Хулхин дээр ургуулсан цэцэг чинь хугацаанаасаа өмнө хагдарчихлаа улстөрчид өө

Хулхин дээр ургуулсан цэцэг дэлбээгээ нээж, цалингийн нэмэгдэлд хууртсан иргэд халаасаа гөвсөөр хавар цагтай золголоо. Харин улстөрчид иргэдийн хулхин дээр тарьсан цэцэгс ургаж, 2008 оны сонгуулийн амлалтаа бараг л 100 хувь биелүүлсэн гэж хэлэх эрхтэй болсондоо тун маадгар сууна. Орд газруудыг ашиглалтанд оруулсан уу гэвэл оруулсан. Олон жил дарж хэвтсэн баялаг хөдөлгөөнд орсон гэвэл бас л тийм.  Тэгээд ч өгнө гэж амласан хувь хишгээ өгөөд эхэлчихсэн, өдгөө зургаан сараас дуусгавар болно. Хийж, бүтээж, хэлсэндээ хүрч гэж үнэлж болохоор өнгөт зургийг үнэхээр сайн зурсан байна, тэд. Гэхдээ өнгөт зургаа тун тааруу будгаар зурж. Өнөөх нь он жил дамнан улстөрийн бүтээл болж мөнхрөхөөсөө илүүтэй ирэх сонгууль хүртэл тэсч чадамгүй хэврэгхэн байна. Ядаж байхад өмнөх нийгмийн үед сур бас дахин сур гэх уриагаар хүн болсон монголчууд өнөөдөр тэс бас дахин тэс гэх зарчмаар аж төрдөг болчихож. Ямар ч их тэсвэртэй юм бэ. Он цагийн эрхэнд ус хүртэл чулууг элээдэг хорвоод хулхин дээр ургуулсан цэцгийн дэлбээлэх тэрхэн агшинд нь баясаад тэсээд л байдаг хатуужилтай.

Гэхдээ ямар ч юманд хязгаар гэж үгүй. Төгс төгөлдөр ч гэж үгүй. Хязгаар басхүү төгс төгөлдөр рүү дөтөлсөн байж л болох нь үнэн. Тэр утгаар нь аваад үзвэл тэсвэр барагдаж тэсрэлт бий болох цаг нь ирчихэж, цаана чинь. Олон олон цэцэг ч хулхин дээр цэцэглэж, огт анзаараагүй байхад цэцэглэчихээд сайхныг нь мэдэрч амжаагүй байхад хагдардаг байдлаас залхаж байна, ард түмэн. Гэхдээ энэ удаа олон зүйл олон хулхи цэцэгсийн тухай яримааргүй байна. Гагцхүү яг өнөөдөр хамгийн чухал гэж найдвар төрүүлж цэцэглэхийг нь амьсгаа даран хүлээж байсан ч Тавантолгойн ашиглалт, хамгийн гол нь хувьцааг хуурамч хулхи болгохыг хүсэхгүй байна. Хүсэхгүй гэхээсээ илүүтэй хууртахааргүйгээр хашир суучихаад байна, монголчууд. Арга ч үгүй биз.

Алийн болгон зуун наст тарьж өгнөө гэж амлачихаад зуны гурван сарыг давдаггүй нэг наст ургамал авч тэнэг юм шиг баясах вэ дээ. Одоо Тавантолгойгоос олон наст ургамал л авцгаая. Хэд хоногийн өмнөөс л “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид гурван тэрбум ам.долларын IPO гаргах хэлэлцээг ирэх есдүгээр cap хүртэл хойшлуулсан тухай Влүүмберг мэдээлсэн хэмээн шуугьж эхэлсэн. Хачирхалтай нь иргэддээ хувьцаа олгоно, эрдэнэс баялгаа эн тэнцүү хувааж хүртээнэ хэмээн хөөрөлхөөд байсан эрх мэдэлтнүүд таг чимээгүй л байна. Өөрөөр хэлбэл хамгийн турүүнд бодит байдлыг ард түмэндээ мэдээлэх үүрэгтэй Монголын Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” компаниас ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Эсвэл иргэдэд энэ тухай мэдээлэх нь илүүц, аягүйдвэл юуны хамаа гэж бодож байгаа байх. Үгүй шүү. Хамаатай, хамгийн их хамаатай.

Яагаад гэвэл ард түмэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг эзэмших учраас тэр. Холбогдох албаны эрхэм нэгэнтээ Тавантолгойн IPO-г Хонконг Лондонгийн хөрөнгийн биржид нэгэн зэрэг гаргах бодолтой байгаа хэмээгээд “Эрдэнэс Тавантолгой” компанийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудал хууль эрхзүйн саадтай тулгарсан.Тэгэхээр IPO гаргаад хэдэн хувийг нь арилжаалах боломжтойг судлах хэрэгтэй гэж хэлсэн. Бас “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд хувьцаагаа дотоодын зах зээлд гаргахаас гадна олон улсын хөрөнгийн зах зээлд давхар борлуулах Depositary Receipt /DR/ буюу Хадгаламжийн сертификат гаргахаар төлөвлөж байгаа гэсэн. Төлөвлөөд л байдаг төлөвлөөд байдаг даанч хийсэн ажил байдаггүй.

Төлөвлөж ярьснаа ажил хэрэг болгодог бол мөн ч их ажил амжуулахаар хугацаа өнгөрлөө. Хатуухан хэлчихэд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл таг чиг болчих гээд байна. Энэ удаа яагаад ч хулхидуулахгүй гэж ард түмэн ам алдаж байна. Арга ч үгүй биз. Анх хүн болгонд хувьцаа олгоно гэж байснаа хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сая төгрөг авчих. Харин хувьцаа олгохгүй шүү гэдгээ хэлчихсэн. Үүнийг хүн амаа нас хүйс, эрүүл өвчтэйгээр нь ялгаварлан гадуурхсан явдал гэхээс өөрөөр юу гэхэв. Тэгээд ч та бүхний амласан амлалт сонгуульд чиглэгдсэн байснаас бус иргэдэд хандаагүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Сонгуульд чиглэгдэнэ гэдэг ирэх сонгуулиар дахин сонгогдож УИХ-ын гишүүн болох, төрийн өндөр албан тушаалд хүрэх замаа зассан гэх утгыг шууд утгаараа илэрхийлнэ.

Тиймээс нэн даруй “Эрдэнэс Тавантолгой” компанийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудал саадтай байгаа эсэх, IPO гаргах асуудал намар болтол хойшлогдсон нь үнэн эсэхийг нэн даруй нийт ард түмэндээ хэлэх ёстой. Хэлэхийг шаардаж байна ч гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр энэ удаагийн иргэдийн хүсэлт шаардлагыг хаврын синдромтой хольж хутгах хэрэггүй. Зөвхөн монголчуудаар хязгаарлагдахгүйгээр дэлхий нийт Тавантолгой ордыг эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой асуудлыг сонирхож байна. Хэрвээ эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг хэвээрээ л бол бодит мэдээллийг бусдаас бус өөрсдөө эхэлж мэддэг байх эрх нь Монгол хүнд бий. Цалин, тэтгэврийг нь нэмчихсэн гээд додигор царайлаад хэрэггүй. Тавдугаар сарын нэгнээс дахиад нэмнэ гэж хөөрөлхөх ч хэрэггүй. Сонгууль ойртиогүй байсан бол энэ талаар ярих нь бүү хэл бодохоос ч төвөгшөөх байсныг чинь ард түмэн одоо мэддэг болсон.

Цалин тэтгэврийн нэмэгдлийг давах дөхсөн зүсэм талхны үнэ цэнийг түмэн олон дэндүү сайн мэднэ. Энэ бүхний эцэст хэлэх зүйл ганц л байна. Хулхин дээр ургуулсан цэцэг чинь хугацаанаасаа өмнө хагдарчихлаа улстөрчид өө. Одоо ард түмэн цаасан цэцгэнд хууртахгүй ээ. Үнэхээр цэцэг таримаар байгаа бол 100 наст л тарь… Ядаж л эрүүл мэндэд тустай, урт настай ургамал.

З.Урсгал


URL:

Сэтгэгдэл бичих