Жон Мартин Кийн монголд барьцаалагдсан тухай цахим захидал илгээжээ

АНУ-ын Нью-Жерси мужийн Моунт Олив хотын харьяат Жон Мартин Кийн монголд бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан талаар өмнө нь  манай сайт мэдээлсэн билээ.

Эх сурвалжийн мэдээллээр Дархан-Уул аймгийн харьяат 24 настай Ч гэх эмэгтэйг  Жон Мартин Кийнийн үхэлд сэжиглэн саатуулж УМБГ-аас  шалгаж эхэлсэн байна. Хэргийг шалгах явцад сэжигтэн Ч хохирогчийг ангийн буугаар хоёр  ч удаа буудсан гэж мөрдөн байцаагчдаа мэдүүлжээ.

АНУ-ын иргэн Жон Мартин Кийн өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд АНУ-д амьдарч байгаа ээж рүүгээ Монголд барьцаалагдаад байгаа тухай  цахим захидал илгээсэн аж.

Тэрхүү захидлын мөрөөр  70 настай хатагтай Маргарет Кийн Төрийн Департамент болон Монгол, БНХАУ дахь Элчин сайдын яамны ажилтнуудад хүүгээ барьцаалагдсан байж болзошгүй тул  бололцоотой бүхий л арга хэмжээг авахыг хүсчээ.Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид Жон Мартин Кийнийг эрэн сурвалжилж Төв аймгийн нутгаас  цогцсыг нь  олжээ.

Талийгаач Тайваньд эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаад монголд бизнесийн санал энэ оны нэгдүгээр сарын 5-нд хилээр орж ирсэн тухай бүртгэл Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт байна.

Жон Мартин Кийн нь 45 настай, Нью-Жерси мужийн Моунт Олив хотод 1966 оны аравдугаар сарын 25-нд төрсөн. Тус хотын ахлах сургуулийг 1985 онд төгсөж, Агаарын цэргийн хүчинд алба хаажээ.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих