Д.Тогтохсүрэнд өгсөн сануулга

320367346_639373961296820_5105838147830518585_n

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг хаанаас ч юм “чимхэх” болжээ.

Эхлээд түүний тойргийнхоо иргэдэд дугтуйтай зүйл тарааж буй бичлэг олон нийтийн сүлжээнд гаргав. Бичлэгийг харвал туслах нь дугтуйтай зүйлээ овоолон барьсан байх бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нэг нэгээр нь хүмүүст гардуулан өгөх аж. Тэр дугтуйтай зүйл мөнгө байсан эсэх нь одоохондоо тодорхой бус.

Маргааш нь Д.Тогтохсүрэнгийн хүн гэгддэг Э.Баттулгыг ажлаас нь чөлөөлөв. Э.Баттулга нь Д.Тогтохсүрэнгийн хүргэн аж. Өөрөөр хэлбэл, Д.Тогтохсүрэнгийн ойрын хамаатнынх нь охинтой Э.Баттулга гэрлэжээ. Тэрээр 2022 оны нэгдүгээр сард БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон, өчигдөр Ерөнхий сайдын захирамжаар албан тушаалаас нь чөлөөллөө. Үндэслэл нь, Ерөнхий сайдын өгсөн үүрэг дагаврыг биелүүлээгүй гэв. Э.Баттулга нь төрийн алба, ялангуяа удирдах албан тушаалд олон жил ажилласнаа намтартаа бичжээ.

Ийнхүү Д.Тогтохсүрэнд өдрийн зайтай хоёр сануулга өглөө. Чухам ямар шалтгааны улмаас түүнийг “чимхэх” болсон нь тодорхойгүй байна. Д.Тогтохсүрэн нь 2018 оны арваннэгдүгээр сард УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдож байсан. 2020 онд шинэ парламент сонгогдоход улиран сонгогдсон. Түүнийг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэдэг билээ.


URL: