Цагдаа хүн биш юм бол төр жүжгийн тайз болж таарах нь

Түүхэнд Хар өдөр хэмээн тэмдэглэгдэн үлдсэн хэргийн балаг үргэлжилсээр л байна. Эцэс төгсгөлгүй хардлага дагуулсан хэргийн гол эзэн гэм буруутан хэн болох, гол зангилаа нь хаана байгаа нь тайлагдашгүй мэт явсаар 2012 оны сонгууль хүрлээ. Дөрвөн жилийн турш сунжирсан энэ хэрэг сонгуулийн өмнө дуулиан дэгдээж байна. Таван хүний эрдэнэт аминд хүрсэн хэргийн эзнийг дөрвөн жилийн хугацаанд хайн олоогүй.  Эцэс сүүлд нь тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн хурандаа нарыг буруутгахаар шийдэв бололтой. Хурандаа нарын шүүх хурал, шүүхээс гарах шийдвэр өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байж жагсаал цуглаан басхүү бичил үймээнийг дэгдээгээд авсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө, үүрэг гүйцэтгэсний төлөө ял үүрэхээр болоод байгаа хурандаа нарыг золиослох нь гэж буруутгах нэгэн байхад тэднийг буудсан, өөрөө өөрсдөө шийдвэр гаргасан гэх нэгэн ч бий. Хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээх ёстой. Гэхдээ ард түмний нүдэн дээр ил болсон хэргийн шүүх хурлыг хагас бус бүрэн нээлттэй хийхийг ард түмэн шаардах эрхтэй. Хаалттай хаалганы цаана гаргасан шийдвэр хууль журмын дагуу, шударга байна гэдэгт итгэх хүн алга. Хэрвээ цагдааг үүрэг гүйцэтгэгч болохоос хүн биш гэж үзэн асуудалд хандвал төр урьдчилан бэлдсэн жүжгийн тайз болох гээд байна.

Хэнийх нь буруу гэдгийг хууль хяналтын байгууллагынхан л шийдэх ёстой. Хамгийн гол нь хэргийн үнэн мөнийг олох ёстой шүүх, прокурорынхон ажлаа хийж чадахгүй, дээд албан тушаалтнуудын хэл, гар болоод байгаа тухай бас Долоодугаар сарын нэгний хэрэгт холбогдох шүүх хурлын үеэр яригдаж байсан. Шүүх шударга ажиллахгүй байна гэдэг үгийг хэлэх болсон шалтгаан нь гуравдугаар сарын 14-нд болсон шүүх хурлын шийдвэр буюу цагдаагийн хурандаа нарыг цагдан хорих тухай шийдвэр юм. Шүүхийн энэ шийдвэр гарахтай зэрэгцэн хурандаа нарын бие муудаж Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хүргэгдэж өдийг хүртэл хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ хооронд тэдний өмгөөлөгчид болон ар гэрийнхэн хэвлэлийн хурал зарлаж, бодит байдлын тухай тайлбарласан юм. Үүний нэг нь “Зууны мэдээ”сонины хэвлэлийн танхимд болсон хурандаа нарын өмгөөлөгчдийн хурал.

Хуралд ЦЕГ-ын дарга асан хурандаа, генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа О.Зоригтын өмгөөлөгч Н.Өлзийхүү, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгч Д.Эрдэнэтунгалаг нарын хүмүүс ирсэн. Хэвлэлийн хурал зарласан гол зорилго нь Долоодугаар сарын нэгний хэргийн талаар биш, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа өмгөөлөгчид шүүх ажиллагаанд удаа дараа саад учруулж байгаа гэсэн мэдээлэлтэй холбогдуулан тодорхой тайлбарыг хийхийг хүссэн байна. Өмгөөлөгчдийн зүгээс “Шүүх хуралдааны явцад бид ямар нэгэн саад учруулаагүй. Саад учруулах үйлдлийг хийгээгүй. Өмгөөлөгчид бид өнөөдрийг хүртэл хуульд заасан эрх үүргийнхээ дагуу ёс зүйгээ баримтлан ажлаа хийж байгаа” гэсэн юм. Мөн тэдний хүргэсэн хоёр дахь мэдээлэл нь Сүхбаатар дүүргийн шүүх хэрэгт холбогдогчдыг цагдан хорих тухай шийдвэр. Өмгөөлөгчид шүүх хурлын шийдвэр гарах үед гомдол гаргасан бөгөөд түүний хариу шийдвэр гарсан бөгөөд тухай юм. Өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу Ерөнхий шүүгч прокурорыг байлцуулж хэлэлцсэн бөгөөд цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж хяналтанд байлгах нь зөв гэж үзжээ.

Энэхүү үйл ажиллагаанд нь цагдаагийн байгууллага алба нэгжийн нэр зааж өгсөн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс харуул хамгаалалт тавь гэсэн захирамж гарсан байна. Захирамжийн дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа тухай ярьсан юм. Мөн тэд нэгэн баримтыг гаргаж ирсэн нь Ч.Амарболд генералыг 2008 онд Дотоодын цэргийн дарга байсан байгаагүй маргаантай холбоотой. Өөрөөр хэлбэл энэхүү баримт бичигт “Дотоодын цэргийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн нэгт дотоодын цэргийн даргыг Засгийн газар томилж, чөлөөлөхөөр заасан байна. Гэхдээ Таныг дотоодын цэргийн даргаар томилсон Засгийн газрын тогтоол 2008 онд гараагүй болохыг үүгээр уламжилж байна” гэсэн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын өгсөн хариу бичиг юм. Өөрөөр хэлбэл Дотоодын цэргийн дарга гэдэг хүнийг хуулиараа Засгийн газар тогтоол гаргаж томилдог журамтай. Тэгэхээр тэр тушаал 2008 онд байхгүй байгаа юм. Энэ нь генерал Ч.Амарболд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч байсан болохоос биш дотоодын цэргийн дарга байгаагүй гэдгийн баталгаа болж байгаа юм.

Гэтэл баталгаа нь гараад ирчихсэн байтал Ч.Амарболд нь Дотоодын цэргийн дарга байсан учраас буруутай, түүнтэй холбоотой байсан гэж гурван хурандааг буруутгаад байгаа нь юуных вэ. Гэхдээ энэ шийдвэр өмнөх шуух хурлын үеэр байгаагүй баримт. Харин дараагийн шүүх хурал дээр хөдөлшгүй баримт болох байх.

ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН ГЭХ ХУУДАС ЦААС БАЙВАЛ БИ ӨМГӨӨЛӨГЧӨӨСӨӨ ТАТГАЛЗЪЯ
Энэ үеэр Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэлээс цөөн зүйлийг тодруулсан юм.

- Хурандаа нарын биеийн байдал ямар байгаа вэ. Уулзсан уу?
-Цагдан хоригдож байгаа хүмүүсийн биеийн байдал хамгийн сүүлд авсан мэдээллээр эмнэлэгт хүргэгдэх үеийн даралт болон сахарын диабитикийн үзүүлэлт хэвээр байна. Тэр дундаа миний үйлчлүүлэгч Ч.Амарболд генералын биеийн байдал ирснээсээ хойш хүндэрч байна гэсэн. Одоо бид эмч нартай нь уулзахаар бэлтгэж байна. Үйлчлүүлэгчтэйгээ дөрөв дэх өдрөөс хойш уулзаагүй. Ар гэрийнхэнтэй нь холбогдоод явж байгаа. Та нар санаж байгаа бол миний үйлчлүүлэгчийн бие муудаад өнгөрсөн жил эрчимт эмчилгээ хийх шаардлагатай гээд нэгдсэн 1-р эмнэлэгт үзүүлж эмч нарын зөвлөгөөнөөр ороод гадагшаа явж эмчлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөгөө авч байна. Үүний дагуу Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт хилийн хориог цуцалж өгөөч гэсэн хүсэлт тавьсан ч цуцалж өгөөгүй л дээ. Тэрнээс хойш биеийн байдал нь тааруухан байгаа.

-Сэтгүүлчдэд дэлгэсэн дээрх баримтыг гуравдугаар сарын 14-нд болсон шүүх хурлын өмнө гаргах боломж байгаагүй юм уу?
-Энэ баримтыг шүүхэд ч өгч байгаагүй. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас миний үйлчлүүлэгч Ч.Амарболд нь 2008 онд ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ. Дотоодын цэргийн дарга мөн үү биш үү гэдэгт өгсөн хариу. Бид хуульчид учраас бүх бичиг баримтыг тамгатай нь
цуглуулдаг. Байдлыг ажиглаад байхад юу ч болж магадгүй юм байна гэж бодож байгаа юм. Шүүхэд өгөхийнхөө өмнө танилцуулж байгаа нь шүүх хурал хаалттай болж байгаа учраас тэр чигтээ дарагдаад, үгүйсгэгдээд алга болчих вий гэдгээс сэргийлж мөн одоогийн төрийн байгууллагуудаас өгч байгаа мэдэгдлээс юунд ч хүрч магадгүй гэж бодоход хүрсэн. Магадгүй дээрх байдал үүсэх юм бол ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж би мянга ийм баримт байсан гэж хэлээд нэмэргүй болно. Тийм учраас түрүүлж үзүүлж байгаа нь энэ.

-Долоодугаар сарын нэгний хэрэгтэй холбоотойгоор өмгөөлөгч прокуроруудын дунд үл ойлголцол гараад байх шиг?
-Өнгөрсөн хугацаанд та бүхэн анзаарсан байх. Ээлж дараагаараа мэдэгдлүүд гарч байна. Шүүгчдийн холбоо гэж ТББ байдаг. Энэ шүүх биш шүү. Гэтэл тэд шүүхийн байгууллага юм шиг энэ хэрэгт ажиллаж, өмгөөлөгчдийг шүүх үйл ажиллагаанд санаатайгаар саад учрууллаа, үүнээс нь болж хүмүүсийг цагдан хорилоо гэх мэт мэдэгдэл хийж байна. Энэ юуг харуулж байна вэ гэхээр Цагдан хорих тухай шийдвэрийг хэвээр үлдээх юм байна гэдэг шийдвэрийг энэ мэдэгдлээс авсан. Нэг үгээр хэлбэл Шүүгчдийн холбооноос гаргасан мэдэгдэлд урьдчилаад дүгнэлт гаргасан байсан гэсэн үг. Ер нь өнөөдөр иргэн хүнийхээ талд байдаг хуулийн ганц мэргэжил бол өмгөөлөгч. Нөгөө талд бол бүхэл бүтэн шүүх, цагдаа, прокурор нь байж байна. Ганцхан хүнтэйгээ хамт явдаг нь өмгөөлөгч. Социализмын үед прокуроруудыг шүүмжиллээ гээд өмгөөлөгчдийг Төв аймгийн мөрдөн рүү ачиж байсан тохиолдол байдаг. Ардчилсан нийгмийн хувьд иргэнийхээ талд байгаа нь өмгөөлөгч.

Гэтэл өмгөөлөгчийн хэлсэн ярьсныг худал байдаг юм шиг, нотлох баримтгүй байгаа юм шиг яриад байна. Үүнийг бид эрс буруушааж Монголын шүүгчдийн холбоонд мэдэгдэл хүргүүллээ. Өөрсдөө шүүхийн тухай хуулиар олгогдсон албаны бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа мэт боловч ТББ-ынхаа байр суурийг илэрхийлж олон түмэнд буруу ойлголт өгөхөө болиоч ээ гэж тэдэнд хэлэх байна. Хэргийн нөхцөл байдлын талаар хэрэгт оролцогчид биш, тэр дундаа шүүхийн байгууллагын хүмүүс буруу ойлголт өгөхөө болиоч гэж хандаж байгаа юм. Шүүгчдийн холбооны тэргүүн өмгөөлөгч Оросоог урьдчилан мэдэгдэлгүйгээр явсан гэж худлаа ярьж байна. Оросоогийн хувьд өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт туслахаараа дамжуулаад Солонгос улс руу зорьчлоо гээд албан ёсоор зорчих тийзний хуулбартайгаа өөрийн хүсэлтийн хамт шүүх хурал болохоос хоёр хоногийн өмнө хүргүүлсэн. Тэр албан ёсны бичиг баримтыг нь шүүгчид мэдсэн учраас хэргийн шүүх хурлыг хурдан шийдвэрлэхийн тулд Г.Ганбаатар хурандаагийн хэргийг тусад нь шүүхээр болсон байх гэж бодож байна. Бусад оролцогчдынх нь өмгөөлөгчид сууж байсан. Өнгөрсөн шүүх хурлууд дээр ч байсан. Хэргийг нь тусгаарлачихаад гэм буруутан нь өмгөөлөгчид юм шиг ойлголтыг олон нийтийн сэтгэлзүйд хүргэж байгаа юм.

Дээрээс нь Ерөнхий прокуророос мэдэгдэл гаргасан. Хүн буудсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон байхад өмгөөлөгчид шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого хийлээ гэсэн байна лээ. Хөдөлшгүй тогтоогдсон эсэхийг шүүх тогтоодог. Прокурор бол хүчтэй байгууллага. Хэнийг яаж ч чадна гэдгийг мэдэж байна. Хэдэн зуун хүн ажилладаг, хүч хэрэгслээр хамгаалагддаг, өмгөөлөгчөөс эрх мэдлийнхээ хувьд хэд дахин илүү гэдгийг мэдэж байна. Гэхдээ шүүхийн өмнө талууд ижилхэн оролцоотой шүү. Гэтэл өдгөө өмгөөлөгч нь жижиг прокурор нь том гэсэн байр суурь харагдаж байна. Үүний эсрэг бид мэдэгдэл гаргаж байна. Ажиглаж байна, анхааруулж байна, шаардаж байна гэснээс харахад социализмын үеийнх шиг өмгөөлөгчдийг Төв аймаг руу ачих гэж байгаа юм байна л даа. Ийм юмыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

-Долоодугаар сарын нэгний хэргийг улс төрийн хэрэг гээд байгаа. Үүнийг нь баталж байх шиг олон улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийн байр сууриа илэрхийлэх боллоо?
- Улс төрчдөөс хүсэх зүйл байна. Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэдэг шиг энэ хэрэг дээр улс төр хийж ханахгүй байна уу. Ашиг хонжоо хайгаад бие биенээ буруутгаад яваад байна. Энэ хэрэгт холбогдсон цагдаагийн албан хаагчид ч гэсэн ард түмний хэсэг шүү дээ. Буруу зөрүү хэрэгт холбогдолгүй мэдээллээр ард түмэнд буруу мэдээлэл битгий өгөөч гэж хэлэх байна. Тухайлбал, шүүгдэж байгаа хүмүүс гэм буруугаа хүлээж Өршөөлийн хуульд хамрагдсан гэх мэдээлэл гарлаа. Хариуцлагатайгаар хэлье. Гэм буруугаа хүлээсэн Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэсэн хуудас цаас л байх юм бол би өмгөөлөгчийнхөө ажлыг хүлээлгэж өгье. Шууд энэ хэргээс татгалзана. Энэ дээр ямар хэрэг байдаг вэ гэхээр Өршөөлийн тухай хууль гарлаа. Хуульд зааснаар энэ хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж шийдэгдэх боломжтой байгаа учраас бид энэ хэрэгтэй үргэлжлүүлэн танилцах шаардлагагүй гэж үзэж байна. Хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүллээ гээд ганц бичиг энэ хүмүүст өгсөн. Тэрнээс биш гэмт буруугаа хүлээсэн Өршөөлийн хуульд хамруулж өгөөч гэсэн цаас байхгүй. Үүнтэй холбоотой нэг цаас ч бол байвал өмгөөлөгчийнхөө ёс зүйн дагуу энэ хэргийн өмгөөллөөс шууд татгалзана.

-Дараагийн шүүх хурлын тов гарсан уу?
-Шүүх хурлын тов одоо болтол гараагүй байна. Бидний шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд шүүх хурлын товыг гаргах байх. Шүүх бүрэлдэхүүн хуучнаараа явна гэх юм бол нэг тов гарна, өөрчлөгдсөн гэх юм бол хэрэгтэй танилцах хугацаа гээд шинэ тов гарах байх. Бүрэлдэхүүнээс татгалзсан тухайд товчхон тайлбарлая. Дөрвөн хүнд холбогдох хэрэг байсаар байтал нэгийг нь буюу Г.Ганбаатар хурандааг тусад нь шүүхээр болчихсон. Бид ард нь үлдсэн. Тиймдээ ч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг гаргасан бөгөөд тэд хүлээж авсан. Ингэснээр хэрийн талаар цаашид шийдвэр гаргах эрхгүй болчихож байгаа юм. Гэтэл тухайн татгалзсан шүүх бүрэлдэхүүн цагдан хорих шийдвэр гаргачихсан. Бид шийдвэрийг хууль бус гэж үзээд Ерөнхий шүүгчид хандсан ч бас л хүлээж авсангүй.

-Хуулиараа цагдан хорих тухай шийдвэр сонссон шүүгдэгчид хаана цагдан хоригдохоор шийдвэрлэгдсэн тухайн газраа эмчлүүлэх ёстой биз дээ?
-Шүүгчийн захирамжинд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас харуул хамгаалалт тавина гээд тодорхой заагаад өгчихсөн. Шийдвэрийн дагуу л үйл ажиллагаа үргэлжилж байна.

-Оросоо өмгөөлөгч чөлөө авсан нь шүүх хурлыг хойшлуулах шалтгаан болох уу?
-Бололгүй яахав. Нэг сонин үзэгдэл ажиглагдаад байна л даа. Өмгөөлөгч өвдөж, үхэж болдоггүй юм шиг. Өмгөөлөгчид нь ажил гарлаа гэхээр хохирогчийг нь хорьчихдог муухай, хууль бус зүйл байж болохгүй шүү дээ. Өмгөөлөгчийг шийтгээд байгаа юм уу, хүнийг шийтгээд байгаа юм уу. Ойлгох юм алга.

-Хууль бус шийдвэр гаргалаа гээд та нар хүсэлт гаргасан ч хүлээж авсангүй. Яагаад хүлээж авсангүй вэ?
-Бидний хувьд гомдол гаргах ганцхан боломж байсан нь Ерөнхий шүүгчид хандах боломж байсан. Шүүх үндэслэлтэй гэж бодоод л ийм шийдвэр гаргаж байх шиг байна. Бид гомдолтой үлдэж байна. Гэхдээ нэгэнт шүүхийн шийдвэр гарсан л бол хэрэгжих ёстой.

-Ерөнхий прокуророос галт зэвсэг хэрэглэсэн нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон гэж мэдэгдэл хийгээд байгаа шүү дээ?
-Хөдөлшгүй тогтоогдсоныг шүүх л хэлнэ. Би хэлээд байгаа юм биш. Тал хувь нь эзэн нь тогтоогдоогүй сум хэнийх юм бэ. Тэрийг хөдөлбөргүй тогтоогдсон гэдэг юм уу. Шинжээчийн дүгнэлтээр буу нь цагдаагийн буу биш гээд тогтоогдчихсон байгааг хөдөлбөргүй тогтоогдсон гэдэг юм уу. Сүүлийн үед баримтат киногоор гараад байгаа гэрчийн хэлж буй хар машиныг олоогүй байгааг хөдөлбөргүй тогтоогдсон гэдэг юм уу. Тэр байтугай Прокурор өөрсдөө мэдэгдсэн ш дээ. Би бүр гайхаад байх юм. Доодчууд нь худлаа ярихаар дээдчүүл нь үүрэг өгөөд байдаг юм уу. Прокурорынхон “Ямар бууг хэн барьж байгаад хэнийг буудсан гэдгийг тогтоох боломжгүй” гээд өөрсдөө хэвлэлийн хурал дээрхэлсэн.Тэгээд хөдөлбөргүй баримт нотолгоо гээд байгааг юу гэж ойлгох вэ?

-Шүүх хуралд гэрчээр дуудсан хүмүүсийг албадан авчирна гэж та хэлж байсан ч ирээгүй?
-Гэрчүүд шүүх хурал эхэлсний дараа дундаас нь орж ирж суудаг субъект л дээ. Ирэх л байсан байх гэж бодож байна. Гэхдээ дараагийн хурал дээр миний хүсэлт хэвээрээ байх болно. Тэдэнд тус бүрээс нь тавих асуулт маш олон байгаа.

-Өршөөлийн хуульд хамруулсан хэргийг нь сөхөж шалгаагүй. Өөр шинэ зүйл ангиар шалгаж байгаа гэж яриад байгаа шүү дээ?
-Цаашаа шалгах гэхээр шалгаж болохгүй зүйл анги байсан болохоор төстэй юм байна гээд одоо шалгаж байгаа зүйл ангийг авчраад наачихгүй юу. Хувцас биш дээ ямар. Тайраад тааруулж болдоггүй юм чинь хууль шүү дээ. Бас хууль бус үйлдэл гэж үзэж байгаа. Үүнийг л үгүйсгэх гээд саяны баримтыг харуулж байгаа юм шүү дээ. Үүнээс өөр ч баримт бидэнд байгаа. Шүүх хурал дээр харуулна.

Ингэхээр Долоодугаар сарын нэгний гэх тодотголтой энэ хэрэгт ард түмэн цагдаа нар хохирч хэлмэгдэн шүүгдэж, ард үлдсэн, овоо босгочихоод алга бол сон нөхдүүд завшаад өнгөрөх юм шиг байна. Ард түмэн гэдэг үгэнд цагдаа бас ордог юм шүү дээ. Цагдаа бол мэргэжил. Дарга юу гэж тушаана, үг дуугүй биелүүлдэг хэцүү алба. Өнөөдөр тэд даргаас өгсөн үүргээ биелүүлснийхээ төлөө хийгээгүй хэргийнхээ төлөө, эрүүл мэнд бие сэтгэлээрээ хохирч байна. Магадгүй Долоодугаар сарын нэгний хэрэгт холбогдох хүмүүсийг Өршөөлийн хуульд хамруулж суллачихаад эргээд сонгууль дөхөхөөр сэргээж байгаа нь улстөрчдийн ээлжит тоглолт нь байж ч болох юм. Магадгүй өршөөгдсөн хэргийг сөхөн шалгаж байгаа бол тухайн үед Өршөөлийн хуульд хамрагдаад суллагдсан бүх хүнийг тэр дундаа Ж.Батзандан, О.Магнай нарыг дуудах л ёстой.

Үнэхээр л энэ хэргийг хурдан шийдэж буруутанг нь олохыг хүсч байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас эхлээд “Шударга байцгаая л даа” гэж хэлэх дуртай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүртэл дуудаж хэргийг нэг тийш нь шийдмээр байна. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчээр энэ дөрвөн цагдааг шүүсээр шүүсээр эцэс сүүлд нь энэ дөрвөн цагдаа л хүн буудсан, буудах тушаал өгсөн, буу тараасан гэх хилс хэрэгт унаад дуусах вий гэх эмзэглэл байна.

Г.Тогос


URL:

Сэтгэгдэл бичих