“Мон-Уран”-ы Б.Наранхүүг шалгах эсэхийг Нийслэлийн шүүх маргааш шийднэ

Бага насны охидыг садар самуунд уруу татдаг бүлэг байдаг гэх мэдээлэлд нэр нь дурдагдсан “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү “Нэр хүндэд халдлаа” хэмээн “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормааг шүүхэд өгөөд байгаа.

Уг хэргийг өнгөрсөн оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээд сэтгүүлч Д.Болормааг цагаатгасан. Нийслэлийн давж заалдах шатны шүүх цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.

Энэ дагуу сар гаруйн өмнө болсон шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн шүүгч Ш.Төгсгэрэл “Б.Наранхүү нарыг шалгах шаардлагатай. Үүний дараа Д.Болормаагийн асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй” хэмээн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлээд байсан.

Харин Сүхбаатар дүүргиин хяналтын прокурор Ш.Баярбилэг дээрх шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан аж. Прокурор Ш.Баярбилэгийн эсэргүүцлийн дагуу Сүхбаатар дүүргийч шүүгч Ш.Төгсгэрэлийн шийдвэр зөв эсэхийг Нийслэлийн шүүх дахин хэлэлцэх гэж байна. Өнөөдөр уг шүүх хурал Нийслэлийн шүүхэд болохоор товлогджээ.

Д.Даваасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих