АМЬ СОРИЛ, БИО АЮУЛГҮЙН ЛАБОРАТОРИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

 

Дэлхийн Банкны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд тусгагдсан хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх зорилгоор Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн Гоц халдварт, халдварт өвчний хэвшил омгийг сэргээх, таньцлах, зарим гоц халдварт, халдварт өвчнөөс сэргийлэх вакцины идэвхт чанарын сорилт гүйцэтгэх зориулалт бүхий мал амьтны туршилт, шинжилгээний “Амь сорил, био аюулгүйн туршилтын лаборатори”-ийг улсын комисс хүлээн авч ашиглалтад орууллаа.

Лабораторийн барилгын нээлтийн ёслолын ажиллагааг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэв.

Шинээр ашиглалтад оруулж буй амь  сорил, био-аюулгүйн лаборатори, туршилт  шинжилгээний лабораториуд нь Био-аюулгүйн хоёр дугаар зэрэглэл хангасан онцгой объект бөгөөд малын гоц халдварт өвчний сорилт туршилтын ажлыг мал, амьтанд хийж гүйцэтгэх юм. Туршилт шинжилгээний лаборатори нь мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэлийн аюулгүй байдал, пироген чанар, хорон чанар, идэвхт чанарын туршилтыг мал амьтанд хийж гүйцэтгэх юм.

Мөн барилгын нээлтийн үеэр Эм -химийн лабораторийн өндөр идэвхт шингэний хроматографийн аппарат (HPLC)-ыг гардууллаа. Тус аппарат нь эмийн болон эмийн түүхий эдийн гол үйлчлэгч бодис, туслах бодисын хэмжээг 130  нэр төрлийн референс стандарт бодистой харьцуулан өндөр түвшинд, сорилт шинжилгээ гүйцэтгэж үр дүнг тодорхойлдог.


URL: