Даравч дардайх далаад онынхон

МӨНГӨТЭЙ Л БОЛ УХААНТАЙ
Нийгмийн сэтгэлгээ, ухамсар, өртөнцийг үзэх үзэл, үнэт зүйл бүгд өөрчлөгдөж байна. Одоогоос хориод жилийн өмнө энэ нийгмийг чинь 1950-1960 онынхон тодорхойлж байсан. Тэд коммунист дэглэмийг нураахаар босч, ард түмэн тэднийг дэмжиж шинэ хуучин хэмээн хоёр талцаж үзэж тарж байв. Харин өнөөдөр бүх л салбарт 70-80 онынхон зонхилон гарч иржээ. Харин улс төрийнхөн шинэ үеэ ямаршуу хүлээн авч байгаа юм бол.

Хэр тааруу өмчтэй болсон, боловсролтой болсон далаад онынхон урд үеэсээ шал өөрөөр сэтгэж харж байна. Юм бүхэнд өөрөөр хандаж байна. Энэ нь энгийн мөртлөө ганцхан зүйл дээр илэрч байгаа юм. Тэд өмчийг ч мөн өмчийн эзнийг ч шүтэх болжээ. Нэг үгээр хэлбэл тэд хангалуун амьдрал ямар нэг аргаар мөнгө хийгчийг эрхэмлэх болжээ. Бүр энгийн жишээ авъя. Хэн нэгэн төрийн албан хаагч төрөөс хэдэн тэрбум төгрөг өөртөө гулсуулчихжээ. Хэл аманд өртсөн ч баригдалгүй шийтгэлгүй л өнгөрч. Мань эр тэр мөнгөөрөө УИХ-д нэр дэвшье гэж саная. Магадгүй сайд ч болж болно. Хуучин үеийн бидэнд энэ бол том жигшүүрт хэрэг мөн. Харин далаад онынхон ийм хүнийг ч ийм мөнгийг ч хүлээн зөвшөөрдөг болж. Мөнгөтэй хүнийг хүндэлж дээдэлдэг болохоос тэр мөнгө хаанаас олсон нь ёстой хамаагүй. Тэр уг нь ухаантай хүн даанч мөнгөгүй гэхэд, ухаантай бол мөнгөтэй байх ёстой гэнэ. Энэ хүн ухаан муутай ч мөнгөнийхөө хүчээр УИХ-д гарч дээ гэхэд, ухаантай л хүн байна мөнгөтэй болсныг бодоход гэх жишээний.

өмч хувьчлалын үеэр ч юм уу, ялсан улс төрийн хүчний албан тушаалын бэлгээр чөмөгтэй болсон 50-60-аад онынхны үр хүүхдүүд 20-30 нас хүрч далаад онынхныг хошуучилна. Бас хэнд ч ажиглагдамгүй өөрийгөө болгоод явдаг залуучууд хөөрхөн хуримтлалтай болчихсон байна. Манай томчуудын хүүхдүүд боловсролтой бол боловсролтой, хөрөнгөтэй бол хөрөнгөтэй болчихжээ. Тэд улс төрд орохоор зодог өмсөж байна.

АРДЧИЛСАН НАМ БА ДАЛААД ОНЫНХОН
1990-ээд оны ардчилсан намынханд нэг онцлог байдаг юм. Тэднийг хэн ч халамжлан хүмүүжүүлж, гараас нь хөтлөн ардчилсан намд оруулаагүй. өөрсдийнхөө итгэл үнэмшилээр тэд явсан юм. Ардчилсан намынхан өөрсдөө хэн нэгний татаасаар гарч ирээгүй учраас хойч үедээ яг ингэж ханддаг. өөрөөр хэлбэл Ардчилсан намынхан хойч үеэ бэлтгээгүй. Ардчилсан намынхан даравч дардайж гарч ирж байгаа далаад онынхон болон хойч үеэ өрсөлдөгчөө гэж хардаг. Ардчилсан намын залуучууд 1990-ээд онынхонтой өрсөлдөөд гарч ирвэл аз нь гарч ирэхгүй бол хохь болох нь тэр. Одоо Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гуч хүрэхгүй хувь нь далаад онынхон байна. Харин дотроо өрсөлдөж байж гарч ирж чадах юм бол нэлээд сайн хатаагдсан улс төрч болдог.

