СОЦИАЛИСТ НИЙГМИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Чөтгөр гэж. Эгнэшгүй их түүхтэй эх орон маань урваж шарван улс төр хийгсэд, ууж идэн улсаа мөлжигсдийн голомт болгож дууслаа. Ангийн ялгаа нь танагтаа тулахын хажуугаар араншингийн зөрөө айхтар их болж байна. Үүнээс болж үеийн үед залгамжлагдаж ирсэн нэгнээ түших, нөгөөдөө туслах уламжлал ор тас арчигдав. Бүр хүнээ байгаад, учирлаад хэлэхэд улангасан асаж, гуйгаад очиход гуядаад хөөдөг болж.

Үүнийг капитализм гэдэг юм бол би капиталист баймааргүй байна. Бид ийм нийгмийг хүсээгүй. Хүнлэг чанар цэцэглэж, нинжин сэтгэл дэлгэрсэн сайхан Монголыг мөрөөдөн суусан. Бие биенээ барьж иддэг зэрлэг тогтолцоонд даруулж суусан дор ад үзэгдээд, нүд үзүүрлэгдээд байдаг өнөөх социализмын эд эс байх нь хамаагүй дээр юм байна. Мэдээж, тэр нийгэмд алдаа байсан. Хатуу хахир зүйл ч байлаа. Гэхдээ нэг гайхалтай чанар тэнд байсан юм. Энэ бол хүн хүнээ хайрлах ёсон. Доройтсон нэгнээ бултаараа татаад авдаг, хазайсан нөгөөгөө бөөнөөрөө ятгаад сэнхрүүлдэг ухамсар өрх бүрт байв. Баярлах мөчийг олуулаа тэмдэглэж, зовох цагийг хамтаар туулдаг ёс зүй хүн болгонд байлаа. Тиймээс монгол иргэний сэтгэлд гэрэл гэгээ цацарч, монгол айлын хойморьт инээд хөөр бялхдаг байсан. Иймийн учир соц статустай байх үеийн Монголыг маш олон хүн санагалздаг. Өвөө, эмээ нар бол бүр ч их үгүйлдэг. Зарим нь дурсаад уйлна. Ямар гоё байж вэ гэж шүүрс алдана, үнэхээр жаргалтай байсан шүү хэмээн дуу тавина. Хуучин нийгмийн гол шинж бол нэг нь нийтийнхээ төлөө байдаг чанар. Хаана л явна нийтээрээ, ямар л ажил хийнэ хамтаараа… Хадлан хадсан ч цугаараа, хашаа хатгасан ч бултаараа. Зовсон ч эвтэй, жаргасан ч нэгдэлтэй. Ийм л цагаан цайлган сэтгэл, тусч зөөлөн араншинтай улс байсан юм, монголчууд. Гэтэл өнөөдөр бид хүн төрхөө алдаад адгууснаас ч долоон дор болж. Тусламж эрээд ирсэн нөхрөөсөө тоос татуулан зугтааж байна, зовж яваа андыгаа түлхээд унагачих шахаж байна. Сайн яваа нэгэндээ багтарч унатлаа атаархаж, сайхан амьдарч байгаа нөгөөдөө бөглөрч үхтэлээ зэвүүцэх боллоо.

Капиталист орны хүн нь хүртэл ингэж доройтдог юм байжээ. Хэрэв ингэхийг нь мэдсэн бол 1989 онд социалистаараа үлдэхийн төлөө жагсдаг байж. Эдийн засаг нь унаж, улс төр нь тогтворгүйтнэ л биз, яадаг юм. Хүн чанар, хүнлэг сэтгэл л байж байвал улс төр, зах зээл энэ тэр нь мань мэтэд падгүй. Хүн болж төрснийх хүнд ту салж, хүнээр туслуулмаар байна. Бөөнөөрөө бужигнаж, бултаараа хөгжилдмөөр байна шүү дээ. Ийм л мөчүүд үеийн үед дурсагдаж үлддэг. Тийм л агшнууд амьдралыг өнгөтэй өөдтэй болгодог шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих