Бид&Тэд: Японд зам нь халдаг, Монголд зөрж багтдаггүй

712-1677537782БидТэд-Японд-зам-нь-халдаг-Монголд-зөрж-багтдаггүйУрин цаг хаяанд ирж хүмүүс нийтийн тээвэр болон автомашинаар зорчих нь багасаж алхах нь ихэсдэг. Алхах нь эрүүл мэнд, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй зөв хэв маяг. Гэвч нэг асуудал тулгардаг. Энэ нь явган хүний замын асуудал. Тухайлбал, Ихэнх явган замууд 1-2 хүн алхах боломжтой нарийн байдаг. Эсвэл бүр явган хүний замгүй байх нь элбэг. Зам байлаа ч эвдрэл гэмтэл ихтэйгээс гадна алхаж байхад гэнэт зам нь алга болдог эсвэл машин байрлуулсан зэрэг олон асуудал тулгардаг. Мөн ээжүүдийн хувьд тэрэгтэй хүүхдээ түрээд алхана гэдэг бол бартаат замын уралдаан л гэсэн үг.

Тэгвэл манай улсад явган хүний замын норм дүрэмд явган хүний хөдөлгөөн 50 хүн/цагаас бага бол нэг метрийн өргөнтэй байж болно гэж заасан байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэргэнцэртэй хүний тусгай зам, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөтөч хавтанцарт замыг заавал байх шаардлагатай гэж заагдсан байна.
Мөн стандартад нэг хүнд ногдох явган хүний замын зурвас бүрийн өргөний доод хэмжээ 0.75м байна гэжээ. Тэгвэл зарим замуудын хувьд 1м өргөн биш 50м хүрэхгүй хэмжээтэй байгаа юм. Уг нь дэлхий нийтэд явган хүний зам хамгийн багадаа 1.5 м өргөн байх ёстой гэсэн стандарт мөрддөг ч нийслэл хотод ийм зам цөөн төдийгүй улам багасаж байгаа нь харамсалтай. Улаанбаатар хотын гол болон туслах, орон сууцны хороолол доторх авто замуудын нийт урт 1,170 орчим километр байдаг тухай нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэв. Үүний 400 гаруй километрийг нь орон сууцны хороолол доторх зам эзэлдэг бөгөөд замуудын хоёр талаар заавал явган хүний зам байх шаардлагаар тооцвол нийслэл дээрх тоог 2-3 дахин урттай явган замтай гэсэн үг болж байна. Гэхдээ уртын хэмжээ бус иргэд алхахад тохиромжтой байдлаар тавигдсан эсэх нь гол асуудал гэдгийг энд дурдах нь зүйтэй. Жил бүр авто зам, явган хүний замын шинэчлэлт арчлалтын ажил хийгддэг. Энэ жилийн тухайд яг аль хэсэгт засвар, арчлалт хийх нь одоогоор батлагдаагүй байгаа аж.
Хоёр хүн ч зөрөх боломжгүй нарийхан явган хүний замын яг голоор гэрлийн шон эгнэсэн байдлыг нийслэл хотын аль ч гудамжинд харж болно. Зарим тохиолдолд гэрлийн утас нь ил гарчихсан, таггүй гэрлийн шонг явган зорчигчид шүргэх шахам өнгөрдөг бөгөөд энэ байдал одоо ч хэвээр байгаа.
Ийм замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд битгий хэл энгийн иргэд ч зорчиход асар хүндрэлтэй төдийгүй цас, бороо зэрэг байгалийн аливаа үзэгдэлд гэрлийн шонд цахилгааны асуудал гарах, бага насны хүүхдүүд санамсаргүйгээр цахилгааны утсанд хүрэх эрсдэл ч бий.
Гадны улсад явган хүний зам ямар байдаг талаар сонирхуулья.
Япон-Халдаг явган хүний зам
сонин mn
Япончууд газрын гүний дулааныг ашиглаж явган хүний замыг халдаг болгон хийжээ. Энэ нь хүйтний улиралд явган явж буй хүмүүст таатай мэдрэмжийг өгөхөөс гадна цас орсон үед хайлуулж халтиргаа үүсэхгүй сайн талтай аж. Мөн Рейкьявик болон Голланд дахь явган хүний зам нь доороосоо халдаг тул бүтэн жилийн турш цэвэрхэн байдаг. Ямар ч их хүчтэй, олон өдөр үргэлжилж орсон цас бай хамаагүй явган хүний зам цэвэрхэн хэвээрээ л байна. Мөн зам цэвэрлэх, нойтон цаснаас болж муудах замын хавтанг жил болгон солихоос хамаагүй хэмнэлттэй тусдаг байна.
БНСУ: Ус зайлуулах хоолойтой 
сонин mn
Солонгост явган хүний замыг ихэвчлэн машин зам шиг цутгаж хийдэг байна. Мөн ус зайлуулах хоолойтой, дугуйн замыг давхар байршуулдаг. Явган хүний замгүй газар нэг ч байдаггүй ажээ.
БНХАУ: Багадаа дөрвөн метрийн өргөнтэй
сонин mn
БНХАУ-ын хувьд иргэд нь унадаг дугуй, мотоцикл зэргийг ашиглан зам тээврийн хөдөлгөөнд оролцдог. Түүнээс гадна найман км радиус дотор иргэд нь явган алхахыг илүүд үздэг байна. Мөн хүн ам ихтэй учир явган хүний замын өргөн нь дөрвөн метрээс илүү өргөн байдаг ажээ.
Нью-Йорк: ХООЛНЫ ШИРЭЭТЭЙ ЗАМ
сонин mn
Нью-Йоркод явган хүний зам дагуу гудамжинд ширээ, сандал байрлуулсан байдаг байна. Гэрээсээ авчирсан хоолоо энд суугаад идэж болно.
Бямбагэрэлийн Баяржавхлан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: