Эмэгтэй улстөрчид тэргүүлэх үүрэгтэй

МоАХ-ны эмэгтэйчүүдийн хөдөлгөөний II чуулган өчигдөр Төрийн ордны Их танхимд болж байна. Уг чуулганд МоАХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Монголын Ардчилсан Холбооны эмэгтэйчүүдийн чуулганы эрхэм төлөөлөгчид өө
Журмын нөхдөө, Эрхэм зочид оо.
МоАХ-ны ээлжит 4-р Их Хурлын дараахан манай эмэгтэйчүүд, гишүүд дэмжигчид энд чуулж их хурлаас дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд, Монголын улс төрийг сонгуулийн хувьсгалаар эрүүлжүүлж, МоАХ-ны анх байгуулагдахаасаа дэвшүүлж ирсэн “Чинээлэг иргэд зонхилсон, эрх чөлөөтэй, баян Монголыг” байгуулах эрхэм зорилтыг бодит үйлс болгоход эмэгтэйчүүдийн оролцоо, нөлөөлөл, манлайлал, хамтын ажиллагааны талаар хэлэлцэх гэж байгаад би туйлаас баяртай байна.

Чуулганы ажиллагаанд амжилт хүсэж мэндчилье. Өнөөдөр Монголын улс төрд хууль, эдийн засгийн шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо илт дутагдаж, үгүйлэгдсээр байгаа. Үүнийг нөхөх, хэвийн түвшинд аваачих гэхдээ “эмэгтэйчүүдийн квот” зэрэг хуулийн зохицуулалт хийсээр байгаа ч байдал сайжрах найдвар тун бага харагдаж байна. Шалтгаан нь сонгогч олонд эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшний улс төрд оролцуулахын ач холбогдол, хэрэгцээ шаардлагын талаар ойлголт маш нимгэн, эмэгтэйчүүдийг сонгох итгэл үнэмшил бага байна. Шалтгаан нь шалтгаанаа төрүүлдэг. Тэгвэл сонгогчдын ийм идэвхгүй байдлын шалтгаан нь эмэгтэй улстөрчдийн өөрсдийнх нь үйл ажиллагаа, бодлого өнөөгийн шаардлагад нийцэхгүй байгаатай холбоотой.

Эмэгтэйчүүдийн улс төрд оролцохын ач холбогдын талаарх яриа таниулга их төлөв уран сайхан, цэцэн цэлмэг үгсэд булагдаж “хатан ухаан”, “нандин мэдрэхүй”, “арга билгийн хослол” гээд уянгалаад явчихаар итгэл үнэмшил төрүүлэхээсээ тээршаах, үл тоомсорлох сэтгэгдэл авчирч байна. Яагаад эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд оролцоотой байх ёстойг сонгогчдын бодит хэрэгцээ, энгийн ойлголтонд тулгуурласан байдлаар гаргаж, тайлбарлаж таниулахгүй бол онч мэргэн үгсийн цуглуулга тань улам бүр л явуургүй болсоор парламентийн танхимд эмэгтэйчүүдийн дуу хоолой улам бүр цөөрсөөр л байна шүү дээ. Товчхондоо “эмэгтэйчүүдийг сонгох хэрэгцээг” эхэлж бий болгохгүйгээр эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоо, сонгогдох эрх ханган биелэгдэхэд хэцүү байна.

Нөгөө талаар Монголын эмэгтэйчүүдийн, тэр дундаа ардчилсан эмэгтэйчүүдийн онцгой анхаарч, илүү их оролцох ёстой тэмцэл бол ядуурлын эсрэг тэмцэл болоод байгааг анхааралдаа авна уу. Ядуурал “баян” гэгдэх Монголын үндсэн дүр төрх болж 2011 оны эцсээр хүн амын 39,2 хувь ядуу байна гэсэн албан ёсны статистик гарлаа. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны тайлангаас үзэхэд 2008 онд 80 тэрбум төгрөгийг нийгмийн халамжинд зарцуулж байжээ. Тэр үед ядуурал 32 хувьтай байв. Харин ядуурал 40 хувьд дөхсөн 2011 онд 400 тэрбум төгрөгийг халамжаар олгожээ. Халамжид зарцуулсан мөнгө 5 дахин өсөөд байхад ядуурал 7 хувиар өссөн гэдэг нь хишиг, өглөгөөр ядуурлыг бууруулна гэж байхгүйг харуулж байгаа юм. Эрх баригчдын ярьж байгаагаар бол халамж 5 дахин өсөхөд ядуурал төдий хэмжээгээр буурах ёстой байсан. Гэтэл бодит үр дүн “Хишиг тараах нь амьжиргааг дээшлүүлэх арга биш” гэдгийн хамгийн том нотолгоо болж байна. Ядууралд хамгийн ихээр өртөж байгаа хэсэг бол эмэгтэйчүүд, улам бүр олширч байгаа өрх толгойлсон бүсгүйчүүд маань билээ.

Тийм болохоор нийгмийн эмзэг хэсгийнхний дотор том байр суурь эзлэж байгаа эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөөг ханган биелүүлэх, хишиг өглөг горьдох маягаар амь зуух бус ажилласан шиг ажиллаад, авсан шиг авах цалинтай, орлоготой болгохын төлөө та бүхэн юу хийх, ямар үйл ажиллагаа явуулахаа сайтар ярилцах биз ээ. МоАХ маш тодорхой зорилго дэвшүүлж байгаа “Иргэн баян бол улс баян” гэж. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд баялгийн хуваарилалтыг зөв болгох ёстой. Зөв хуваарилалтыг хийхийн тулд сайн засаглал байгуулах шаардлагатай. Сайн засаглалыг шударга сонгуулиар л байгуулна. Гэтэл гадаадынхны дэмжлэгээр, Монголын уурхайн баялгаар хөлжсөн, цөөхөн тооны баячууд стратегийн хувьд сайтар байршиж чадсан байгаа учраас шударга сонгууль аюулд ороод байна. Энэ цөөхөн тооны баячууд өнөөдөр монголын төрийг залж, төрийн дээд эрх мэдэлтнүүдийг талдаа татаж, хүссэн шийдвэрээ гаргуулах хэмжээнд нөлөөллөө аваачжээ.

Тэд ирэх сонгуулийг худалдан авахаар зэхэж байна. Олигархиуд төрийг засагт шургуулсан өөрсдийн гар хөлөөрөө дамжуулан удирдах нь хангалтгүй, найдваргүй санагдаад эхлэхээр өөрсдөө төр барихаар шийджээ. Энэ бол ирэх сонгуулийн гол аюул. Үүний эсрэг МоАХ, эмэгтэй гишүүд, дэмжигчид юу хийх, яаж ажиллахаа ч ярилцмаар байна. Олигархиудын гар хөл болсон, Монголын уурхайн баялгийг цөлмөж, ард олныг үгээгүй ядуу байдалд үүрд уяж, өөрсдөөс нь өглөг хишиг горьдож амьдрах амьдралын хэвшлийг бий болгохоор зүтгэж байгаа олигархиудыг сонговол бид боолын талхинд сайн дураараа гүйж орж байгаагаас өөрцгүй зүйл болно гэдгийг сонгогчдод сайтар ойлгуулах хэрэгтэй. Мөнгө тараавал ав, тэгээд илчил! Сонгуулийн шинэ хуулиар авсан мөнгөө илчилбэл тэрэнтэй нь тэнцэх хэмжээгээр мөнгөн урамшуулал олгох заалт байгаа үүнийг сайн ашигла.

Бид сонгуулийн арга замаар Ардчилсан хувьсгалаа бэхжүүлж, анх зорьж байсан зүйлдээ хүрнэ гэж тунхагласан. Тийм болохоор шударга сонгуулийг үгүй хийх гэсэн оролдлогуудтай эвлэршгүй тэмцэх ёстой. Энэ тэмцэлд эмэгтэйчүүд эмэгтэй улстөрчид, эмэгтэй сонгогчид тэргүүлэх үүрэгтэй гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Та бүхэнд дахин амжилт хүсье.

Монголын ардчилагчдийн өнийн хүсэл тэмүүлэл болсон “Иргэн баян бол улс баян” зорилт хэрэгжих болтугай!

МоАХ-ны дарга Х.Баттулга


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.