З.Энхболд, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр, Баярсайхан, Магнай, Батзандан, Батбаатар гээд сайн залуучууд бий. Тэднийг хэн ч гараас нь хөтөлж улс төрийн тавцанд гаргаагүй. Цаашид ч бүхнийг “өрсөлдөөн” шийднэ. өнгөрсөн хорин жилийн хугацаанд ардчилсан нам өөрийнхөө залуу хойч үеийг төрд байршуулах боломж ч бараг олдоогүй юм.

Ардчилсан намын дараачийн үеийнхэн өнөөгийн намын даргыгаа голоод байгаа юм. Ардчилсан намд залуучуудын төлөөлөлөө олшруулах гэсэн, чадвал намын удирдлагыг 1990-ээд оны партизануудаас салгаж авах зөрчил явсаар байна. Ардчилсан намд бусад шинэ намуудыг бодвол бэлтэй томчуул олон бий гэхдээ нэр дэвшигчдийнхээ бэл бэнчингээр МАН-аас доогуур нь үнэн.

МАН БА ДАЛААД ОНЫНХОН
МАН, АН-ыг бодвол хүний нөөцийн уламжлалт бодлоготой. өөрөөр хэлбэл тэдний удирдагчид хойч үеэ бэлтгэдэг. Бүр 1-3 хүнийг нөөцөлдөг уламжлал бий. МАХН нэрээ солих их хурлаараа чанарын өөрчлөлт хийчихсэн юм. Тэд МАХН гэдэг нэрээ хайрлаад баахан өвгөн коммунистууд “эсэргүүцэн” МАХН-даа үлдэнэ гэж тооцсон. Ийм эрсдлийг нөхөх зорилгоор далаад онынхныг шууд намын удирдах байгууллагадаа олноор нь оруулсан. МАН-ыг одоо удирдаж байгаа бага хурлын 56 хувь нь далаад онынхон байна. УИХ-ын гишүүн Сүхбаатар, Ж.Энхбаяр, Занданшатар эд ч даравч дардайх далаад онынхныг дагуулан намдаа чанарын өөрчлөлт хийсэн. МАН дахь “чанарын өөрчлөлт гэдэг нь” хуучин МАХН-ын хашир бүрхиудыг Ардын нам залуучуудаар сольж чадсан юм. Энэ нь Ардын намын хувьд шинэ зөрчил болов. МАХН гэж байх үеийн УИХ-ын гишүүд удирдлагынхаа “өвгөчүүлээ залуучуудаар халах” бодлогыг сая олж харсан юм. МАН-ын томчуулын хүүхдүүд, томоохон бизнесменүүд болчихсон, өнөөгийн УИХ-ын гишүүдийн яг ар дээр нь ирэх сонгуульд нэр дэвших гээд зогсож байна. Тэднийг олон жил УИХ-ын гишүүнээр сонгогдож дархлагдсан эрхмүүд олж харчихаад бөөн уур хилэн болж байна.

Саяхны “Дөрвөн дээрэмчин”-ий бослого ч, сайд Зоригтыг огцруулах үндэслэл ч чухам үнэндээ бол МАН-ын залуучууд хөгшчүүлийн доторхи зөрчил байлаа. Энэ намд яг одоо элдэв фракци байхгүй залуучууд ба хөгшчүүл гэсэн зөрчил явж байна. Даравч дардайх далаад онынхон өөрийн өнгө төрхөөрөө орж ирж байна. Хүлээн зөвшөөрөх, эс хүлээн зөвшөөрөх нь энэ оны өнгө болно. үе, үеийн олигархиуд энэ намд бий. Харин сонгууль ямар ч нөхцөлд мөнгө дагадаг. МАН-ын далаад онынхон мөнгөтэй.

Г.Дашрэнцэн


URL:

Сэтгэгдэл бичих