ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН ЛАБОРАТОРИ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Жайка олон улсын байгууллага Мал эмнэлгийн ерөнхий газраас тавьсан хүсэлтийн дагуу малын эмч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд эмнэл зүйн чиглэлээр сургалт хийж байсан бол төслийн дараагийн шатны эхлэл болгож дэлхийн стандартад нийцэх тоног төхөөрөмж бүхий, лабораторийг ашиглалтад оруулж, хүлээлгэн өглөө. Нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи,  УМЭАЦТЛ-ийн захирал Ө.Гэрэлмаа нар оролцож, үг хэллээ.

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гарын авлагад заасан дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй тус лаборатори ашиглалтад орсноор сургагч багш нараар дамжуулан орон нутгуудад сургалтууд явуулах,  эмийн үлдэгдэл, өвчний оношийг богино хугацаанд оновчтой илрүүлснээр хүнсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдол үзүүлэх юм.

Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарт Зооноз өвчин, Мал амьтны халдварт өвчин, Малын гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдал, Байгаль орчны бохирдол, Мал эмнэлгийн эмнэл зүйн чиглэлээр тогтмол үе шаттай сургалтуудыг явуулан, мэдлэг ур чадварыг нь бэхжүүлэх зорилгоор “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик ур чадварыг бэхжүүлэх нь” сэдэвт техник, хамтын ажиллагааны төслийг 2020 оны 6 сараас хэрэгжүүлж эхэлсэн. Тус төсөл нь 2025 оны 6 дугаар сар хүртэл үргэлжлэх юм.

Төсөл хэрэгжсэнээр УМЭАЦТЛ, МЭХ, МЭС, НМЭГ-ын хамтарсан сургалт, судалгааны үйл ажиллагааны суурь бий болох, Судалгаа, сургалтын группүүдийн малын эмч нарын хэрэгцээнд нийцсэн судалгаа хийх чадавх бэхжих, сургалт, судалгааны бүлгүүдийн малын эмч нарын хэрэгцээнд нийцсэн сургалт явуулах чадавх бэхжих, төслийн хүрээнд боловсруулах малын эмчийн сургалтын агуулга нь практик сургалтын хэлбэрээр боловсруулагдах зэрэг үр дүнтэй юм.


URL: