өндөр жилд төрсөн 2215 хүн байдаг гэсэн тоо бий. Харин энэ жилийн хоёрдугаар сарын 29-нд  төрөгсдийн нэгдсэн тоо гараагүй байгаа гэнэ.

ЭМЧ НАР ИЙМ ОРЧИНД, ИНГЭЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн II төрөх эмнэлэгт хүйн халдвар гарч сандаргаснаас хойш чамгүй засвар хийсэн нь мэдрэгдэж байна аа. Гэхдээ л ор хүрэлцдэггүй, багаж техник хангалтгүй нь харагдана. II тасгийн хонгилд төмөр ор эгнүүлээд тавьчихсан байх. Эхчүүд тасагтаа багтахгүй байгаагаас заримыг нь хонгилд хүлээж авахаас өөр аргагүй байдаг гэнэ. Эмч нар нь хүртэл “Зарим үед ч гэрээсээ ор чирээд ирмээр санагддаг. Ор хүрэлцэхгүй үед төрөх арай болоогүй эхчүүдийг буцаахаас аргагүй болдог. Эргээд янз бүрийн асуудал тулгарахаар орчин бүрдээгүйгээс биш эмч нарын хариуцлагагүйн тухай асуудал дэгддэг” гэж учирлаж байсан юм. Биднийг өнждөг өдөр эмнэлэг харьцангуй ачаалал багатай байгаа гэх боловч ээлжийн эмч, сувилагч, асрагчид хоолоо идэх завгүй байлаа. Нэгийгээ төрүүлээд төрөх тасгаас гарахад дахиад хоёр эх өвдөөд ирчихсэн байх жишээтэй. Дахиад л ургийнх нь зүрхний цохилтыг бичиж, төрөлтийн түүхийг нэгд нэгэнгүй бичиж эхэлнэ. Завсраар нь төрөх гэж буй хүнээ асарч тойлох, ар гэрийнхэнд нь хэл хүргэх гээд ажил мундахгүй юм. Нэг ээлжийнхэн 24 цаг гараад 48 эсвэл 72 цаг амардаг аж. Ингэж ажиллаад сард 270 мянган төгрөгийн цалин гар дээрээ авах жишээтэй. 40 гаруй цаг илүү ажиллавал арай гэж 310 мянган төгрөгийн цалин авдгаа ярьцгааж байсан юм.

Асрагч нар л гэхэд жижигхэн өрөөнд цагаан хэрэглэл, төрсөн эхчүүдийн хэрэгсэл зэргийг гараараа угаах юм. Эмнэлэгт угаалгын машин харагдаагүй. Тэр жижигхэн өрөөндөө бүсгүйчүүдэд бургуй тавина. Эх төрөхөд бүх л хэрэгсэл, бохирыг нь асрагч нар цэвэрлэж, ээж,  хүүхэд хоёрыг тойлох үүрэгтэй. 30 шахам жил асрагчаар ажиллаж байгаа Ж.Нарангэрэл гуай “Нэг үе төрөлт бага байхад цомхотгол хийгээд таван асрагчаа халчихсан юм. Гэтэл сүүлийн үед төрөлт ихэсчихээд үнэхээр ачааллаа дийлэхгүй байна. Төрж байгаа бүсгүйчүүдийн жинхэнэ авир гарна шүү дээ. Зарим нь бургуйгаа ч тавиулж чадахгүй орилж, хашгирна. Хүний авир, ааш яах вэ. Хүүхдийг нь эсэн мэнд төрүүлчихвэл л сайхан шүү дээ” гэсэн юм.

Төрсөн эхийн эхсийг цэвэр газар залбал хүүхдийг нь өвчин зовлон ээрэхгүй гэж ярьдаг. Эхсийг нь буруу газар хаяснаас болж хүүхэд өөдлөхгүй байна гэж эмнэлэг дээр нь лам залж ном уншуулдаг байжээ. Нэг үе энэ заншил мартагдаад байсан гэдгийг асрагч нар хэлж байсан. Харин сүүлийн үед шүтлэгтэй хүмүүс эхсийг нь авдаг болсон гэнэ. Эхсийг нь авна гэвэл татгалзаад байх зүйлгүйг ч асрагч нар хэлж байна лээ.

Ийнхүү бид Монголын үрс маш олон болж буйг бэлгэдсэн сурвалжлагаа өндөрлөн төрөхөөс гарахад 21.00 цаг болж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих