ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРСНЫГ БАТАЛГААЖУУЛАХ ХЯНАЛТЫН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ

Монгол улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц дэх REDD+ буюу “Ойн хомсдол, доройтлооос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах” хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үндэсний хэлэлцүүлэг өчигдөр боллоо.
БОАЖЯ-ны төрийн нарийн бичигийн дарга Н.Батсуурь, НҮБХХ мэргэжилтэн Т.Эриксон, НҮБХХ-ийн Байгаль орчны эрх зүйн зөвлөх Лиза Огле, Ойн газрын дарга М.Тунгалаг, НҮБ-ын ХХАА-н байгууллагын мэргэжилтэн Жоэл Скривен нар оролцож хөтөлбөрийн үндсэн зорилго, хүлэмжийн хийн хяналтын түвшинг тогтоох, ойн хяналт, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм. REDD+ гэдэг нь ойн хомсдолыг бууруулснаар нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлж чадсан зөвхөн хөгжиж буй орнуудыг урамшуулах олон улсын  шинэ механизм юм. Энэ хүрээнд ойг малын бэлчээрт ашиглах явдлыг бууруулах, хортон шавьжийн тархалт, ойн түймэр, түлээний мод бэлтгэлийг бууруулах, мөн ойг нөхөн сэргээх бөгөөд хүлэмжийн хийг бууруулснаар Дэлхийн банк болон олон улсын бусад сангаас төлбөр авах юм. Өнгөрсөн жилийн 6 дугаар сард Монгол улс энэ хөтөлбөрийн гишүүнээр элсон орсон. 2011 оны 6 дугаар сард гарсан БАОАЖ-ын сайдын тушаалын дагуу Ойн газрын дарга М.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг хөтөлбөр боловсруулж байна.
Хэлэлцүүлгийн үеэр  НҮБХХ-ийн Байгаль орчны эрх зүйн зөвлөх хатагтай Лиза Оглетэй уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.
-Ойн хомсдолоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах гадаад орнуудын туршлага ямар байдаг юм бол?
- Улс орон болгоны ойн хомсдолд орох шалтгаан өөр өөр байдаг. Тийм болохоор ойн салбараас ялгарах хүлэмжийн хийг тодорхойлох ёстой. Хамгийн түрүүнд ойг хавтгайруулан огтлохоо багасгах, нөхөн сэргээлтийн ажиллагааг эрчимтэй хийх нь чухал. Ойн салбараас ялгарсан хүлэмжийн хий буурч байгааг баталгаажуулахын тулд эхлээд хяналтын түвшинг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл олон улсад баталгаажуулах шаардлагатай.
-Монголд хэрхэн баталгаажуулах вэ?
-Монгол орны хувьд энэ чиглэлээр судалгаа хийх боломж их бий. Мэргэжлийн боловсон хүчин сайтай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газар, түүний орон нутаг дахь ойн газрууд, МУИС-ийн ойн анги, сансрын хиймэл дагуулын зургийг ашиглан хүлэмжийн хийг ямар хэмжээгээр бууруулж чадаж байгааг тодорхойлох боломж бий. Хөтөлбөрийн хүрээнд олон улсын шинжээчдийг түшиглэн өөрсдийн нөөц бололцоо, чадавхиа хөгжүүлэх боломж монголд бий.
-Хөтөлбөр хичнээн оронд хэрэгжиж байгаа вэ?
-Одоогоор 14 орон хөтөлбөрт хамрагдаад санхүүжилт хэрэгжиж байна. Нийт 30 гаран орон хөтөлбөрөө боловсруулаад байна. Монгол Улс тэдгээрийн тоонд орсон байгаа. Дэлхийн банкны төсөлд одоогоор 40 гаран улс хамрагдаад байна.
-Хөтөлбөр хэрэгжиж буй орнуудаас манай орны онцлог нь юу байдаг юм бэ?
-Манай хөтөлбөрт өмнө нь халуун, дулаан уур амьсгалтай орнууд хамрагдаж байсан. Харин Монгол улс энэ хөтөлбөрт орсноор сэрүүн бүсийн анхны орон мөн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдгээрээ бусад орнуудаас ялгаатай. Танай оронд хөтөлбөр хэрэгжүүлж гарсан үр дүн дараа дараагийн хөтөлбөр хэрэгжих сэрүүн оронд туршлага болох юм.  Монгол орон тайгын ой буюу умардын ой гэж нэрлэдэг, газрын дээрх болон доорх массандаа нүүрстөгөрөгч хуримтлуулж чаддаг судалгаа гарсан. Ийм ойн нөөц Камбожи улсад байдаг.

