Intellinews: Зудын улмаас Монголын малын хорогдлын хэмжээ хагас сая давлаа
Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тухай “Intellinews” онцолжээ.
Тус агентлаг “Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймагт малын хорогдол их гарсан байна. Хоёрдугаар сарын 10-ны байдлаар тус улсын хэмжээнд 508,039 толгой мал хорогдсон тухай Засгийн газраас нь мэдээллээд байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар мал аж ахуйн салбарт тулгамдаж буй хүндрэлийг даван туулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг үүрэг болгосон. Мөн шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгсөн. Монголын эрх баригчид малчдыг эрт илрүүлэг, оношилгоонд хамруулах, амьжиргааны эх үүсвэргүй, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, мал аж ахуй, нийгмийн хамгаалал, халамжийн төсөл, хөтөлбөрт хамруулах чиглэлээр олон улсын байгууллага, гадаадын хандивлагч байгууллагуудтай хамтран ажиллахаа мэдэгдсэн.
Ус, цаг уур, орчны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Хоёрдугаар сарын эхээр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (IFRC) улсын хэмжээнд зудад 245,005 өрх нэрвэгдсэн гэж мэдэгдсэн талаар мэдээлсэн. Олон малчин үүнийг даван туулах гол механизм болох оторт гараад байгаа юм. Отор нв бэлчээр хайхаар нүүдэллэж буй малчдын нүүдэлчин арга юм. Монгол Улсад арванхоёрдугаар сарын байдлаар инфляци 8.6 хувиар өндөр, хүнсний бүтээгдэхүүн, ундаа, рашаан 14.4 хувиар, орон сууцны үйлчилгээ, ус, цахилгааны үнэ 5.5 хувиар өссөн байна. Ялангуяа малчин өрхүүдийн гол хөрөнгө нь мал байдаг тул инфляци нь тэдний худалдан авах чадварыг бууруулсан. Инфляци, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж өвс, тэжээлийн үнэ өссөөр байна” гэжээ.
URL: