Засаг дарга Г.Нямдаваа загас хулгайлсан юм байна

-ХУЛГАЙН ЗАГАСЧИД ЖИЛДЭЭ ЗУУН ТОНН ЗАГАС БАРЬДАГ БАЙЖЭЭ-

Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа  өнгөрөгч оны тавдугаар 3-нд БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Цонж хотын “Лю Ди Ван” ХХК-тай гэрэлтүүлгийн гэрээ хийсэн байдаг аж. Ховд аймгийн Жаргалант хотын 11 км замд гэрэлтүүлэг  хийлгэхийн тулд ажлын хөлс болох хоёр сая 600 мянган юанийн  төлбөрт  Хар-Ус нуураас 250 тонн загас барьж өгөхөөр гэрээ хийжээ. Аймгийн Засаг даргын тамгын газраас нэг кг загасыг  900 төгрөгөөр тооцохоос  гадна хятадуудын орон байр, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байна.

Ховд аймгийн Тамгын газар загас бэлтгэх ажлыг авч, Хятадын компани сав боодлыг нь хийхээр болжээ. Гэрээ хийгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болж аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхээр тусгагдсан аж. Гэрэлтүүлгийн төлбөрт загас нийлүүлэх гэрээг аймгийн Засаг дарга Г.Нямдаваа баталж, хариуцагчаар Ховд хотын  захирагч М.Мягмарцог гарын үсэг зурсан байгаа юм.

БОАЖЯ-наас энэ жил улсын хэмжээнд 65,5 тонн загас экспортоор гаргах тооцоо хийсэн. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын тамгын газар  250 тонн загас ямар нуураас барих гэж гэрээ хийсэн юм бол. Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа “Би хятадуудтай гэрээ хийгээгүй. Ёстой санахгүй байна. Сөрөг хүчнийхэн УИХ-ын сонгууль ойртоод ирэхээр гүтгэлэг хийлээ”  хэмээн мэдэгдсэн. Харин Ховд хотын захирагч М.Мягмарцог “Нэг тийм гэрээ яригдсан хэдий ч ажил хэрэг болоогүй. Аймгийнхаа 80 жилийн ойд хотоо гэрэл гэгээтэй болгох гэсэн Г.Нямдаваа даргын буруу гэж юу байх вэ” гэсэн юм.

Ховд аймагт загас барих зөвшөөрөлтэй  нуур байхгүй. Хар-Ус, Хар, Дөргөн нуурууд нь улсын тусгай хамгаалалтад авагдчихсан.  Эдгээр нууруудыг эргэн тойрон хамгаалалтын цэг, айл өрхүүд бий. Тэгэхээр гэрээ хийсэн Ховд аймгийн Засаг даргын тамгын газрынхан  Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас  хэдэн тонн загас барих боломжтой эсэх, хууль эрхзүйн орчныг асуух учиртай. Хар-Ус нуурын байгалийн  цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Чинбаттай уулзлаа.

-Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа  Хар-Ус нуураас 250 тонн загас бариулж хятадуудад заруулах гэж байсан гэх мэдээлэл гарсан.

-Энэ оны  нэгдүгээр сарын эхээр аймгийн Засаг даргын орлогч Цэнд-Аюуш намайг дуудаад “Манай аймгийн удирдлага  гэрэлтүүлэг хийлгэхээр хятадуудтай гэрээ хийсэн юм. Тоног төхөөрөмж, ажлын хөлсөнд нь 250 тонн загас өгөхөөр тохирсон.  Хар-Ус нуураас 250 тонн загас бариулах боломж байна уу гэсэн. Тэгэхээр би “Тусгай хамгаалалттай газраас үйлдвэрийн зорилгоор их хэмжээний загас барих хориотой байдаг юм. Та бүхний гэрээ биелэгдэх боломжгүй. Харин загас бариулах зөвшөөрөлтэй Баян-Өлгий аймгийн Ачит, Үүрэг, Толбо, Увс аймгийн  нууруудаас загас барих боломжтой” гэсэн. Аймгийн Засаг даргын орлогч Цэнд-Аюуш “Тэгвэл та нар загас хурааж өгөөч” гэсэн. Аймаг орны эрх ашгийн үүднээс Мэргэжлийн хяналтын газартай хамтраад хяналт шалгалт хийсэн ч загас олдоогүй юм.

-Өнгөрсөн онд гэрэлтүүлгийн мөнгийг төсвийн хөрөнгөөр шийдчихсэн гэж сонссон. Тэгэхэд энэ жил загас эрээд яваа  нь сонин юм даа?

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрөгч оны арванхоёрдугаар сард төсөвт гэрэлтүүлгийн 400 сая төгрөг    суулгасан гэж сонссон.

-Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа 250 тонн загас гаргах гэрээг хийхийн тулд  Хятадын Цонж хотын удирдлагатай  хэд хэдэн удаа уулзсан байдаг юм.  Таныг болоод байгаль орчны ажилтнуудыг дагуулж явсан болов уу?

-Аймгийн удирдлагууд энэхүү  гэрээг маш нууц түвшинд хийсэн. Мэргэжлийн улсуудаас нэг удаа асуугаагүй байдаг.

-Хар-Ус нуураас 250 тонн загас гарах уу. Портер машинаар зөөлөө гэхэд зуу гаруй цуваа явна шүү дээ?

-Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр Хар-Ус, Хар нуурын нөөцийг тогтоох судалгааны ажил хийгдээд явж байгаа.

-Танай аймгийн Засаг дарга Г.Нямдаваа саяхнаас “Баян-Өлгий аймгийн Айраг нуураас  250 тонн загас бэлдэх гэж  байсан” хэмээн тайлбар хийж байна лээ. Танай аймгийн гэрэлтүүлгийн төлбөрийг Баян-Өлгий аймаг хийж болдог юм уу?

-Их нууруудын хотгорт долоон том нуурын тав нь байгаа юм. Хар-Ус, Хар, Толбо, Хяргас, Увс, Айраг нуурууд л даа. Ихэнх нь улсын тусгай хамгаалалтад орчихсон. Тусгай хамгаалалтад ороогүй цөөн нуураас БОАЖЯ-наас 5-20 тонн загас бэлдэх зөвшөөрөл олгодог юм билээ.

-Тусгай хамгаалалттай Хар-Ус нуураас загас бариад байна гэх мэдээлэл их гардаг. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Хар-Ус, Хар нуурт үйлдвэрийн аргаар загас барих явдал гардаг. Ойрын хэдэн сард долоон удаа шалгалт хийхэд нийтдээ 187 ширхэг торыг хурааж шатаасан. Би энэ ажлыг аваад таван жил болж байна. Намайг ажил авахад Хар-Ус, Хар нуураас жилдээ зуу гаруй тонн загас хулгайгаар  гардаг байсан. Аймгийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газар,  иргэдтэй хамтарч тэмцсэний хүчинд хулгайн загасыг эрс бууруулж чадсан. 10-15 тонн загас л хулгайгаар гарч байгаа байх.  Хууль бус агнуурыг арав дахин бууруулж чадсан.

-Нэг торонд дор хаяж 20-30 кг загас гарч ирэх болов уу. Тэгэхээр 187 торноос нэлээд их загас   гарч ирнэ дээ. Тэр загас яасан бэ?

-Тэр загасыг буцаагаад тавьчихсан гэлээ.

Хамгийн гайхалтай нь гэрэлтүүлгийн зардлыг өнгөрөгч оны төсөвт суулгачихаад байхад  аймгийн орлогч дарга Цэнд-Аюуш  байгаль хамгаалагч нараас загас хурааж өгөхийг гуйсан  гэдэг нь сонирхол татаад явчихлаа. Мөн Хар-Ус нуурын шар загас кг нь Улаанбаатарт л гэхэд 3000 төгрөгөөр зарагддаг байтал 900 төгрөгөөр үнэлсэн нь хачирхалтай. Ховд аймгийн  Ярантын боомтоор гарсан нэг кг загас 4220 орчим төгрөг болно. Тэгэхээр аймгийн удирдлагууд ийм  алдагдалтай наймааг хийх гэж улайрахын учир юу байсан юм бол. Нөгөө талаар байгалийн нөөц ашигласны төлбөрийн талаар гэрээнд тусгагдсангүй. Хууль ёсоор бол байгалийн нөөц ашигласны төлбөрт 250 сая төгрөг улсад тушаах байсан аж.

Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа  “Хар-Ус, Хар, Дөргөн нуураас нэг кг загас гараагүй” хэмээн ярьж байгаа юм. Гэтэл аймгийн мэргэжлийн хяналт, гаалийн газрын мэдүүлгээс нь үзэхэд Ховд аймгийн загас агнуурын компаниуд 2012 он гарснаас хойш есөн удаагийн үйлдлээр 27500 тонн загас хилээр гаргасан байлаа. БОАЖЯ-наас зөвшөөрөлтэй гэх нэр бүхий компаниуд  нэг тонн загас гаргана гэж гаальд мэдүүлдэг  хэрнээ  арав, хорин тонноор нь гаргадаг байна.

Ийнхүү загас гаргадаг компаниудын эзэдтэй уулзаж явтал “Цагаан сарын өмнөхөн аймгийн гэрэлтүүлгийн төлбөрт ихээхэн хэмжээний загас хилээр гаргасан” гэх сонин мэдээлэл сонслоо. Аймгийн дарга Г.Нямдаваагийн хийсэн хууль бус гэрээ хүчингүй болоод загас гараагүй гэх мэдэгдлийг  бүхий л албан тушаалтнууд хийж байсан.  Гэтэл нөхцөл байдал өөрөөр эргэдэг байна шүү.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих