Хөгжлийн банк байгуулагдлаа, Д.Сугар дарга баяртай

Оюутолгойн гэрээг бай­гуулчихсан, одоо Д.Зоригт баяртай гэх хүн олон байна.

Үүнтэй адилхан Хөгжлийн банкийг байгуулчихлаа, Д.Су­гар баяртай гэсэн хандлага Төрийн ордон хавиас мэд­рэгдэх боллоо. Улс төрийн дахин бүлэглэлт буюу  халаа сэлгээнд хамрагдах хүмүүсийн жагсаалтад мөн л түүний нэр цохиж явна. Уг нь аль өнгөрсөн намар л “зайлуулах” сураг гарсан ч төр түүнийг зарцалж дуусаагүй байсан тул тэгсхийгээд орхисон.

Монголын Хөрөнгийн биржид менежментийн өөрчлөлт хийхэд хамтран ажиллах гэрээг Лондоны Хөрөнгийн биржтэй ТӨХ байгуулсан. Хөгжлийн банк ТУЗ-өө сонгож, дансандаа эхний ээлжинд 16 тэрбум төгрөг байршуулахаар боллоо. ТӨХ-ны дарга олон жилийн турш­лагаараа “бааварлаж” байж сайн ч, муу ч хэргийн эзнээр түүхэнд бичигдэж үлдэнэ. Түүнч­лэн оны өмнөхөн гаргасан дүн мэдээнээс харахад Д.Сугар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 21 хүнийг төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж оронд нь мэргэжлийн хүмүүс томилсон. Үе үеийн дарга нарын хийж чадаагүй ажлыг хийлгэж, Д.Сугарын гараар “могой бариулсан” нь энэ. Тиймдээ ч Засгийн газрын зүгээс ТӨХ-ны ажлыг магтан сайшаасан билээ.

Одоо Д.Сугарыг “Баяртай” гэхэд хэн ч гайхахгүй, гонсойхгүй. Өөрөө ч ажлаа өгч сурсан хүний жишгээр энэ асуултаас халгалгүй  хариултаа өгсөн удаатай. Тухайн үед тэрбээр “Энэ албанд би ирээд удлаа. Аливаа хүн шинэ албанд ирээд бүх нөөц, эрч хүчээ зарцуулдаг.  Энэ нь хязгаартай болохоор тодорхой хугацааны дараа шавхагддаг.  Тиймээс ямар ч албанд нэг хүн удаан байх нь тохиромжгүй гэдэгтэй санал нэг байдаг. Туршлагатай, мэдлэгтэй хүн ирээд түүнийгээ бүрэн зориулж ажлаа хэрэгжүүлээд дараа нь өөрчлөгдөх нь зүйтэй.  Энэ суудалд удсан шалтгаан нь би сольшгүй мундагтаа  биш.  Төрийн албан хаагч тодорхой хууль дүрмийн дагуу ажилладаг туршлагатай л байх ёстой. Үүнийхээ дагуу би ажиллаад байхад намайг халах үндэслэл байхгүй.

Байр сууриа өөрчлөх бодол гэнэт төрвөл би тэр үед нь шууд илэрхийлнэ. Нэг байр суурин дээр зууралдаад байдаг хүн биш” гэж хариулж байсан юм.

Хэрэв цагаан сарын дараахан ТӨХ-ны дарга өөрийн биеэр халагдах өргөдлөө өгвөл гайхах хэрэггүй. Өргөдөл өгүүлэх аргад МАН-ынхан гайхалтай  гаршсан шүү дээ. Энэ тохиолдолд суудлаа суллахгүй “арай л дэндүү удсан” Д.Сугарыг сольж өөрчилсөн намын дарга, Ерөнхий сайдын нэр хүнд өснө үү гэхээс унахгүй. Нөгөөтэйгүүр Д.Сугарын суудалд яарах болсон бас нэг шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсонтой нь холбоотой. Тэрбээр өнгөрсөн намар Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-ын Нью-Йорк хотноо айлчлал хийх үеэрээ “Тавантолгойн сонгон шалгаруулалтад Лондонгийн хөрөнгийн бирж ялах магадлалтай” гэсэн мэдэгдэл хийсэн.  Гэтэл Улаанбаатар хотноо ТӨХ-ноос “Сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Хэн ялсныг хэлэхэд эрт байна” гэсэн мэдээлэл хийлээ.  Мэдээж энэхүү муухай зөрүүг сонгон шалгаруулалтад ялж чадаагүй ч ТӨХ-той хамтран ажиллах гэрээ байгуулснаар эвтэйхэн цайруулсны  дүнд Ерөнхий сайд маань Лондоны Хөрөнгийн биржийн өмнө нэр цэвэр гарлаа. Тэгээгүй бол ТӨХ-ноос зөрж ярьсан Монголын Засгийн газрын тэргүүн эвгүй байдалд орсон талаар дэлхий дахин шуугих ч байсан юм бил үү.

Монголын Засгийн  газрын хувьд ТӨХ-той холбоотой, эцсийн хариулт нэхсэн олон асуудал бий. Наад зах нь Асгатын мөнгөний ордыг хэрхэн Монголын эдийн засагт үр өгөөжтэйгээр ашиглах вэ. Нийтдээ 25 сая тонн хүдрийн, 6820 тонн мөнгөний нөөцтэй энэ орд ирээдүйд Монголыг тэжээх учиртай гэж эрдэмтэд нотолдог. Үүнээс 2566 тонн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн нөөцийг ашиглахад бэлэн болчихоод байгаа. Гэтэл лиценз нь  “Монголросцветмет” нэгдлийн мэдэлд буй. Хоёр жилийн өмнө 54 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоотой байсан уг ордыг ашиглах асуудал эдүгээ таг чиг болжээ. Хэрхэх асуудал ойлгомжгүй хэвээр.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн активт одоогоор Тавантолгой, Шивээ-Овоогийн нүүрсний орд орчихоод байна. Тавантолгойн ордыг хоёр хуваагаад, нэгийг нь төр өөрөө ашиглахаар “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулж, нөгөөг нь гадны томоохон компаниудын дунд тендер зарлаж ашиглуулахаар болоод байгаа. Хоёулаа 100 хувь төрийн мэдэлд байна. Үүний ТУЗ-ийг удирдаж буй хүнийг хэн “жижиг” гэх билээ. Тиймээс энэ ашиг сонирхол ч түүнийг суудлаас нь түлхэх томоохон шалтгаан юм.

“Хүний амьдралд олон янзын сонирхол байдаг. Тэдгээрээс хамгийн хүчтэй нь өмчийн сонирхол юм. Нэгэнт энэ хүчтэй сонирхлын зааг дээр байгаа учраас тэр бүхэн мөргөлдөж байна. Ингэнэ гэдгийг нь мэдсээр байж энэ албан тушаалыг хашиж байгаагийн хувьд гомдоод байх юм алга” хэмээн Д.Сугар дарга хэлж байсан. Гэвч ярианаас хэтрэхгүй байсан Хөгжлийн банкны сонгон шалгаруулалтыг явуулж хөл дээр нь босголоо. Энэ банкны дансанд төрийн мөнгөнөөс 16 тэрбум төгрөгийг халаасанд нь хийж өгөөд “Улам арвижуулаарай” гээд ташуурдахад бэлэн болоод байна. Түүнийг үүсгэн байгуулах ажлыг ТӨХ-ны дарга Д.Сугар хийсэн ч өндөр ашиг олох цагт нь энэ суудал дээрээ байхгүй байж мэдэх юм. Магадгүй, олон жил улсын өмчийг манасан түүний совингоор төрийн гар оролцсон шинэ үеийн банкинд хуучин сэтгэлгээ, оролцоо орсны харгайгаар бүтэлгүйтэх ч юм бил үү. Учир нь нэгэнт банк төрийн мэдэлд байх л юм бол түүнд улс төр гарцаагүй оролцож таарна. Бизнесийн үйл ажиллагаанд улс төрийн оролцоо байгаа тохиолдолд эрүүл, зөв замаар  явдаггүй. Компанийн засаглал алдагддаг гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа. УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэхэд ч шийдвэр гаргах түвшнийхний эргэлзээ тайлагдаагүй байгаа нь эрсдэл даллах мэт санагдсаныг нуугаад яахав.

Ер нь өмчид гар дүрэх дуртай лидерүүдийн дотор зөв гишгэж явахад Д.Сугарт  амаргүй л байгаа. Энэ зовлон үе үеийн Ерөнхий сайд нарын үед байсан. Хуульчийн хувиар ч, хувь хүний үүднээс ч, ТӨХ-ны даргын хувиар ч яриад дийлдэггүй үе байсан л байх. Цаг өөр болжээ гэж бодох ирээдүй түүнд алга. Хэзээ ч өөрчлөгдөхгүй орчноос өөрийгөө таслан одох боломж л үлдсэн байж магад.

У.ОРГИЛМАА

Улс төрийн тойм


URL:

Сэтгэгдэл бичих