Шүүхээс урьтаж, МАН-ын Б.Энхбаяр шүүдэг коммунист ажиллагаагаа зогсоо

FPacG2t1aMrMSEtBCejmХууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын дэглэсэн Хөгжлийн банкны сонсгол гээч “шүүх хурал”- ын гурав дахь шат маргааш эхлэх гэж байна. Б.Энхбаярын шүүхээр яллуулж байгаа хүмүүсийг ерөнхийд нь хоёр ангилж болно.

Эхнийх нь, АН-ынхан.

Хоёр дахь нь, томоохон бизнесүүд.

Энэ хоёр бүлэгт сонсголын туршид яллах дүгнэлт үйлдэж байгаа хүн нь Б.Энхбаяр, шүүгч нь ч Б.Энхбаяр. Шүүн таслах ажиллагааг нь анхнаас нь хуульчилсан хүн нь бас л Б.Энхбаяр. Ийм хэлмэгдүүлэлтийг цагтаа хаан, заан явсан Намбарын Энхбаяр ч амидаагийнхаа адилаар хийгээгүй юм.

Сайн ажиглавал, Б.Энхбаярын хийгээд байгаа Хөгжлийн банкны сонсгол Хөгжлийн банкны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө болсон. Гурав дахь сонсгол нь харин гэм буруугийн шүүх хурлын наана болж байгаа нь магадгүй улс төрийн зорилготой байж мэдэх нь. Нэг ёсондоо тэр, шүүх хурлын өмнө шүүгч нарын сэтгэл зүйд нөлөөлж АН-ынхан, бизнесийнхнийг хэлмэгдүүлэх улс төрийн дэмжлэг үзүүлж байна. Шүүхэд шууд утгаар нөлөөлж байгаа, гэм буруутай эсэх нь нотлогдоогүй хүмүүсийг үндэсний олон нийтийн телевизээр олон хоног эрүүдэж байгаа энэ сонсголоо одоо зогсоо, Б.Энхбаяр аа.

Үндэсний үзэлтэй Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонсголын туршид дараалан нүдэж, ойр тойрных нь хүмүүсийн компани, дансыг нэгжиж, харлуулах ажлыг шат дараатай хийсэн. Араас нь гаднаас бонд босгож хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн Норовын Алтанхуяг, фортуна Батбаярыг харлуулж дөнгөсөн. Бүх юмны бурууг энэ гуравт чихэж, дөнгөж сэргэж яваа АН-ыг 2024 оны сонгуулийн наана дөнгөх ажлыг хийж байна. Алдаа оноо тэдэнд байсан, аль ч нийгэмд цаг үе бусад хүчин зүйлээс шалтгаалж алдаа гардаг. Гэтэл алдсаныг нь шүүх шүүгээгүй байхад Ардын намын төр шүүнэ гэдэг арай бас сонин цаг шүү.

Хөгжлийн банкны сэдэв бол МАН-ын хувьд 2020 оны сонгуульд хэрэглээд хаясан лааз. Гэтэл дахин сэргээж Ц.Элбэгдоржийг, С.Баярцогтыг, Ч.Сайханбилэгийг улс төрийн ялд унагахаар улайрч байна. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болох MCS, Таванбогд, Моносийн удирдлагуудыг гэрчээр байцаахаар зарлав. Өнөөдрийн Монголын эдийн засаг хэдхэн том групп, тэдгээрийн харьяа болон туслан гүйцэтгэгч компаниуд, тэдний хэрэгжүүлж байгаа төслүүд дээр явдаг. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж, үндэсний компаниудаа төсөл хөтөлбөрүүддээ урьж байгаа энэ цаг үед МСS, Таванбогдыг Хөгжлийн банкны хулгайч болгон хэлмэгдүүлнэ гэдэг бол нэг талд хөрөнгө оруулагчдыг үргээж, нөгөө талд бизнес эрхлэгчдийн нурууг авсан үйлдэл болно шүү. Тэр дундаа нэг ч өдөр бизнесийн том төслүүд удирдаж, өнөөгийн Монгол төрийн дарамт шахалтыг сөрөн баялаг бүтээж үзээгүй хуульч экспортыг дэмжиж, импортыг орлох төсөл, хөтөлбөрүүдийн бүх бурууг ААН-үүдэд үүрүүлнэ гэдэг коммунизм эргэн ирсний илрэл.

Хөгжлийн банкны сонсголд дуудагдсан гэрчүүд дотор МАН-ынхан алга. Чөлөөт зах зээлд шилжсэн сүүлийн 30 жилд дангаар болон хамтарч төр барьсан улс төрийн хүчин бол үнэн чанартаа МАН. Гэтэл МАН-ын гишүүн Б.Энхбаяр АН-ынхан болон бизнесийнхнийг Хөгжлийн банкаар шалтаглан нийгмийн өмнө яллах ажлыг сонсголоор хийж байна. Т.Бадамжунай, Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдиннямаас өөр сонсголд дуудагдсан гэрч МАН-аас байна уу, Б.Энхбаяр аа? Хүндрэлтэй үед эдийн засгаа авч явсан, алдаа онооны дундуур улсаа удирдаж менежмэнт хийсэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Ц.Элбэгдорж нарыг яагаад байн, байн сонсгол дээр дуудах болов. Гурилын Х.Болорчулууны өр гарч ирэхгүй байна уу? Яагаад өр тавих байтугай, зээл авах шаардлагагүй MCS, Таванбогдоор оролдох болов? ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгайч нар Төрийн ордонд шавж байхад эрх мэдлээс гадуур, гудамжинд яваа хэдэн улстөрч, эрх мэдэлтнүүдтэй сүлбэлддэггүй, цэвэр компанийн соёлоороо энэ хүрсэн томоохон бизнесүүдээ ийм хүнд цаг үед ноолж байгаа чинь хачирхалтай байна.

https://tsahiur.mn/n/s/13680


URL: