Шадар сайд С.Амарсайхан ипотекийн хөтөлбөрийг өөрийн харьяанд авах уу

С.Амарсайхан-580x365Шадар сайд С.Амарсайхан найман хувийн ипотекийн зээл авсан 64420 өрхийн зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулна гэсэн асуудлыг хөндөөд удаж байгаа. Гэвч найман хувийг зургаан хувь болгох зардлыг хэрхэн шийдэх, мөн хөтөлбөрийг цаашид хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Шадар сайд хүүг бууруулах санаачилгаа ч ажил хэрэг болгож чадахгүй өнөөдрийг хүрч байна.

Найман хувийн хүүг зургаан хувь болгоход 330 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Засгийн газар ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас шилжүүлж авна гэж байгаа ч дахин санхүүжүүлэх л боломжтой, шинэ эх үүсвэр байхгүй гэж мэдэгдэж буй.

Барилга, хот байгуулалтын сайд найман хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийн хүүг бууруулах боломж, мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх эх үүсвэр байхгүй гэдгийг удаа дараа хэлдэг ч Шадар сайд С.Амарсайхан “Банкууд ипотекийн зээлийн хүүгээс ашиг хийж байна, зээлийн хүүг зургаан хувь болгох боломжтой” гэж зүтгэсээр байна. Мөн Шадар сайдын ипотекийн зээлийн хүүг бууруулна гэсэн амлалтын цаана ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөрийнхөө харьяанд авах санаархал байгаа гэх. Учир нь, ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газрын харьяанд шилжүүлэх бэлтгэл ажлын хангаж байгаа. Ингэхдээ Засгийн газар тодорхой нэгж байгуулах бөгөөд энэ нэгжийг Шадар сайд өөрийн мэдэлдээ авахаар зүтгэж байгаа гэнэ. Үүнээс харахад, тэрээр зүгээр ч нэг ипотекийн зээлийн хүүг ярьж эхлээгүй бололтой. Шадар сайд С.Амарсайхан Монголын ипотекийн корпораци арилжааны банкуудтай нийлж ипотекийн зээлээс ашиг хийж байна гэж удаа дараа хэвлэлийн хурал хийж, цаашдаа энэ байгууллага байх шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Монголын ипотекийн корпораци ОССК арилжааны банкуудын олгосон чанартай төлөгдөж буй ипотекийн зээлийг худалдан авах замаар үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, энэ хөтөлбөрийг тасралтгүй санхүүжилтийг бүрдүүлэхээр ажилладаг. Тэгвэл Шадар сайд өнгөрсөн хавраас энэ байгууллагын хувийн үйл ажиллагаа руу дайрч, арилжааны банкуудтай нийлж их хэмжээний ашиг хийж байна гэж удаа дараа мэдэгдсэн. Хэрвээ Засгийн газар, цаашлаад ипотекийн зээлийн хөтөлбөр, түүний тогтвортой санхүүжилтийг Шадар сайд, түүний харьяа байгууллагад шилжүүлбэл харин ч энэ хөтөлбөр зогсох аюултай.

Учир нь Засгийн газарт энэ хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэр, нэмэлт санхүүжилт байхгүй гэдэг нь бүгдэд ил байна. Ер нь ипотекийн хөтөлбөр манай улсын хэрэгжүүлсэн бодлогоос хамгийн амжилттай бөгөөд иргэдийнхээ амьдралд дэмжлэг болж чадсан хөтөлбөр. Өнөөдөр ч ипотекийн зээл хүссэн мянга мянган өргөдөл арилжааны банкуудад ирээд, шийдвэрээ хүлээж байгаа. 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл есөн жилийн хугацаанд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 6.9 их наяд төгрөгийн зээлийг 112.1 мянган өрхөд олгожээ. Харин хүүг бууруулах нэрийдлээр ипотекийн зээлийн хөтөлбөр зогсвол дарааллаа хүлээж байгаа олон мянган залуусын мөрөөдөл, боломж талаар болно. Засгийн газар нэмэлт санхүүжилт гаргадаггүй юмаа гэхэд ядаж л зах зээлийнхээ жамаар буюу эргэн төлөлтөөр санхүүжиж байгаа хөтөлбөрийг хэвийн үргэлжлүүлэх нь өөрөө том дэмжлэг юм.

Шадар сайдын өнгөрсөн хавраас хойш ярьсан найман хувийн хүүг зургаан хувь болгон бууруулах амлалт ажил хэрэг болох нь бүү хэл энэ хөтөлбөр цаашдаа зогсох бодит эрсдэл бий болоод байна. Ипотекийн хөтөлбөр бол улс төр хийх, оноо авах сэдэв огт биш. Олон залуу гэр бүлийг орон сууцтай болгодог, хамгийн сайн эргэн төлөлттэй, эрэлт хэрэгцээтэй хөтөлбөр шүү Шадар сайд аа.

https://itoim.mn/a/2023/03/20/politic/vkp


URL: