Каннын кино наадмаас онцлох ТАВАН бүтээл

c4536681cf3893f0d9f5de4832d792350292f0feКаннын олон улсын кино наадам энэ жил 76 дахь жилдээ хөшгөө нээж байна. Тавдугаар сарын 16- 23-ны өдрүүдэд болох наадмын улаан хивснээ жүжигчин Харрисон Форд, Леонардо Ди Каприо, Фиби Уоллер-Бридж тэргүүтэй алдартнууд оролцож шинэ бүтээлээ толилуулах юм. Эдгээрээс кино шүүмжлэгч, сонирхогчдын анхаарлыг гойд татаж байгаа онцлох таван бүтээлийг танилцуулья.

1. Indiana Jones and the Dial of Destiny

Жүжигчин Харрисон Форд дахин нэг удаа археологич Индиана Жонсын дүрээр эргэн ирсэн нь кино наадмын хамгийн их хүлээгдэж буй бүтээлүүдийн нэг юм. 1981 оноос хойш Индиана Жонсын адал явдлыг дэлгэцнээ толилуулсан Стивен Спилберг энэ киног найруулаагүй ч гүйцэтгэх продюсерээр ажиллажээ.

Эдүгээ нас сүүдэр 80 золгосон Харрисан Фордын нүүрэнд хөгшрөлт бууруулах тусгай эффект ашигласан гэхээр найруулагч Жеймс Манголдын дэглэлт үнэхээр сонирхол татаж байгаа юм.

2. Jeanne du Barry

Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр хуучин эхнэр Эмбер Хердтэй шүүхдэлцэж байх зуур Жонни Деппийн жүжигчний замнал уналтад орсон. ”Fantastic Beasts” төслөөс хасагдаж, Холливуд түүнээс нүүр бууруулж байсан цаг үе хойно үлдэж Жонни Депп гурван жилийн дараа Каннын наадмыг шинэ бүтээлээрээ нээх гэж байна. Ядуу оёдолчноос хааны амраг болсон Жанна дю Барри бүсгүйн тухай өгүүлэх уг кинонд тэрээр Людовик XV хааны дүрийг бүтээж франц хэлээр ярих юм. Францын нэрт жүжигчин Майвенн уг киног найруулж өөрөө гол дүрд тогложээ.

3.  Asteroid City

1950-иад онд зохиомол цөлийн хотод болох ёстой  байсан одон орончдын бага хурал дэлхийг өөрчилсөн үйл явдлуудаас болж тасалдана. Тодорхой логикгүй, хачирхалтай, гайхалтай уран сэтгэмжтэй гэдгээрээ алдартай найруулагч Уэс Андерсон шинэ бүтээлдээ Том Хэнкс, Тилда Свинтон, Скарлет Иоханссон, Маргот Робби зэрэг A зэрэглэлийн жүжигчдийг нэгтгэж чаджээ.

Шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл үү? Романтик инээдмийн кино юу гэдгийг трейлерээс нь хараад тодорхойлоход тун бэрх.

4. The Old Oak

 2006 онд “The Wind That Shakes the Barley”, 2016 онд “I, Daniel Blake” киногоор Алтан далдуу модны шагналыг хоёронтоо хүртэж байсан найруулагч Кен Лоуч 86 насандаа дахин өрсөлдөөнд орж ирлээ.

The Old Oak бол Сирийн дүрвэгсдийн хөлд дарагдсан Дархам суурингийн сүүлчийн уушийн газар. Пабын эзний дүрд тэтгэвэрт гарсан орон нутгийн гал сөнөөгч Дэйв Тернер тоглосон бол олны хэсэгт жинхэнэ дүрвэгсэд тогложээ.

5.Killers of the Flower Moon

Найруулагч Мартин Скорсезийн киног Леонардо Ди Каприо, Роберт Де Ниро гэсэн үнэнч хамтран зүтгэгчидгүйгээр төсөөлөх аргагүй. Үйл явдлын хувьд 1920-иод онд Оклахома мужид уугуул Осаж овогт гарсан хүн амины хэрэг, түүнийг дагасан Холбооны мөрдөх товчооны мөрдөн байцаалт, гэмт хэргийн тухай өгүүлэх аж.

200 сая ам.долларын төсөвтэй уг кино гурван цаг 26 минут үргэлжлэх хэдий ч Скорсезе үүнийг зөвхөн театрт үзэхээр бүтээсэн гэж мэдэгджээ.


URL: