Хууль батлагдсанаар 1995 оноос өмнө тэтгэвэрт гар­сан 87 мянган иргэний асуудал шийдэгдэнэ

УИХ-ын гишүүн П.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Та хөдөлмөр эрхлэлтийг насаар ангилж байгаатай холбогдуулан хуулийн төсөл өргөн барьжээ. Чухам ямар учиртай төсөл юм бэ?

-УИХ-ын гишүүн Я.Бат­суурь бид хоёр 35-аас дээш настай эмэгтэй, 45-аас дээш настай эрэгтэй хүнийг ажилд авсан аж ахуйн нэгжүүдийг төрөөс бодлогоор дэмжихтэй холбоотой хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Бид сонгууль дөхлөө гээд сонгогчдынхоо хүсэлтийг чих­нийхээ хажуугаар өнгө­рүүлж болохгүй. Тойрог­тоо ажиллах үеэр иргэд, сон­­гогчдын хамгийн ихээр гом­доллодог асуудал бол ажил­гүйдэл. Тэр дундаа 35-аас дээш настай эмэгтэй­чүүд, 45-аас дээш насны эрэг­тэй­чүүдийг ажилд авдаггүй гэх гомдол. Үнэндээ ч амьд­рал дээр ч тийм л байдаг.

-Хөдөлмөр эрхлэхэд нас заахаа болино гэсэн үг үү?

-Дээр хэлсэнчлэн нас зааснаас болж хөдөлмөр эрх­лэх боломж олдохгүй байгаа хүмүүсийг ажиллуулсан аж ахуйн  нэгж байгуул­ла­гуудын нийгмийн даат­галын шимтгэлийг төр ха­риуцъя гэсэн агуулгатай. Хэр­вээ тухайн байгууллагын төлж байсан даатгалыг тө­рөөс хариуцдаг болчихвол аж ахуйн нэгжийн эзэд дунд насныхныг ажилд авах сонирхолтой болох юм билээ.

-Дунд насныхныг ажлын байраар хангах асуудлыг хуулиар зохицуулалт хий­гээд шийдчих бололтой. Тэг­вэл залуусаа яах вэ?

-Ердөө л бодлогоор за­луучуудыг сургаж, мэргэ­жил­тэй болгон ажлын бай­раар хангах нь зөв. Бидний судалгаагаар ажилгүй ир­гэдийн 66.8 хувь нь дээр дурдсан насныхан байгаа юм. Мэдээж түүнээс өмнөх насныхан буюу залуучуудын хувьд уул уурхай хөгжиж байгаатай холбоотойгоор то­дорхой хэмжээгээр сур­галтад хамрагдан,  ажилтай болж чадаж байгаа.

-Хаврын чуулганаар хэлэлцүүлэх үү?

-Хэдийд хэлэлцэх вэ гэдгийг УИХ шийд­нэ. Бид нэгэнт өргөн барьчихсан болохоор заавал сонгуулийн өмнө хэлэлцэх тухай асуудал тавьж байгаа юм биш.

-Та тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл са­наачилсан. Батлагдлаа гэ­хэд төсөвт хүндрэл учруулах юм биш үү?

-Эдийн засагт хүндрэл үзүүлэхгүй гэсэн тооцоо, судалгаа гарсан. Тэгээд ч эдийн засгийн чадавхи, төс­­вийн байдал сайжирсан учраас тэтгэврийн зөрүү арил­­гах хуулийг баталж, хэрэг­жүүлэх хугацаа нь бол­­сон гэж үзсэн. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар олон жил ярьсан. Гэхдээ санаачилга дутагдсандаа санаачилж, батлагдахгүй байсан юм биш. Тухайн үед үүнийг даах манай нийгмийн эдийн зас­гийн чадавхи муу, хүрэх­гүй байсан юм. Харин одоо энэ хуулийг нийгэм хүчтэй шаардаж байна.

-Хууль батлагдсанаар хич­нээн хүн хамрагдахаар байгаа вэ?

-Хууль батлагдсанаар 1995 оноос өмнө тэтгэвэрт гар­сан 87 мянган иргэний асуудал шийдэгдэнэ. Ажил­ласан жил, тухайн үеийн цалин зэргээсээ хамаараад 3500-84000 төгрөгийн хоо­ронд нэмэгдэхээр тооцоо гарсан.

