Пиноккио

Худлаа ярих тусам хамар нь ургаад байдаг Пиноккио хүүг бяцхан жаалууд маань андахгүй.

Өөрийг нь модоор зорж, урласан өвгөн аавдаа худлаа ярих бүрт нь Пиноккио хүүгийн хамар уртаас урт сунаж, худал хэлснийг нь баталчихдаг.

Үлгэр, хүүхэлдэйн кинонд гардаг шиг ийм үйл яв­дал бидний амьдралд то­хиолд­­­вол мөн сайхан аа гэсэн са­ваагүй бодол толгойд зурсхийв.

Хэрэв тийм аваас худалч хүний хамар олны дундаас онцгой содон байх төдийгүй үнэнээ хэлэх төдийд буцаад хэвэндээ орчихно. Ялангуяа сонгууль дөхөж буй энэ үед хэн нь үнэн, хэн нь худал ярьж буйг ядах юмгүй ялгаж, салгахаас авахуулаад ард түмэнд мөн ч хэрэгтэй мөрөөдөл байгаа биз.

Худалч Пиноккионуудаас болж өнөөдрийн гол сэдэв бо­лоод буй 7 сарын 1-ний хэрэг хүртэл илрэхгүй байна шүү дээ. Яагаад гэвэл хэр­гийн эзэн, хэнгэргийн дохиурууд үнэнээ хэлж, гя­лайлгахгүй байгаа юм чинь.

Улстөрийнхөн холбогдсон гэхээрээ л илэрч болдоггүй хэрэг биш шүү дээ. 7 сарын 1, С.Зориг агсны хэрэг гэсэн нүсэр хавтасууд өдгөө ард түмний хүлээлт дунд, цагдаа, прокурор, шүүхийнхний сейфэнд зэвэрч гүйцлээ, хөөрхий.

Тиймээс хүүхэлдэйн киноны хөөрхөн баатар Пи­нок­киогийн насанд хүр­сэн, хөгшин, муухай хубил­баруудыг бий болгомоор санагдлаа.

Дөрвийн дөрвөн халуун амийг юман чинээ тоолгүй, ард түмэндээ худлаа ярь­саар ирсэн урт хамар­тай Пи­ноккиогоор Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэг­дорж, УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Д.Лүн­дээжан­цан, Х.Бат­тулга, Мон­гол Улсын гурав дахь Ерөн­хийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан, БНН-ын дар­га Б.Жаргалсайхан, АН-ын гишүүн Ж.Батзандан, О.Магнай, цагдаагийн дарга нар болох Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ган­баатар нар тодроод бай­на. Тушаал хэн өгсөн, хэн буудсаныг үнэнээр нь өчөөд л, ард түмнээсээ сэтгэлээ онгойтол уучлал гуйчихын оронд худлаа ярьж, хувиа хичээсээр байгаад эдний хамар ийм болтлоо сунажээ.

Уг нь үнэнээ хэлээд, гэмээ цайруулчих юм бол эдний хамар эргээд хэвэндээ орчих юм шүү дээ. Тэгтэл хар амиа хоохойлж, албан тушаал, нэр төртэйгээ үлдэхийн тулд эд “Пиноккиодсоор” байгаад хамар нь төө төөгөөр суначихлаа.

Ер нь С.Зоригийн хэргийг илрүүлэх хүсэл аль ч үеийн улстөрчдөд байгаагүй. Тэгвэл 7 сарын 1-ний хэрэг бүхний нүдэн дээр ил болсон гэдэг утгаараа илрүүлэхэд илүү амархан санагдана. Би цагдаа байсан бол илрүүлчих байлаа гэсэн омогшил цээжинд багтаад л байгаа юм даа.

Үймээнийг өдөөн турхирсан Ц.Элбэгдорж, Б.Жаргалсайхан, О.Магнай, Н.Батзандан нар өдгөө амьд сэрүүн яваа. Мөн тэр үед төр засгийг удирдаж явсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд, Онцгой байдлын үед ажиллах шуурхай штабын дарга асан Ц.Мөнх-Оргил, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан нар одоохондоо оргон зайлчихаагүй, эх орондоо амьдарч л байна.

Хуягт урт хар машины эзэн гэж хардагдаж асан Х.Бат­тулга, тушаал авсан цаг­даагийн дарга нар болох Ч.Амар­болд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар гээд гэм буруутай хэмээн сэр­дэгдэж буй хүмүүс бүгд бий. Тэднийг дагалдах олон ар­­­ван гэрч, үйл явдлыг нүдээр харсан Монголын ард түмэн ч унтчихаагүй байна. Ийм байхад хэргийг ил­рүүлж, хэрэгтнийг зарлаж чадах­гүй байгаа нь тун тоо­гүй.

Худалч Пиноккионуудаас бүх юм болж байгааг мэдэж байна. Гэхдээ үлгэрийн баатар Пиноккиогийн өвгөн аав худалч хүүгээ аргалж, аргадаж, заримдаа загнаж байгаад ч болов ямар нэгэн аргаар үнэнийг өчүүлж чаддаг л юм даа.

Ямартай ч өнөөдөр Монголын төр, Монголын шүүх, Монголын цагдаад итгэхэд бэрх болжээ. Хэзээ ч, хэн ч, хаанаас ч гарч ирээд буудчих боломжтой болчихсон учраас сэтгэл дүүрэн түгшүүртэй, мөнхийн айдас дунд амьдрах болох нь бид.

Тийм л болохоор, энэ насанд хүр­сэн, хөгшин, муухай, арга ухаан нь авахын аргагүй болсон Пиноккионуудаас болж Монголын ард түмэн мөн ч их төөрөлдөж бас хохирч  байна даа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.