С.Ганбаатар: Хувийн хэвшлийнхэн мөнгөгүйгээ нотол

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос өчигөдөр мэдээлэл хийлээ. Тус холбоо хоёр жилд нэг удаа хийдэг улсын гурван талт хэлэлцээрийг удахгүй хийх гэнэ. Шинээр байгуулах энэ хэлэлцээрт, хувийн хэвшлийн салбарт ажиллагсдын цалингийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай саналыг оруулж байгаа аж. Тодруулбал, 2012 оны эхний улиралд багтаан хувийн хэвшлийн байгууллагуудыг ажиллагсдынхаа цалинг 40 хувь нэмэх тухай санал оруулж байгаагаа мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Хувийн хэвшлийн компаниуд цалин хөлсөө нэмэх асуудал нь эзнийх нь дур шүү дээ. Нэмэхгүй байгаа газруудад шахалт үзүүлнэ гэсэн үг үү?

-Бидэнд хуулийн хүрээнд тийм эрх нь байдаг. Хувийн хэвшилд ажиллаж, өөрийнхөө төлөө тэмцэх чадваргүй, эвлэлдэн нэгдэж чадаагүй байгаа жирийн ард иргэд, хөдөлмөрчдийн төлөө МҮЭХ, Засгийн газартай хэлэлцээрт ордог. Энэ хэлэлцээрийн дагуу хувийн хэвшлийнхний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх хууль эрхзүй нь Үйлдвэрчний эвлэлд байна. Энэ эрхийнхээ дагуу бид хүмүүсийн цалинг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол Монгол Улсын хууль. Эзэн нь мөрдөж чадахгүй бол энэ хүн мөлжлөг хийж байна гэсэн үг.

-Мөнгөгүй байгаа компани яах вэ. Шахалтаар цалингаа нэмлээ гэхэд алдагдал хүлээх болно. Зөрүү мөнгийг нь МҮЭХ өгөх үү?

-Компаниуд үнэхээр алдагдалд орох гээд байгаа бол ажиллагсдтайгаа хамтын гэрээ хэлэлцээр байгуулж санхүү мөнгөө ил тод болгох ёстой. Тухайн аж ахуйн нэгж хаанаас яаж орж ирсэн хэчнээн төгрөгийг ажилтнууддаа яаж хувааж өгч байгаагаа ярих ёстой. Ажилтан бүр хамтаараа баялаг бүтээгч. Орлогоо ил тод болгоод шударгаар хуваарилаач. Манайх сар бүр арван сая төгрөг олдог юм байна. Үүнээс хэдэн хувийг нь цалинд өгөөд, цаана нь тэд үлдэж байна гэх мэтээр гаргаж тавих ёстой. Мөнгөгүй байгаа гэдгээ нотолж тооцоогоо гаргаад ир л дээ.

-Үнэхээр мөнгөгүй компани байвал яах вэ. Тодорхой хариулахгүй юу?

-Мөнгөгүй байхад нь дээрэмчин шиг чи мөнгө өг гэж шахахгүй. Харин мөнгөгүй байна гэдгээ нотлоод өг л дөө. Үнэхээр мөнгөгүй бол тухайн компанид зах зээлийг нь нээж өгөх, зээл өгөх тал дээр нь дэмжих, жижиг дунд үйлдвэрийн зээлд хамруулах, тендерт оруулах гэх мэт ажлуудыг хийж өгч дэмжлэг үзүүлэх тухай саналыг одоо хийх шинэ хэлэлцээрт оруулж өгөөд байгаа юм.

-Мөнгөгүй байгууллага алдагдал хүлээхгүйн тулд ажилтнуудаа халж эхэлнэ. Тэгвэл МҮЭХ энэ хүмүүсийг ажлын байраар хангаж чадах уу?

-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд ханд. Бид улсын байцаагч эндээс явуулна. Ажлаасаа халагдсан хүмүүсийн эрхийг хамгаалахаар 47 улсын байцаагч ажиллаж байна. Иргэд зүгээр л нэрээ хэлэхгүй бидэнд хандаж болно. Бид очиж, бүх данс тэмдэг тооцоог нь шалгаж энэ хүмүүсийн цалинг нэм, буцааж ажилд нь оруул гэдэг шаардлагыг хуулийн хүрээнд тавина.

-Байгууллагын данс тооцоог шалгах эрхтэй юм уу?

-Өмнө нь үйлдвэрчний эвлэлгүй аль нэг хувийн хэвшлийн байгууллагад би орох эрхгүй байсан. Гурван жилийн өмнө Засгийн газартай хэлэлцээр хийсэн. Үйлдвэрчний эвлэл байхгүй байсан ч гэсэн байгууллага аж ахуйн нэгж хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчиж байвал очиж щалгаж акт, торгууль тавьж хуулийн хэрэгжилтийг хангуулах, эрх зүйн орчин бүрдүүлж өгөхийг шаардах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу 47 улсын байцаагч томилсон. Гэхдээ манайд гомдол ирээгүй тохиолдолд бол албан байгууллагын хаалгыг шууд тогшоод орох эрхгүй.

-Үйлдвэрчний эвлэл гишүүд эздэдээ цалингаа нэм гэсэн шахалт үзүүлээд ажлаасаа халагдсан тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд яах вэ?

-Тэмцэл явуулаад, хууль бусаар ажлаасаа халагдсан хүмүүсийг хуулийн хүрээнд ажилд нь оруулна.

-Хувийн хэвшлийн компаниудад ажиллаж байгаа гишүүддээ энэ тэмцэлдээ ор гэсэн үүрэг даалгавар өгөх үү?

-Би гишүүддээ үүрэг даалгавар өгөх эрхгүй. МҮЭХ социализмын байгууллага биш. Тийм учраас тэг ингэ гэж үүрэг даалгавар өгч чадахгүй. Тэмцэж чадахгүй бол бид нар эндээс очиж эрхзүйн зөвлөгөө өгдөг. Тэгээд ажиллаж чадахгүй байгаа бол өмнөөс нь эзэнтэй нь уулзаж тэмцэнэ. Үйлдвэрчний эвлэл бол үйлчилгээ үзүүлдэг.

-Үйлдвэрчний эвлэлгүй хувийн хэвшлийн байгууллага яах вэ?

-Үйлдвэрчний эвлэл байхгүй газруудын эрхийг ч гэсэн маш сайн хамгаалж байгаа. Гэхдээ нэг зүйл байна. Өөрийнхөө төлөө тэмцэж чадахгүй. Амиа бодсон ийм арчаагүй ард түмэнтэй улс орон дандаа боолоороо байдаг ш дээ. Бид бусдын төлөө өөрийгөө золиослоод ч хамаагүй тэмцэх чадвартай хөвгүүдтэй ард түмэн гэдэгт итгэж байна. Хүн болгонд өөрийн гэсэн хувийн асуудал бий л дээ. Хувийнхаа асуудлыг бодож хөөцөлдсөөр байтал сайхан Монгол орны нийтлэг эрх ашиг алга болж байна. Хувийн асуудал шиг хогоор яах гээд байгаа юм.

-Хувийн хэвшлийн байгууллага бүхэн үйлдвэрчний эвлэл байгуулах ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Үнэхээр бурхан тэнгэр надад тусалдаг, эрх нь байдаг бол бүх хувийн хэвшилд үйлдвэрчний эвлэл байгуул гэдэг тушаал гаргамаар байна. Тушаал гаргах эрх нь даанч надад алга. Тийм учраас миний чадах зүйл бол хувийн хэвшлүүд үйлдвэрчний эвлэл байгуулаач ээ. Байгуулж чадахгүй байгаа бол биднээс аргазүйн зөвлөгөө аваач. Зүгээр л бидэнд хандчих. Тэгээд аргазүйн зөвлөгөө аваад, чадахгүй бол бид өмнөөс чинь зохион байгуулаад өгье.

-Өөрөөс тань эсрэг бодолтой олон хүн байна. Миний аавын батлах дээр “Үйлдвэрчний эвлэл бол коммунизмын сургууль мөн” гэж Лениний хэлсэн үгийг бичсэн байдаг. Тэгэхээр хувийн хэвшил, үйлдвэрчний эвлэл хоёр яагаад ч тохирохгүй зөрчилдөнө. Үүнийгээ болиоч гэх хүмүүс ч байна?

-Коммунист тогтолцоотой оронд үйлдвэрчний эвлэл үүсээгүй шүү дээ. Англид би үйлдвэрчний эвлэлийн гишүүн байж, үйлдвэрчний эвлэл гэдэг юмыг мэдэрч ажиллаж байсан. Коммунизм гэдэг маш хатуу ширүүн зүйл. Үүнийг зөөллөдөг юм нь капитализм. Тэгэхээр үйлдвэрчний эвлэл чинь коммунизмд биш капитализмд бий болсон юм. Мэдлэггүй газар боол, хуульгүй газар хулгай гардаг. Коммунизм социализмыг муулаад байгаа хүнд нэг зүйл хэлчихье. Би социализм, коммунизмыг магтан дуулдаггүй. Социал гэдэг нь нийгмээрээ, нийтээрээ баян байя гэсэн үг шүү дээ. Харин хэдхэн капиталистууд баян байгаад тэдэнд чирэгдэж хөгжихийг капитализм гэдэг. Социализм бол ажилчин хүнд зориулагдсан капитализмыг хэлнэ гэж Карл Марксын хэлсэн үг байдаг.

Х.ЦЭНД-АЮУШ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.