Х.Тэмүүжин: Монголд уран яруу үг бус, алсын хараатай бодлого үгүйлэгдэж байна

МоАХ-ны залуучуудын анхдугаар чуулган Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө. МоАХ-ны энэ удаагийн залуучуудын анхдугаар хуралдаанд хот, хөдөөгийн 800 гаруй төлөөлөгч оролцсон юм. Хуралдаанд МоАХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцож чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсч үг хэлсний зэрэгцээ УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин залууст хандай өөрийнхөө ажиллаж буй салбарт манлайлагч байхыг уриалсан юм. Мөн тэрбээр “Өнөөдөр Монголд уран яруу үг хэллэгээс илүүтэйгээр алсын хараатай бодлого үгүйлэгдэж байна. Хүн бүрийн хувьд юуг, хэрхэн, хэзээ, яаж хийх вэ гэдгээ ярилцах. Залуусын хувьд би хэн бэ, юу хийж чадах вэ гэдгээ харуулж салбартаа манлайлах. Өөрийгөө олоогүй байж, бусад салбарынхныг “Буг болж байна” гэж шүүмжлэх нь утгагүй” хэмээн учирласан. Түүнчлэн тэрбээр залуус оюун санаандаа найд. Хайр сэтгэлээр залуучууд гэрлэх ёстой байтал би хэнтэй суувал сайн байна гэдгээ бөөгөөр үзүүлж байгаа нь үнэхээр эмгэнэл!

Мухар сүсгээр амьдрах нь залуусын ирээдүй биш. Тийм учраас залуучууд зоригтой байж, оюун ухаанаа өргөмжил. Мэдээж Монгол Улсыг Монгол хүн л хөгжүүлнэ. Тэр дундаа залуучууд Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд дундаж амьдралтай, чинээлэг иргэн болохын төлөө зүтгэх ёстой. Халамжаар амьдрах нь Залуусын ирээдүй биш. Төрийн зүгээс ч бизнесийн шинэ санаа дэвшүүлж, ажлын байр олноор бий болгож байгаа бизнес эрхлэгчдийг дэмжиж, чинээлэг дундаж амьдралтай иргэдийг бий болгохын төлөө бодлого шийдвэр гаргаж хэрэгжүүлэх учиртай. Төр засаг үргэлж ядуурлын тухай ярих нь сэтгэлгээг нь ч мөн ядууруулж байна. Гэхдээ гол итгэл найдвар залуучууд. Энэ хүчирхэг арми өөрсдөө зориг гарган зүтгэж чадвал эдийн засгийн эрүүл тогтолцоо бий болно” хэмээн онцолсон.

Харин О.Магнай залуусыг тэмцэлд уриалсан. Тэрбээр удахгүй жагсаал болно. Жагсаалд Монголын залуучууд идэвхтэй оролцож тэмцэлд нэгдэх ёстой. Бас хувьсгалчдыг хайрладаг байх ёстой. Залуу Монгол хүн бүр хувьсгалч байж, гудамжинд гарч, тэмцэж, эрхээ эдлэх ёстой хэмээн уриалж байгаа дуулдсан.

Ямартай ч залуус ирээдүйдээ итгэх итгэлээ өөрсдөө бий болгож, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа чин сэтгэлтэй зүтгэх ёстой юм байна гэсэн эрч хүчтэй сайхан тэмүүллээр МоАХ-ны залуучуудын анхдугаар чуулган өндөрлөсөн гэдгийг дуулгах нь зүйтэй болов уу.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.