“Зоос” банкны удирдлагуудын хэргийг мөрдөн байцаалтад буцаав

“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт холбогдсон тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригт хаалттай болсон. Шүүх бүрэлдэхүүн таван цаг гаруй хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. Тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгасан ч тодруулж, шалгах зүйл байна гэж үзэн мөрдөн байцалтад буцаасан байна. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг нар оролцсон байна. Уг хэрэгт тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан. Улмаар мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг гэм буруутай нь нотлогдоогүй гэж үзээд Нийслэлийн прокурорын газраас тэдний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийг банкны мөнгө үрэгдүүлсэн гэм буруутай гэж үзээд өнгөрсөн сард зургаан жилийн хорих ял оноосон ч 2009 онд баталсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан, түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харин харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн байна.

Н.АЛТАА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.