Биткоины ханш 50 мянган ам.долларыг давлаа

170781048065cb0de1a85faВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 13 /Anadolu/. Даваа гарагт биткоины ханш сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд анх удаа 50 мянган ам.долларын босгыг давжээ. Тодруулбал, биткоины ханш 50 280 долларт хүрсэн нь 2021 оны 12 дугаар сараас хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо. Дижитал хөрөнгийн ханшийн мэдээллийг харуулдаг CoinMarketCap цахим хуудсанд мэдээлснээр, биткоины ханш сүүлийн долоо хоногийн хугацаанд 18 гаруй хувиар өссөн байна.

Энэ оны нэгдүгээр сарын 11-нд АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо биткоины арилжааны сангуудад /ETF/ зөвшөөрөл олгох үед дэлхийн хамгийн эрэлттэйд тооцогддог уг криптовалютын ханш 49 мянга орчим ам.долларт хүрч өссөн юм. Уг шийдвэр нь хөрөнгө оруулагчдад, ялангуяа санхүүгийн байгууллагуудад биткоиныг эзэмшихгүйгээр арилжаалах боломжийг олгожээ.

Харин зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд нэгдүгээрт эрэмблэгддэг альткоин болох эфериумын ханш 5.6 хувиар өсөж, 2640 ам.доллар болсон бол зарим альткоины үнэ 17 хувиар өссөн байна. Ингэснээр биткоины зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.долларт ойртсон бөгөөд хамгийн сүүлд ийм түвшинд 2021 оны 11 дүгээр сард хүрч байв.

Криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 3.85 хувиар өсөж, 1.87 их наяд ам.долларт хүрээд байгаа бол криптовалютын зах зээлд эзлэх биткоины хувь 52.6 хувьд хүрчээ.

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: