АСАШЁОРЮҮ дахиад л шуугиуллаа

Нэг хэсэг ярьдаг, хэлдэг, бичдэг бүх хэвлэл мэдээллийнхэн сумо эхлэх бүрт бүгд ижилхэн “Тэр яллаа, энэ уналаа” гээд шуугидаг байлаа. Одоо нам гүм. Гуравдугаар сарын хару башё эхлээд дөрөв хонож байгаа ч сонирхолтой юм юу ч үгүй, М.Даваажаргал даваад л, Н.Цэвэгням унаад л…

Харин өчигдөр огцом сонин үйл явдал боллоо. Бүдүүн бөхчүүд барилдаж байлаа. Дээд зиндааны бөхчүүд дотроо чансаа муу, чансаа сайн гэж хоёр хуваагддаг даа. Тэр эхний хэсэг дуусах дөхөж байтал ордонд суух үзэгчид шуугиад явчихав. Эгээтэй цагаан сарын барилдааны гурвын давааны үеэр булган хүрэмтэй “жижиг” Сүхбат бөхийн өргөөнд орж ирсэнтэй адил ажгуу. Тохитой томоотой япончууд бөхөө ч харахаа больж, толгой нь хойш урагш эргэлдэн нэг л юм хайгаад байх шиг.” Тэгтэл хүндэт зочдын суудал дээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан хорь орчим төлөөлөгчид ирээд суучихсан байв. Монголын битгий хэл, Францын Ерөнхийлөгч Жак Ширак ирээд суучихсан байхад тоодоггүй япончууд яасан юм бол доо гэтэл учир тайлагдлаа. Сү.Батболдоос гурав дөрвөн хүний зайтай манай Дагваа сайхан саарал өнгийн костюмтай, цагаан хүрээтэй нүдний шил зүучихсэн, албаны хар хүний дүр төрхтэй сууж байв аа. Үзэгчид сумогоо үзэлгүй тэр зүг ширтээд, азаар тэр үед шүүгчдийн бага завсарлага таарч тэмцээн нэг хэсэг завсарлав. Энэ хооронд тэр олон үзэгчид Асашёорюүгийн зүг чиглэн гар утас, зургийн аппарат гээд баримт болох бүх зүйлээ бариад л зүтгэдэг юм даа.

Их аварга маань сайн дураараа хөөгдсөнөөс хойш анх удаа алдрын оргилд хүргэж байсан ордондоо орж ирсэн болохоор арга байж уу. Эгэл япончууд түүнд ямар сайн юм, тэр тэдэн дундаа ямар их хүндлэлтэй юм гэдгийг таван хором анзаарлаа. Тэр олон хүн зураг татах үед хол сууж байсан Ерөнхий сайд маань Д.Дагвадоржийн хажууд ирээд суучихаж. Сэргэлэн эр. Хэдэн хормын дараа бүдүүн бөхчүүд барилдаад эхлэв. Гэхдээ барилдааны талаар бичих гээгүй юм аа.

Д.Бат-Эрдэнэ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих