Тавантолгойгоор талцах зуур…

Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хувьд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь мэдээж чухал л даа. Тавантолгойг түшиглээд ойрын хэдэн жилд Монголын стратегийн гол бүтээгдэхүүн нүүрс байх нь тодорхой болоод байгаа. Тийм ч учраас нүүрсний их үүцийг яаралтай “задалж”, галт тэргийг хөдөлгөх шаардлагатай.

Төр засгийн төвшинд яриа хэлцэл явагдаж, ажил үргэлжилж байна. Нэг ёсондоо бүх анхаарал Тавантолгой дээр төвлөрчээ. Гэхдээ Монголын уул уурхай гэдэг чинь зөвхөн Тавантолгой биш шүү дээ. Тэрнээс дутахааргүй том ордууд хангалттай бий. Зөвхөн нүүрс л гэхэд 160 гаруй тэрбум тонноор хэмжигдэж байна.

Харин Тавантолгойн нүүрсний орд 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэхээр тун өчүүхэн хэсэг нь байгаа биз. Тэгсэн мөртлөө хамгийн их анхаарлын төвд байна. Мэдээж анхаарах ёстой, Тавантолгойг иж бүрнээр нь эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэдгийг дээр хэлсэн. Гэхдээ Тавантолгой гэж хэтэрхий туйлширч байх хойгуур тэрнээс дутахааргүй том нүүрсний ордууд маань харийнхны гарт ороод дууссан байх вий гэдэгт л санаа зовоод байна.

Жишээ дурьдая. Өнгөрсөн хоёрдугаар сард “Coal Mongolia-2012” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа. Зохион байгуулагчдын зүгээс 2011-2012 онд Монголын нүүрсний нөөц хайгуулын үйл ажиллагааны үр дүнд 8.4 тэрбум тонноор нэмэгдсэнийг дуулгаж байсан. Ганцхан жилийн дотор шинээр илэрсэн нүүрсний нөөц Тавантолгойн ордын нийт нөөцөөс “хальжээ”.

Дээрх нөөцийг “Цэцэнс Майнинг энд Энержи”, “Хүннү коал”, “Гоби коал энд энержи” гэсэн компаниуд улсын эрдэс баялгийн санд шинээр бүртгүүлсэн байна. “Хүннү коал” л ашиглалт явуулж байгаа, бусад нь хайгуулын шатандаа байгаа. Энэ мэтээр Монголоор дүүрэн нүүрс байхад яагаад зөвхөн Тавантолгой дээр л бүх анхаарал төвлөрөх ёстой гэж. Зөвхөн дээрх гурван компани ч биш Ховд аймгийн “Хөшөөт”, Өмнөговь аймгийн “Овооттолгой”, “Нарийн сухайт” гэх мэт нүүрсний ордуудад үйл ажиллагаа явуулж буй компаниудыг дурьдаж болно.

Нарийн сухайтад 220 сая тонн сайн чанарын эрчим хүчний нүүрс байгаа нь тогтоогдсон байдаг бол Овооттолгойн уурхайд 161 сая тонн коксжих нүүрсний нөөц бүртгэгдсэн. Харин Хөшөөтийн уурхайд 460 сая тонн эрчим хүчний нүүрс байна. “Хүннү коал”-ын мэдэлд 1.3 тэрбум тонн коксжих болон эрчим хүчний нүүрс байгаа бол “Модун Ресурс” гэх компани Төв аймаг дахь “Нүүрст” төслийнхөө хүрээнд 500 сая тонн коксжих нүүрсний нөөц илрүүлснээ саяхан зарлажээ.

Дээрх компаниудын илрүүлсэн болон ашиглаж байгаа нөөцийг нэгтгэж үзвэл 2.6 тэрбум орчим тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөц байна. Харин Тавантолгойн шууд ашиглах боломжтой нөөц 1.8 тэрбум тонн гэж буй билээ. Хамгийн ойрын жишээг дурьдахад л ийм байна. Үүнээс гадна “Поло ресурсес”, “Пибоди винсвей”, “Guiltford Coal”, “Lucky strike” гэх мэт төдийлөн дуулдаагүй компаниудын нэр дээр байгаа лицензүүд, тэдгээрт байгаа нөөцийг тооцож үзвэл Тавантолгойгоос хавьгүй их нөөц гарч ирэх нь дамжиггүй.

Товчхондоо бол Тавантолгойн нийт нүүрсний нөөц 6.4 тэрбум тонн бол бусад энд тэнд байгаа нүүрсний ордуудад 20 гаруй тэрбум тонн буюу дээрхээс 3-4 дахин их нөөц бий гэх судалгаа байна. Харамсалтай нь тэдгээр ордууд өнөөдөр “стратегийн” гэх ангилалд багтаагүй болохоор гадаад, дотоодын компаниуд лицензийг нь аваад, үйл ажиллагаа явуулаад байгаа юм.

Нүүрс олборлоход харьцангуй хялбар баялаг. Зэс шиг 1300 метр гүний уурхай барих шаардлагагүй гэдгээрээ онцлогтой. Тийм болохоор гадаад, дотоодын компаниуд ямар нэгэн орд илрүүлсэн даруйдаа “хүрз тавиад” л экспортлоод байгаа юм. Нүүрсний экспорт өнгөрсөн 2011 онд 25 тэрбум тоннд хүрсэн. Монгол Улсын Засгийн газрын “Эрдэнэс Тавантолгой” компани үүнээс ердөө 1.2 сая тонныг гаргажээ. Бусдыг нь нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын компаниуд экспортолсон байна.

За яах вэ, үндэсний хөрөнгө оруулалттай компаниудыг дурьдахаа больё. Харин гадаадын, тэр дундаа хятадын компаниудыг яах вэ. Өнгөрсөн 2011 оны байдлаар улсын хэмжээнд нүүрсний ашиглалт, хайгуулын 183 лиценз олгогдсон байдаг юм байна. Үүнээс 34 лиценз хятадуудын мэдэлд байна. Бусад нь Канад, Автрали, АНУ, Сингапур, тэр ч бүү хэл Виржиний арлууд гэх монголчуудын төдийлөн мэдэхгүй улсын хөрөнгө оруулагчдын мэдэлд байх юм. Тэд бүгд монголын нүүрсийг экспортолж, ашиг олсныхоо төлөө ганц ч төгрөг төлөхгүй гээд бод. Ядаж байхад зүгээр олборлоод, экспортолж чадахгүй, байгаль орчныг хэчнээн сүйтгэж, сүйрүүлж байна аа.

Тэгэхээр Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулахаар анхаарахын сацуу бусад энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуддаа хяналт шалгалт тавих, ашиг орлогоос нь татвар авах ч юм уу, ядаж л байгаль орчны стандартыг хатуу мөрдүүлэх шаардлагатай байгаа биз. Харамсалтай нь ийм бодлого өнөөг хүртэл байхгүй учраас /эсвэл байсан ч хэрэгждэггүй/, нүүрсний салбарын үйл ажиллагаа ёстой “зуун задгай, жаран хагархай” байна. Тэгвэл одоо яах ёстой вэ.

Мэдээж гадаадынхан огт хэрэггүй, та нар байгаль орчин сүйтгэж байна гээд хөөж гаргаж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалт, хайгуул судалгааны ажил мэдээж хэрэгтэй. Харин тэр хэрээр зөв бодлого л тодорхойлж, хэрэгжүүлэх шаардлагатай байна шүү дээ. Ашигт малтмалын хуулийн дагуу анх стратегийн ордуудыг ДНБ-ний таваас дээш хувийг бүрдүүлэх ёстой гэх шалгуураар 2008 онд тогтоосон байдаг. Энэ шалгуур одоогийн нөхцөл байдалд төдийлөн тэнцэхгүй байна гэх шүүмжлэл бий.

Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар хэтэрхий идэвхжиж, хаа сайгүй л хайгуул, олборлолт хийгдэж байна. Энэ тохиолдолд таван хувь гэсэн шалгуурыг багасгаж, магадгүй гурав, эсвэл хоёр хувиар босго тогтоох шаардлагатай байгаа юм. Тэгээд ДНБ-ний хоёр хувийг бүрдүүлэхүйц ашиг орлоготой уурхай байвал шууд л “стратегийн” гэх ангилалд шинээр багтааж, төр 34 хувиа эзэмших ёстой гэх ч юм уу бодлого баримтлах хэрэгтэй.

Тэглээ гээд хөгжин дэвжиж байгаа уул уурхайн салбарынхаа үйл ажиллагааг зогсооно гэсэн ойлголт байж болохгүй. Хайгуулын үйл ажиллагааг бол явдгаараа л явна. Магадгүй нэг тэрбум тонноос дээш нүүрсний нөөц илэрвэл шууд л “стратегийн” гэх ангилалд багтаана гэсэн үг. Ингэсний дараа тухайн компанийн үйл ажиллагаанд нь тодорхой шалгуур тогтоогоод, байгаль орчинд халгүй байх, хэр зэрэг татвар авах, төрийн мэдлийн хувь хэд байх гэх мэт олон асуудлыг шийдсэний дараа ордын ашиглалтыг эхлүүлнэ гэсэн үг.

Энэ магадгүй гадаадын хөрөнгө оруулагчдын цувааг багасгаж болох юм. Гэхдээ эцсийн дүндээ Монгол Улсын, монголын ард түмний язгуур эрх ашиг чухал шүү дээ. Ялангуяа өнөөгийнх шиг гадаадынхан эх орны минь баялгийг ухаж ашиг олчихоод ганц ч төгрөгийн татвар төлөхгүй байгаа нөхцөлд өндөр шалгуур тогтоох хэрэгтэй баймаар. Тэгэхээр одооноос эхлэн Ашигт малтмалын тухай хуулиндаа өөрчлөлт оруулаад, стратегийн ордын шалгуурыг багасгах хэрэгтэй байна. Тэгж байж, энэ замбараагүй болчихсон уул уурхайн ашиглалт, экспортыг журамлах боломж бүрдэхээр байгаа юм.

Мэдээж энэ хооронд Монголын хөгжилд хамгийн их хэрэгтэй Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах ажлаа таг зогсоож болохгүй билээ. Гагцхүү зөвхөн Тавантолгойгоор амьсгалаад байлгүй уул уурхайн салбарын бодлогоо илүү томоор нь харах шаардлага зүй ёсоор гарчихаад байгааг л хэлэх гэсэн юм.

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих