ХӨШӨӨТИЙГ СТРАТЕГИЙН ОРДОД ОРУУЛАХ САНАЛАА ХЭЗЭЭ ӨГӨХ ВЭ, Д.ЗОРИГТ САЙД АА

Монголын баруун хязгаарын “Таван толгой” гэгдэх Ховдын Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод оруулах, эсэх асуудлаар эрх мэдэлтнүүд бичиг цаас шидэлцсээр байх зуур Хөшөөт Монголын мэдлээс гарах нь байна. Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг 2010 оны зургаадугаар сарын 4-нд ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод Хөшөөтийг стратегийн ордод оруулах саналаа ирүүлэхийг шаардсан. Гэтэл бүтэн хоёр жил өнгөрсөн ч Д.Зоригт сайд ямар ч хариу өгсөнгүй. ЭБЭХЯ-наас Хөшөөтийг стратегийн ордод оруулах, эсэхийг судлах Ажлын хэсгийг 2010 онд байгуулсан. Тэд албан дүгнэлтээ сайддаа өргөн барьсан гэдэг ч Д.Зоригт энэ саналыг Засгийн газар, УИХ-д танилцуулалгүй хоёр жилийн турш хав дарсаар байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард Д.Зоригт сайдаас ярилцлага авахад Хөшөөтийг стратегийн ордод оруулах саналаа удахгүй Засгийн газар, УИХ-д оруулна хэмээн амлаж байсан. Гэтэл үүнээс хойш хагас жил өнгөрсөн ч таг чиг. Энэ хооронд Хөшөөтийн ордыг эзэмшигч БНХАУ-ын “Мо Эн Ко” компанийнхны Хонконгийн хөрөнгийн биржээс босгосон 2,7 тэрбум ам.долларын хөрөнгө нь гурван тэрбумд хүрч, Барлагийн хавцлыг дайруулан тавьсан авто замаар туршилт нэрийн дор Шинжаан Уйгар руу зөөсөн олон мянган тонн нүүрсийг баяжуулах үйлдвэрийг Ховдод биш Хятадад байгуулах гэж байна.

Уг нь “Мо Эн Ко” компанийн ТЭЗҮ-д Хөшөөтийн ордыг ашиглахын тулд Ховдод ДЦС, нисэх буудал, нүүрс боловсруулах үйлдвэр барих сайхан амлалт өгсөн. Гэтэл өнөөдөр тэд нүүрс зөөх замаа тавьснаас өөрөөр Монголд, Ховдод хөрөнгө оруулалт гэхээр бодит бүтээн байгуулалтын шав ч тавьсангүй. Тийм атлаа БНХАУын нүүрсний бас нэг гигант болох “Син Вей” гэх групптэй хамтран жилд 1,5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэрийг Шинжаан Уйгарт байгуулахаар гэрээ, хэлэлцээр хийж эхэлснийг зарим эх сурвалж мэдээллээ. Энэ групп жилдээ 37,23 сая тонн нүүрс борлуулж, 46,8 тэрбум юанийн орлоготой гэх бөгөөд “Мо Эн Ко” компанитай хамтарсан үйлдвэр байгуулаад зогсохгүй тэдний хувьцааг эзэмших замаар Хөшөөтийн ордод эзэн суух талаар ч ярилцаж буйг үгүйсгэсэнгүй.

Сүүлийн үед Монголын баялгийг олон улсын хөрөнгийн биржийн арилжаагаар гаднын компаниуд өөр хоорондоо наймаалцдаг бизнес бий болсон. Түүн шиг Хөшөөтөд ийм наймаа эхэлсэн байж магадгүй нь. Ховдын Дарви сумын нутагт байрладаг Хөшөөтийн нүүрсний ордын үндсэн талбай буюу хуучин орон нутгийн уурхай байсан 66 мянган га-газарт нүүрсний гол нөөц, үүц нь бий. Гэтэл үүнийг улсын төсвийн хөрөнгөөр нээж, нөөцийг нь тогтоож байсан бөгөөд эдүгээ “Мо Эн Ко” компанийн 460 сая, 2,4 тэрбум тонн хэмээн зөрүүтэй мэдээлдэг нөөц нь энэ үндсэн талбайн нэг хэсэгт байдаг.

Харамсалтай нь ийм тодорхой нөөц бүхий баялгийг манай нэр бүхий эрх мэдэлтэн, албан тушаалтнууд улс төрийн шалтгаан, хувийн ашиг сонирхлоор Стратегийн ордод оруулалгүй хав дарсаар байгаа нь ийнхүү Хөшөөтийг Монголын биш Хятадын өмчлөлд шилжихэд хүргэлээ. Харин одоо улстөржихгүйгээр, шоудалгүйгээр Хөшөө- тийг стратегийн ордод оруу лах саналыг Засгийн газар, УИХ-д оруулахыг ЭБЭХ-ний сайд Д.Зоригтоос хэн шаардах вэ? Хөшөөтийг стратегийн ордод оруулах асуудал хэн нэгний үзэмжээр, хэсэг бүлгийнхний ашиг сонирхлоор сейфний буланд шарлаж хэвтэх учиргүй.


URL:

Tags: