Ардын эрх ашгаас том алт олборлосон гэж сонссон уу, та минь

Өнгөрсөн 2009 онд УИХ-аас уртаас урт нэртэй хууль баталсан. Тэр нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль. Хуулийн гол зорилго нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн га¬зарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн тодоос тод заачихаж. Хуулийн заалт, зорилго, үндэслэлийг нь уншсан ирээдүйдээ хайртай бүхэнд бол үгүйсгэх шалтаг, бас шалтгаан олдохгүй байх. Дээрх хуулийн дагуу давхцсан тоогоор нийтдээ1700 орчин лицензийг цуцлахаар болоод байгаа юм. Банкнаас өр зээл аван байгаагаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулчихсан алтны компаниудад хэцүү байгаа нь мэдээж.
Алтныхны айдас, ажлын нөхцлийг нь ойлгож байгаа ч аюулд өртсөн байгаль дэлхийгээ, ан амьтан хүн ардаа зүгээр л зөнд нь хаячихаж бас боломгүй юм. Хаа сайгүй хатсан гол, ширгэсэн горхины буйр, сайрыг нь харсан энгийн иргэд энэ хуулинд итгэж сууна. Ингэхэд сүүлийн жилүүдэд хичнээн гол ширгэж, хэдэн горхи устсан юм бол. Тоон мэдээг сонирхоё. Улсын хэмжээнд 2003 оны гадаргын усны тооллого, бүртгэлээр нийт 5565 гол, горхи, үүнээс 683 нь хатаж ширгэсэн байсан бол 2007 оны усны тоо бүртгэлээр 5128 гол, горхи, үүнээс 852 нь ширгэсэн, харин 2009 оны тооллогоор улсын хэмжээнд 5205 гол горхи тоологдсоноос 915 орчим гол, горхи ширгэсэн гэх баримт байна. “Онги гол” хөдөлгөөнийхнөөс гаргасан уг баримт судалгааг цааш нь уншаад үзэхэд Монгол орны ойн сан бүхий газарт өнгөрсөн 2010 оны байдлаар нэг сая 231,3 мянган га газар сүйрэлд орсон байна.
Ухагдаж эвдэрсэн газар нийт 43 мянган га байгаагаас геологийн эрэл хайгуулын улмаас 1700 га газар, ашигт малтмалын олборлолтоос 4500 га газар сүйтгэгдсэн аж. Түүнчлэн Баянхонгор аймагт 13, Өмнөговьд 51, Дорноговьд 16, Булган, Төв аймагт тус бүр хоёр, Сэлэнгэд тав, Дархан-Уул аймагт зургаа цэгт гээд нийт 37,3 га талбай мөнгөн усаар бохирдож, эдгээр аймгийн нутагт 200 гаруй мянга орчим тонн шлам үүсэн мэдээ бий. Энэ бүхэнтэй эвлэрч алтныхан төсөвт татвар төлдөг, мөнгө олдог хэмээн өмөөрч болох ч өнгөрсөн онд Монголбанкинд алтныхнаас ердөө тонн гаруйхан алт тушаагдсан. Хэдийгээр чамлахаар чанга атга гэгддэг ч энэ бол дэндүү бага тоо. Бүтэн жилийн хугацаанд манай алтны компаниуд тонн гаруйхан алт олборлолоо гэхэд итгэхэд бэрх. Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нь тов тодорхой бол харин хэдийг нь хав дарж, хааш нь зарж борлуулсан нь тодорхойгүй учраас алтны компаниудын хэлээд байгаа улс орны гэх эрх ашиг нь юу л бол. “Гамшиг” болоод буй урт нэртэй хуульд “үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр байгаль орчны нөхөн сэргээлт хийж, таримал ой, хиймэл нуур, усан сан байгуулсан бол энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэсэн 4.4 дэх заалт байна.
Бас нэгэн заалтад ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно гээд тусгачихаж. Дээрх хууль батлагдаж, бас Ерөнхийлөгч хориг тавьсаар атал шинээр 192 лиценз олгосон талаар УИХ-ын гишүүн З.Энхболд ярицлагадаа дурдсан байсан. Хууль батлагдсаар байтал тусгай зөвшөөрөл олгосон ч, авсан ч ардаа хүсэл шунал агуулж буйг үгүйсгэмгүй билээ. Төр алтныханд нөхөн олговор өгөхөөр амласан. Тэр нь найман их наядаар хэмжигдэх мөнгө. Их наядаар тооцогдох энэ мөнгө төрийн мөнгө биш татвар төлөгч бидний мөнгө. Алтныхны ашиг орлогыг татварын мөнгөөр хайх ёстой гэж үү? Тэр тусмаа хэдэн тэрбум бус их наядаар тоологдох хэмжээний мөнгөөр…
Монгол Улсын бараг гурван жилийн төсөв болох дээрх мөнгийг алтныхан хусмаа чамласан хүүхэд шиг голж байгаа гэх юм билээ. Алтыг аваад авдрыг нь “хэмхлээд” хаячихдаг алтныханд хандаж хэлэхэд хувь хүний эрх ашиг бусдын эрх ашгаар хязгаарлагддаг юм. Ардын эрх ашгаас том алт олборлосон гэж сонссон уу, та минь. Харин түүнийхээ оронд ширгэсэн горхи, сүйтгэгдсэн байгалийн төлөө алтныхан бидэнд мөнгө төлөх ёстой байх. Ингэхэд яагаад бид сүйтгэгдсэн байгаль, алдагдсан эрх ашгийнхаа төлбөрийг тэднээс нэхэж болохгүй гэж.
Н.НОМИН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.