-Үүний зэрэгцээ 1995 онд тэтгэвэрт гараагүй ч нийг­мийн даатгал төлж чадахгүй явсаар одоо нас нь болж тэтгэвэртээ гарч байгаа хүмүүс олон байдаг. Тэдний хувьд яах вэ?

-Нийгмийн тухайн үеийн байдлаас хамаараад 1990, 2000 оноос хойш ажилгүйдэл их болж нийгмийн даатгалаа төлж чадахгүй болох асуудал ихээр үүссэн.

Энэ нөхцөл байдлаас гарах зорилгоор С.Эрдэнэ ги­шүүн тухайн үеийн хө­дөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даат­галын шимтгэлийг нө­хөн төлүүлж, нийгмийн даат­галын сан бүрдүүлээд, ажилласан жилд нь тооцон тэт­гэврийг нь бүрдүүлэх хуулийн төсөл санаачилсан. Энэ ч бас улсын эдийн засагт ямар ч хүндрэл гаргахааргүй хуулийн төсөл юм байна гэж би ойлгож байгаа.

-Сонгууль дөхөөд нийгэмд хандсан хуулийн төслүүд өргөн бариад эхэллээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуу­лиар бэлэн мөнгө тараах, ам­лахыг хориглосонтой хол­боотой гэж ойлгож болох уу?

-Тийм зүйлүүд яригдаж байна. Үүнийг УИХ дээр бас ярих л ёстой.

Ер нь нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн зөрүү­тэй холбоотой хуулиудын цаг үе нь ингэж таарч байгаа болохоос биш аль эрт шийдвэрлэчихэж болох бай­сан. Жилээр ярихаа байг гэхэд хоёр, гурван сарын өмнө, эсвэл намрын чуулган дөнгөж эхлэнгүүт шийдвэрлэх боломжтой. Нөхцөл байдал нь, өргөн барих буюу батлагдах хугацаа нь л ингэж таарлаа.

-Сүүлийн үед тэтгэвэр, тэт­гэмжийн асуудлыг нэ­лээд өргөн цар хүрээгээр авч үзэж байна. Гэхдээ цогцоор нь шийдвэрлэж бас л чадахгүй байх шиг байна. Хэзээ цогц шийдэлд хүрэх бол?

-Тэтгэврийн хуулийг бү­хэлд нь шинэчлэн, өөрчлөх асуудлаар зөвхөн УИХ ч биш, олон улсын байгууллагууд ч ажиллаж байгаа. Саяхан нэг хэлэлцүүлэг болсон. Түүн дээр тэтгэврийн нөөц сан бий болгох тухай асуудал нэлээд хурцаар яригдаж байна.

-Нөөц сан гэхээр гадны улс орнууд шиг хөгширсөн хойноо хүний гар харахгүй, хуримтлуулсан мөнгөө хэрэг­лээд байх боломж гэсэн үг үү?

-Гадныхны туршлагаас харсан зүйлүүд бий. Гэх­дээ бид тэтгэврийн тогтол­цоондоо тохиолдлын ча­нар­тай индексжүүлэлт хийх нь буруу. Тогтмол индекс­жүүлэлт бий болгох ёстой. Тэгж байж тэтгэврийн тогтол­цоог бүрэн шийдэх юм.

-Тэтгэврийн мөнгө нь байнга ханшийн өсөлтөд цо­хиулдгаас ахмадууд үр­гэлж гомдоллож байдгийг зохи­цуулах арга бий юу?

-Энэ бол тухайн, тухайн нийгмийн цаг үед байнга тулгардаг асуудал. Үүнийг мөн л цогцоор нь шийдэх ёстой юм.

Одоогийн тэтгэврийн зө­рүү арилгах, тогтолцоог нь нийтээр нь дахин шинээр авч үзэх, нөөц сан бүрдүүлэх тухай асуудлууд алс хэтдээ ахмадууд тэтгэврээрээ хангалттай амьдрах нөхцөл бололцоог бий болгох гэж буй алхмууд.

-Ингэхэд УИХ-ын ги­шүүн Ц.Шинэбаяр Дорнод аймгийн Чулуунхороот су­мыг 4,5 тэрбум төгрөгөөр өндөр хүчдэлд холбохоор тусгасан нь үр дүнгүй төсөв гэж хэвлэлийн хурал хийлээ. Нэг тойргийн гишүүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ц.Шинэбаяр гишүүнийг тэгж ярьсанд итгэхгүй байна. Манай Дорнод аймагт зүүн бүсийнхээ цахилгааны нэгдсэн сүлжээнд холбог­доогүй хоёр сум бий. Хилтэй залгаа учраас Халхгол сум Хятадаас, Чулуунхороот сум ОХУ-аас эрчим хүчээ авдаг. Тэгэхээр энэ хоёр сумын асуудлыг шийдэх ёстой.

-Хэдийгээр төсөвт батал­чихсан ч гэлээ Ц.Шинэбаяр гишүүн улсын төсвөөс үр­гүй хөрөнгө оруулалт хийд­гийг зогсоох хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий  сай­дад хүргүүллээ шүү дээ?

-Зайлшгүй шийдэх ёстой болоод л төсөвт тусгаж, суул­гасан. Чулуунхороот су­мын ОХУ-аас эрчим хүч авч, түгээх асуудлыг нь “ЗМЗ” гэдэг компани хариуцдаг. Энэ компани өөрөө 3.5 км шу­гам татаж, хангасан. Тэ­гэхэд нэг кВт цахилгаанд аж ахуйн нэгжүүд 418 мян­га, иргэн 250 мянган төгрөг төлж байсан.

Уг нь төвийн эрчим хү­чинд аж ахуйн  нэгж, айл өрхийн эрчим хүчний үнийг адилхан 84 төгрөг болгосноор Чойбалсан суманд иргэд 84-100 төгрөг төлж байгаа шүү дээ. ОХУ-аас эрчим хүч авч байгаатай холбоотойгоор тэр сумын иргэд өндөр үнэ төлж байна.

Тиймээс би ноднин ЭБЭХЯ-ныханд асуудал тавь­сан. Нийт долоо, найман сум бий. Дорнодод л гэхэд хоёр сум бий. Тэдгээрийг тухайн, тухайн бүсийнх нь эрчим хүч­ний систем рүү нь татаж аваад  үнийг нь тэгшитгэх арга алга уу гэх зэргээр асуудал, санал тавьсны эцэст “ЗМЗ” компани авч байсныг нь болиулаад, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК эрчим хүчний асуудлыг өөр дээрээ авсан. Үүний хүчинд Чулуунхороот сумынхан нэг кВт цахилгааныг 100 төгрөгөөр авч байгаа.

-Гэхдээ хямдаас гадна эрчим хүч найдвартай байх ёстой биз дээ?

-Тийм. ОХУ нэг л өдөр таслачихвал дууслаа шүү дээ. Чулуунхороот сумынхан байнга асуудал тавьдаг. Дор­нодын цахилгаан стан­цаас Мардай руу татсан шугам бий. Тэндээс 160 гаруй км шугам татаад Чулуунхороот сумыг хангачих юм бол найдвартай эрчим хүчтэй бо­лохоос гадна үнийг нь да­хин бууруулж болно. Тий­мээс холбогдох яам, Тамгын газраар асуудал тавьж явсны хүчинд энэ онд асуудал шийдэгдлээ.

Харин Ц.Шинэбаяр ги­шүүн үүнийг үргүй зардал гэж байгаа бол харамсалтай байна.

-“ЗМЗ” компани Ц.Шинэ­баяр гишүүнтэй холбоотой юм биш үү. Дүүгийнх нь гэсэн сураг байсан?

-Тэр талаар сайн мэдэхгүй юм байна. Харин “ЗМЗ” ком­пани нэгэнт эрчим хүч түгээхээ больсон учраас өөрс­дийн хөрөнгөөр тавьсан 3.5 км шугамаа Дорнод бүсийн эрчим “Дорнод бүсийн эр­чим хүчний систем” ХК-д шилжүүлэх ёстой. Гэтэл ху­­дал­дах гэхээр үнээ тохи­рол­цохгүй байгаа юм билээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.