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны ойн ангийн дарга ..Батаатай уулзаж орон нутагт ой, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх явдал ямар байдаг талаар сонирхов.
-Ойн талаарх асуудлаар үндэсний семинар зохион байгуулагдлаа. REDD+ хөтөлбөрийн хүрээнд НҮБХХ хэрэгжүүлж буй хэлэлцүүлэгт орон нутгаас оролцож байгаадаа баяртай байна. Манай улс энэ хөтөлбөрт хамрагдаасай гэж бодож байна даа. Ойн газар нэг ширхэг мод тарих өөрийн өртгийн үнэлгээг гаргаад батлуулах гэж байна. Одоогоор шинэс 70 төгрөг, нарсыг 75 төгрөгөөр үнэлэхээр төлөвлөсөн. Хэрэв энэ үнийн жишиг батлагдах юм бол бид орон нутгийн засаг захиргаатай нэгдэж хөрөнгө төвлөрүүлэн ойн санг бүрдүүлэхэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болох юм. Жишээ нь миний хариуцсан хоёр суманд жилд арван мянган мод тарих боломж бүрдэх юм. Ийм амьдралд хэрэгтэй шийдвэрийг Засгийн газар баталж өгөх байх гэж найдаж байна.

-Таны хувьд хүлэмжийн хийг багасгах боломж манайд хэр байна гэж үздэг вэ?
-Ой хүлэмжийн хий ялгаруулалтаараа гуравдугаарт орж байна. Манай орны хувьд ой, хээрийн түймэр голчилдог учраас юун түрүүнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хэрэв гарсан тохиолдолд түүнийг нэн даруй унтраах техник, технолгитой болоосой гэж бодох юм. Тэгвэл нэг алхам урагшилна байх. Би алаг дэлхий, газар шороо, ой, ан амьтнаа хамгаалахад хүний эрх, эрх чөлөө ярьж бүү барьцаасай гэж бодож явдаг хүн. Хүн дунджаар 60 жил насладаг гэж үзвэл хүн хичнээн наслаад ч дэлхийн насжилтийн хаа ч хүрэхгүй юм. Байгалаа хамгаалж байж хүн амьд явна шүү дээ.

-Түймрээс гадна ойг сүйтгэдэг нэг хүчин зүйл бол хүн. Ой хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Манай сум аймгийнхаа ой модтой хоёр сумын ойг хариуцаж ажилладаг. Сүүлийн хорин жил ой маань эзэнгүй байх энэ хугацаанд нэлээд сүйдсэн. 2007 оноос орон нутагт ойн ангийг сэргээснээр ой хариуцах эзэнтэй болж иргэд ч энд нэлээд идэвхи санаачлагатай ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд  ойн нөхөрлөл, малчдын нөхөрлөл иргэдийн мэдээлэл, сайхан сэтгэлтэй иргэдийн тусламжаар ойн хулгайг таслан зогсоосон.

-Танай сумын хэмжээнд ойн нөхөн сэргээлт хэрхэн хийж байна вэ?
-Ойгоос мод бэлтгэдэг ангиуд үүргийнхээ дагуу нөхөн сэргээлт хийж байна. Ботаникийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн удирдлагаар хийж байсан бол одоо  өөрсдөө ойжуулалт хийж байна. Мөн ой үржүүлгийн газрууд шинээр байгуулагдаж байна. Анхны суулгацаа зургаан жилийн өмнө суулгаж байсан. Тэдгээр моднууд дунджаар нэг метрээс хоёр метр 40 см хүртэл өндөр урган ойн төгөл болсон.
Сүүлийн үед төрөөс ойн арчилгаа, цэвэрлэгээнд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг болсон нь нутгийн иргэдийн дэмжлэгийг ихээхэн хүлээж байна. Харин Монгол улсын хуульд “Иргэн бүр жилд нэг мод, аж ахуйн нэгж таван мод тарина” гэсэн заалт манай нутагт хэрэгжихгүй байгааг нуух юун.
Энд нэг зүйлийг хэлэхэд ойг шилжүүлэн суулгах маш хор хохиролтой юм. Үрээр, үрслүүлэн тарих нь маш чухал. Ойгоос ургаж байсан модыг үндэстэй нь ухаж авч ирээд хотод суулгаад байна. Эдгээр суулгасан модны талаас илүү хувь нь үхэж байгааг мэргэжлийн байгууллага нь анхаармаар байгаа юм.
-Танд баярлалаа.
С.Өлзиймаа


URL:

Сэтгэгдэл бичих