Орон сууцны эрэлт их, нийлүүлэлт бага байна

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар хамтарсан “Барилга-2012″ үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд өчигдөр нээлтээ хийв. ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж “Монгол Улсын хэмжээнд хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ, Засгийн газар баталсан. Уг хөтөлбөр амжилттай хэрэгжихэд энэхүү үзэсгэлэн ач холбогдол өндөртэй” хэмээн нээлтийн үед онцолж байв. Энэ сарын 19 хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн яармагт барилгын материал, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ эрхэлдэг болон орон сууцны захиалга авч буй 130 гаруй компани, аж ахуй нэгжүүд оролцож байгаа аж. Иргэд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан зургаан хувийн хүүтэй орон сууцны захиалга, мэдээллийг ихэд сонирхоно. Үзэсгэлэн яармагт оролцогч аж ахуйн нэгжүүд “Мишээл экспо” төвийн дотор болон гадна талбайд бүтээгдэхүүнээ байрлуулжээ. Иргэд барилгын материал, шинэ технологи гэхээсээ илүүтэй байрны захиалга авч буй байгууллагын борлуулалтын хэсэгт дугаарлаж байсан. Тухайлбал, “Орчлон констракшн”-ы Орчлон хороолол, Хан-Уул дүүрэгт байрлах “Эв эе” хотхонд 40-68 мкв хэмжээтэй хоёроос гурван өрөө байрны нэг метр квадратын үнэ 1.195000 төгрөг. “Эко констракшн”-ы “Golden park” хотхонд 1 мкв талбайн  үнэ 1.699000 төгрөг, “Green wood” компанийн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан байрны 1 мкв  үнэ 2.200.000 төгрөг, Баянгол дүүргийн VIII хороонд байрлах “Нарлаг таун” хотхонд1 мкв талбайн үнэ 1.450.000-1.650.000 төгрөг, “Тайж таун”-ы “UB TOWN” хотхонд 1 мкв талбайн үнэ: 1.600.000 төгрөг, “Ургах наран” хороололд 1 мкв талбайн үнэ 980.000-1.020.000 төгрөгийн үнэтэй байна.

Иргэд гэр бүлээрээ, ач зээгээ дагуулчихсан хоорондоо чихэлцэн байж борлуулалтын албанаас мэдээлэл, сурталчилгааны хуудас авч харагдсан. Иргэн Ц.Намсрай “Би хотын төвийн ойролцоо 2-3 өрөө байр сонирхож байгаа. Энэ үзэсгэлэн худалдаанаас олигтой мэдээлэл авч чадсангүй. Цөөхөн байгууллага байна. Уг нь илүү олон байгууллага оролцсон бол сонголт, харьцуулалт ихтэй шүү дээ. Үнийн хувьд бол зах зээлээ дагаад боломжийн гэж бодож байна” гэв. Үнэхээр тэнд ирсэн хүмүүсийн яриагаар орон сууцны захиалга авч байгаа байгууллагууд цөөхөн, ихэнх нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж амжаагүй хүсэлтээ өгсөн байгууллагууд байна гэцгээж байв. 60 гаруй настай болов уу гэмээр хоёр хөгшин энд тэнд очиж байрны үнэ сонирхож явсантай таарав. С.Дугар, М.Хоролмаа гэх эр бүлийн хоёр хөгшин ганц хүүдээ байр үзэж яваа нь энэ гэнэ. Ажил ихтэй учир хүүгийнхээ өмнөөс үзэсгэлэнд иржээ. С.Дугар гуай “Амьд байгаа дээрээ ганц хүүгээ орон сууцтай болгоё гэж бодсон юм. Үнэ хөлсийг нь дийлэхгүй шиг байна. Барилгын компаниудын өндөрт хадсан үнийг зохицуулж өгөөсэй гэж бодож байна” гэж захиалга авч буй байрнууд хэт үнэтэй байгаа талаар ярив.

Энэ үеэр ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж сэтгүүлчдийн цөөн асуултад хариулт өгсөн юм

-”100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдийн эрэлт ихэсч нийлүүлэлтийг одоо хүртэл яагаад зохицуулахгүй байна вэ?

-Нөхцөл байдлыг ойлгож байгаа. Үзэсгэлэнгийн ач холбогдолтой болно гэж үзэж байна. Учир нь иргэд нэг дороос компаниудын талаар мэдээллийг авах цогц боломж бүрдсэн. Мөн барилгын материалын чанарын ойлголттой болох юм. Зургаан хувийн хүүтэй орон сууцны нийлүүлэлтийг ихэсгэх үүднээс энэхүү үзэсгэлэнг нээж байгаа шүү дээ. Явцдаа хөтөлбөрүүдээ нэгтгэсний эцэст орон сууцны үнэ бууна гэж төлөвлөж байна. Цаг хугацааны асуудал. Тиймээс зарим нэг асуудлыг хууль эрх зүйн хүрээнд зохицуулах юм. Нөгөө талаас энд дотооддоо барилгын материал үйлдвэрлэгч компаниуд орж байна гэдэг чинь гаднаас материал оруулах нь багасчихвал үнийн өсөлт буурах хандлагатай. Барилгын бодит өртгийг гаргах үүднээс арга хэмжээ авч байна.

-Хөтөлбөрт арваад компани хамрагдаж байгаагаас таван компани үзэсгэлэнд ирсэн байна. Цаашид нэмэгдүүлэх тал дээр Засгийн газраас ямар арга хэмжээ авах вэ?

-Хамрах эсэх нь тухайн компанийн бизнесийн үйл ажиллагаанаас шалтгаална. Хөтөлбөрт хамрагдах нөхцөлийг бид нээлттэй болгоод өглөө шүү дээ. Хүсвэл бидэнд хандахад шаардлага хангасан тохиолдолд бүрэн боломжтой. Иргэнээрээ дамжуулж барилгын компанийг дэмжиж байна гэсэн үг.

Д.ДАВААСҮРЭН

Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.