Д.Зоригт сонгогчдын итгэлийг даасангүй

Энэ долоо хоногийн дуулианы эзнээр ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг нэрлэж байна. Гэхдээ Д.Зоригт сайд сайнаар биш муугаараа дуулиан тарьж байгаа юм.

УИХ-ын ажлын хэсэгт шаардлагатай мэдээллийг нь гаргаж өгөлгүй удсан, УИХ-ын гишүүнийг дорд үзсэн зэрэг асуудалд удаа дараа хутгалдлаа. Эцэст нь тэсвэр алдсан гишүүд УИХ-ын даргад хандан сайдыг огцруулах тухай долоон үндэслэл бүхий албан бичиг хүргүүлжээ.

Оны сүүл мушгиж, улс төрийн дуулиан болсон эл асуудал хэрхэн шийдэгдэх нь анхаарлын төвд байна. Харин эрхэм сайд буруугаа хүлээж, уучлал эрэх нь үү гэтэл тэгсэнгүй. Харин бүр эсрэгээрээ “гэдийдэг” байгаа.

Улс төрд дөнгөж орж ирмэгцээ сайд болчихсон болохоор магадгүй пээдгэр байж болох юм. Хамтарсан Засгийн газрын залуу сайд нарын нэг, МАН-ын чадвартай, залуу боловсон хүчин гэгдэж байсан энэ эрхэм хоёр жил ч болов уу, үгүй юу тараа таниулж байх шиг. Ямартаа л Ц.Батбаяр гишүун “Чамайг огцруулахдаа л огцруулна даа” хэмээн амлаж байх вэ дээ. Тэрэндээ ч хүрч, УИХ-ын даргад хандан хэсэг гишүүний хамт өргөх бичиг барилаа. Асуудал ийнхүү хурцдаж эхэлмэгц МАН-ын удирдах зөвлөл, бүлэг дээр сайдын асуудлыг авч хэлэлцээд, огцруулах шаардлагагүй хэмээн үзсэн байна.

Мэдээж Д.Зоригт сайдыг огцруулбал, цаашлаад хамтарсан засгийн ирээдүй хөндөгдөх эрсдэлтэй болохоор улстөрчид эмээж буй биз ээ. Д.Зоригтыг биш хамтарсан засгийн ирээдүйг бодсондоо ийм алхам хийлээ гэж харж болох байх. Харин эрхэм сайд үүнийг үл ойлгосон уу, эсвэл ойлгосон ч ойлгоогүй царайлж сууна уу, мэдэхгүй юм.

Ардаа томоохон хамгаалалттай гэсэн шиг улам пээдийж, “яасан ч яадаг юм” гэх маягтай зүйл ярьж байна. Залуу хүний хувьд өөртэй итгэлтэй байж, тодорхой хэмжээнд бардамнаж болно л доо. Гэхдээ тэглээ гээд УИХ-ын гишүүнийг дорд үзэж, улс төрийн соёлгүй хандаж болохгүй байх.

Юутай ч энэ удаагийн үйл явдал Д.Зоригт сайд гэж хэн бэ гэдэг асуултад бага боловч хариуллаа. Улс төрд орж ирээд хоёр жил бололгүй ийн “хамраа сөхөж” байгаа нь мэдээж олон хүнд таалагдсангүй. Тийм ч учраас захаасаа эсэргүүцлээ илэрхийлж, огцруулна энэ тэр гээд явж байна.

Уг нь түүнийг анх орж ирж байхад нь олон хүн итгэл хүлээлгэж, чадвартай, залуу боловсон хучин хэмээн магтаж байлаа. Харин Д.Зоригт сайд тэдний итгэлийг даасангүй. Бүр алдчихлаа. Дараагийн удаад Д.Зоригт гэж хүнд ард түмэн итгэл үзүүлэх болов уу.

Л.Энхдэлгэр

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих