САЙД Х.БОЛОРЧУЛУУН БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Лаура Ботта, “Дэлхийн экспо 2030”-ийн асуудал хариуцсан Тусгай үүргийн Элчин сайд Ромео Орланди тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Тусгай үүргийн Элчин сайд Р.Орланди “Дэлхийн экспо 2030” олон улсын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах хотын эрхийн төлөө Бүгд Найрамдах Итали Улсын Ром, Саудын Арабын Эр-Рияд, БНСУ-ын Бусан хотууд өрсөлдөж байгаа бөгөөд дараагийн шатны сонгон шалгаруулалт энэ оны 11 дүгээр сарын 28-нд Парис хотноо болох талаар дэлгэрэнгүй танилцуулав.

 

Үүнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, мөн 2024 оноос эхлэн зөвхөн угаасан, самнасан ноолуур экспортлох бодлого баримтлах талаар онцлон тэмдэглэв. Түүнчлэн БНИУ-ын тал Монгол Улсад ноолуурын ээрэх үйлдвэр байгуулах тухай төслийг дэмжихээ мэдэгдэв.


URL: